У. Содхүү: Одоогийн сурч байгаа зүйлс чинь чамд хэзээ нэгэн цагт хэрэг болно


Б.Мишээл | YOLO.MN
2020-08-15

Yolo.mn энэ удаагийн ярилцлагын буландаа бид бүгдийн сайн мэдэх чадварлаг комедиан Содхүүг урьж оролцууллаа. Түүнтэй ярилцаж байхад тэрээр их гэр амьтай хүн шиг санагдсан. Тиймдээ ч бидний ярилцлага түүний гэрт өрнөсөн билээ. Ингээд бидний ярилцлагыг хүлээн авна уу.

 

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сайт өсвөр үеийнхэн болон залууст зориулан мэдээ мэдээлэл хүргэдэг учир ярилцлагын зочныхоо өсвөр насаар ярилцлагаа эхлүүлдэг. Өсвөр насандаа ямар хичээлд дуртай, ямар зан ааштай хүүхэд байв?

Сайн байцгаана уу? Намайг урьж оролцуулсан та бүгдэд баярлалаа. Би “Гурван Тамир” бүрэн дунд сургуулийг төгссөн. Математик, физикийн хичээлдээ сонирхол муутай хүүхэд байсан. Аав маань түүхийн зураг зурдаг зураач байсан болохоор түүхийн хичээлдээ их сонирхолтой. Аав минь нэг зураг зурах гэж түүх судалж олон баримт уншдаг. Хүүхэд л болсон хойно аавыгаа зураг зурж байхад нь "Энэ яагаад ингэж байгаа юм, энэ хэн юм" гээд л сониучирхаж олон асуулт асууна. Аав асуултад минь хариулж түүх их ярьж өгдөг байлаа. Тиймдээ ч түүхийн хичээлдээ илүү сонирхолтой. Өсвөр насандаа дэлхийн 2-р дайны үеийн үйл явдал, баримт, түүх зэрэгт донтчихсон, сургууль дээрээ хүртэл Орос цэргийн гутал өмсөж явдаг түүхээр амьсгалсан хүү байсан. Тэр үед манай гэр бүлийнхэн РС тоглоомын газар ажиллуулдаг байсан болохоор видео тоглоом их тоглодог. Ер нь одоо ч ажлынхаа хажуугаар тоглодог. Заримдаа манай охин намайг тоглож байхад "Ааваа, та зөндөө Dota тоглочихлоо. Одоо нэг контор /Counter Strike/ тоглочих" гэчихсэн явж байдаг. /инээв/

YOLOӨсвөр насандаа өдрийг ихэвчлэн юу хийж өнгөрүүлдэг байв? Өдөр тутамдаа хийдэг байсан зүйлсээсээ хуваалцвал?  

Өглөө босоод хичээлдээ явна. Хамт олонтойгоо хамт байх дуртай хүн болохоор хичээлээ тараад найзуудтайгаа цагийг өнгөрүүлдэг байсан. Гэхдээ одоо бодохоор жоохон харамсдаг. Яг тэр үед хичээлээ л хийчихвэл өөр хийх шаардлагатай чухал зүйл нэг их байгаагүй. Өсвөр насандаа зөндөө олон зүйл хийж болох байсан хэдий ч хийгээгүйдээ харамсдаг. Үүнийг уншиж байгаа дүү нартаа хэрэгцээгүй зүйлд битгий цаг заваа зарцуулаасай гэж захимаар байна. Гэхдээ би 6-р ангиасаа хойш бөмбөр тоглосон. Харангын Пүрэвдаш гэдэг хүний цөөн хэдэн шавийнх нь нэг. Хөгжимд их хайртай. Тэр үед Youtube-с хөгжмийн бичлэг их үзэж олон олон хөгжим тоглож сурсан. Youtube бол миний их багш. Интернетэд хил хязгааргүй мэдээллийн сан байдгийг мэдсэнээс хойш бүх зүйлсээ Youtube-ээр хайж бичлэг үзээд л сурчихдаг болсон. Бөмбөрийг л багшаар заалгасан болохоос бусад бүх хөгжмөө Youtube-ээс сурсан. Интернетийг зөв ашиглаж чадвал маш их зүйл сурч болно.


YOLOӨсвөр насанд амьдралын нэгээхэн чухал сонголт сонгодог нь мэргэжил. Та мэргэжлээ яаж сонгосон бэ?

