Амбер Херд давж заалджээ


Сондор | YOLO.MN
2022-07-22

Өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг багагүй татсан жүжигчин Амбер Херд экс нөхөр Жонни Депптэй хийсэн шүүх хурлынхаа шийдвэрийг давж заалдах хүсэлт гаргажээ.

Зургаадугаар сард тангарагтны шүүх Деппэд ойролцоогоор 10.4 сая долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Хердийн өмгөөлөгч түүнийг энэ их хэмжээний мөнгийг төлөх боломжгүй гэж мэдэгджээ. 36 настай Херд тавдугаар сард Виржиниа мужид болсон шүүх хурлын шийдвэрийг давж заалдах өргөдлөө өчигдөр өгсөн байна.

2015-2017 онуудад гэр бүл байсан Депп, Херд нарын гэрлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд ил болгосон шүүх хурал зургаан долоо хоног үргэлжилсэн билээ.

Хердийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ "Шүүх эхний нэмэлт өөрчлөлтөд нийцсэн шударга шийдвэр гаргахад саад учруулж, алдаа гаргасан гэж бид үзэж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг давж заалдаж буй” гэжээ.

Мөн мэдэгдлийн төгсгөлд "Өнөөдрийн мэдүүлэг нь цахим орчинд “гал асаах” болно гэдгийг ойлгож байгаа ч шударга ёсыг хангахын тулд бидний хийх ёстой зүй ёсны алхам юм” хэмээжээ.

Шүүхийн шийдвэрийг уншсаны дараа хийсэн мэдэгдэлдээ Херд “Энэ удаад ялагдсандаа харамсаж байна. Би АНУ-ын иргэний ​​хувьд чөлөөтэй, илэн далангүй ярих эрхээ бүрэн эдэлж чадаагүй нь илүү харамсалтай” гэжээ.

Хердийн давж заалдах өргөдлийн дараа Деппийн хуулийн баг хариу өгчээ. "Шүүгчид зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын үеэр танилцуулсан өргөн хүрээтэй нотлох баримтуудад үндэслэн ноён Деппийг олон тохиолдолд гүтгүүлсэн гэсэн тодорхой бөгөөд санал нэгтэй шийдвэр гаргасан. Бид энэ хэрэгтээ итгэлтэй байгаа бөгөөд шийдвэр ч хүчин төгөлдөр юм" гэж Деппийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ бичжээ.

Депп 2018 онд Вашингтон Пост сонинд бичсэн нийтлэлийнхээ төлөө Хердээс 50 сая доллар нэхэмжилсэн бөгөөд тэрээр өөрийгөө "Гэр бүлийн хүчирхийллийг төлөөлж буй олон нийтийн зүтгэлтэн" гэж тодорхойлсон нь шүүхдэлцэх эхлэл болсон юм. Депп хүчирхийлэл үйлдсэн гэх бүх мэдэгдлийг няцаасан билээ.

NBC News-ийн мэдээлснээр Депп ажлын байр, ирээдүйн карьерын боломжоо алдсаны нөхөн төлбөртөө 10 сая доллар, шийтгэлийн нөхөн төлбөрт таван сая долларын нөхөн төлбөр тус тус нэхэмжилсэн ч шүүгч шийтгэлийн хохирлыг 350,000 доллар болгон бууруулж, мужийн хуулиар тогтоосон дээд хязгаарт нийцүүлэн 10,4 сая доллар болгон бууруулжээ.

Шүүгчид мөн Хердийн гүтгэлгийн шинжтэй мэдэгдлүүдийн нэгийг үнэн гэж үзээд түүнд хоёр сая долларын нөхөн төлбөр олгосон байна.

Эх сурвалж: Today

#Оддын тухай