Би МУИС-ын Олон улсын харилцааны мэргэжилтнээр суралцаж төгссөн. Бакалавр, магистрын зэрэгтэй. Түүхийн хичээлд их дуртай байсан нь мэргэжлээ сонгоход их нөлөөлсөн. Бас МУИС-ын Олон улсын харилцааны сургууль математикийн хичээлээр шалгалт авдаггүй ганц сургууль байсан. /инээв/.

YOLO: Энэ зун Монгол улсад зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах 3х3 U18 сагсан бөмбөгийн тэмцээний MC /тайлбарлагч/ хийсэн. Ер нь гадаадад ч бас олон удаа MC хийж байсан туршлагатай шүү дээ. Үүгээрээ англи хэлэндээ сайн гэдгээ харуулсан. Англи хэлийг яаж төрөлх хэл шигээ сурав? 

Би их сонин. Анх “Гурван Тамир” сургуульд орохдоо Япон хэлний ангид орж байсан. 2-р ангидаа бүр япон хэлний улсын олимпиадаас мөнгөн медаль авч байсан. Тэгсэн хэрнээ одоо япон хэлээ бүүр мартчихсан /инээв/. Манай аав зураачаас гадна рок хүн. 70, 80-аад оны рок хөгжим их сонсдог. Аавтайгаа хамт багаасаа рок хөгжим сонссон нь миний хэлний чадварт их нөлөөлсөн байх. Хүний тархи байнга мэдээлэл хүлээж авдаг. Тэр мэдээллээ ашиглах цаг нь болоод, байнга ашиглаад ирэхээр хэзээ ч мартагдахгүй мэдээллийн сан болж хувирдаг. Багаасаа гадаад дуу сонсоод, дуугаа дагаж дуулсаар байгаад дуудлага сайжирсан. Тэгээд л өөрийн сонирхлоороо япон хэлний ангиасаа гараад англи хэлний ангид орчихсон. Угаасаа их сургууль маань гадаад хэлийг маш сайн заадаг. Математикийн орчуулга, Бизнесийн англи хэл, Ерөнхий англи хэл гэх мэтээр 6, 7 төрлийн англи хэл үздэг байлаа. Хүмүүс надаас "Чи гадаадад сурсан уу? Ямар сургуульд сурсан бэ?" гээд асуух бүрт нь би маш бахархалтайгаар "Монгол улсын их сургуулийн бүтээгдэхүүн байна" гэж хэлдэг.


YOLOӨсвөр насандаа ямар зан ааштай хүүхэд байв?

Би ихрийн ордных болоод ч тэр үү, өсвөр насандаа өөрийгөө ерөөсөө ойлгодоггүй байсан юм шиг санагддаг. Нэг бол их нийтэч. Нэг бол гэртээ ганцаараа хаалгаа түгжээд хөшгөө хаагаад суучихмаар. Нэг тийм ойлгомжгүй. Ер нь хүнтэй муудалцсан дурсамж их байдаг. Ядаж байтал хороололд 40, 28, 47, Эрдмийн ундраа гээд их олон сургууль нэг дор байдаг. Манай үеийнхэн их зодоонч байсан юм шиг ээ.. Бараг өдөр болгон шахуу зодолддог байсан /инээв/. Харгис хэрцгий юм шиг хирнээ яг цагаа тулахаар айгаад гар салганаад, зүрх чичирдэг. Бүгдийг нь зодно гэдэг хэрнээ зодуулж байхыг нь хараад өрөвддөг гэдэг ч юм уу. Эрэгтэй хүүхэд болохоор ийм дурсамж нь харьцангуй их. Би сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Гэхдээ одоо сэтгэл хөдлөл гэдэг зүйлд нэг их итгэдэггүй. Сэтгэл хөдлөл надад хуурамч санагдаад байгаа. Хүн их сонин зантай. Жишээ нь уурлаж байсан зүйлээ дараа нь бодохоор огт уурлах шаардлагагүй байсныг ойлгодог. Бас их баярлаад байсан зүйл нь баярлах шаардлагагүй зүйл байсныг ч ойлгох үе бий. Одоогийн ярьж байгаа Содоо 10 жилийн дараах Содоо 2 хоорондоо их ялгаатай байх байх.

 


 

YOLOТэгвэл 10 жилийн өмнөх өөрийгөө, яг одоогийн өөрийгөө, 10 жилийн дараах өөрийгөө харьцуулан хуваалцвал?
10 жилийн дараах өөрийнхөө зан чанар гэхээсээ илүү хийх үйлдлүүдээ бодъё. Хүн ер нь суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй. Амжилтад хүрэх хүртлээ хувь хүний хөгжил гэдэг зүйлийг ерөөсөө зогсоож болохгүй. Одоогийн сурч байгаа зүйлс чинь чамд хэзээ нэгэн цагт хэрэг болно. Би өсвөр насандаа хэзээ ашиглагдах нь мэдэгдэхгүй баахан чадвартай болчихсон байсан. Жишээ нь МҮОНРТ-д “Доктор маск” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан. Бөмбөр, төгөлдөр хуур, бит бокс гээд л хэзээ ашиглагдах нь мэдэгдэхгүй зөндөө олон чадвартай болчихсон. Энэ нь хэзээ ашиглагдсан бэ гэсэн чинь комедигийн тайзан дээр бүгд ашиглагдаж байна. Кинонд тоглоход бас бүгд л ашиглагддаг. Багаасаа нэвтрүүлэг хөтөлсөн болохоор камер хараад сандардаггүй. Найруулагчийн хэлдэг үгсийг багаасаа сонсоод сурчихсан. Гэхдээ би одоо ингээд зогсохгүй. Одоо зогсчихвол одоогийн Содоо 10 жилийн дараа яг энэ хэвээрээ л байна. 10 жилийн дараа өөрийнхөө тоглож чаддаг хөгжмүүдийг бүр төгс болгоод, магадгүй дахиж нэг өөр хэл сураад, одоогийн чадваруудаа илүү сайжруулна. Хэдэн жилийн дараа энэ ярилцлагаа уншаад "Өө, би ингэж ярьж байсан юм байна" гэж бас бодно доо.


YOLOБаярлалаа. Одоо комедигоор яриагаа үргэлжлүүлье. Хэзээнээс комеди хийж эхэлсэн бэ? Яагаад комедиан болов ?

2017 оны тавдугаар сараас комеди эхэлсэн. Одоогоос 2,5 жилийн өмнө гэсэн үг. Батаатай анх Лойчихсон хамтлагийн “Get money” дууны клип дээр танилцаж байсан. Rapper Fla буюу Жавхаа бид 2 их сургуулийн найзууд. Тэр үед Жавхаа надруу залгаад "Клипний зураг авалттай шүү. Хүрээд ирээч" гээд дуудаж байсан. Тухайн үед Батаа бас тэнд байж таараад танилцаж байсан. Тэгсэн Жавхаа намайг Батаад "Энэ нэлээн алиа гар ш дээ. Чи нэг уулзаад үзээч" гэсэн чинь Батаа "Даваа гариг болгон “Open mic” болж байгаа. Нэг хүрээд ирээч" гэж урьж байсан. Тэгээд л дараа долоо хоногийнх нь даваа гаригт явж очоод нэгдүгээр байранд ороод шагнал авч байсан. Батаа ч бас надад нэлээн урам өгч байсан. Одоо би хүмүүст "Анх удаа тайзан дээр гараад "алдаг" хүн байдаггүй юм аа. Ганц "алсан" хүн нь би байдаг юм аа" гээд наргиа маягаар хэлдэг юм. /инээв/ Тэр үед Батаатай эрт танилцахгүй яав даа гэхэд "Одоо танилцаж байна шүү дээ, хөгшөөн" гэж хэлж байсан нь одоо ч сонсогдож байна. 2 жилийн хугацаанд өөрийнхөө хэмжээнд амжилттай явлаа. Хамгийн анхны ярьж байсан хошигнолоо эхнээс нь дуустал санадаг. Найрамдал зусланд болсон нэг хөгжилтэй дурсамжийнхаа тухай яьж байсан юм. Миний “Битгий сонс” подкастад оролцсон дугаарт энэ түүх минь яригдсан байгаа. Сонсохыг хүсвэл Битгий сонс подкастын 16-р дугаарыг сонсоорой.

YOLO: Хошигнолуудынхаа зохиолыг яаж бичдэг вэ? Сэдвээ хаанаас олж байна?

"Манай үеийнхэн шал өөр байх ёстой шүү. Дүү нар бүр ч өөр, ахисан түвшинд байх ёстой. Манай дээд үеийнхэн бол махардаг. Бүгдийг нь хэлж байгаа юм биш. Гэхдээ л махардаг. Харин бид бол махардаггүй, кодыг нь тайлдаг юм" гэж би хүмүүст хэлдэг л дээ. “Know how” их чухал. Би анх очихдоо л хүмүүс ер нь яагаад инээгээд байна гэдгийг судалж эхэлсэн. Батаа намайг "Open mic" дээр очихоос өмнө "UB Comedy" дээр ирээд яаж комедиануудын ярьж байгааг урдаас нь хараад үз гэж хэлсэн. Тэгээд үзээд байж байхдаа Батаа, Хану, Идэрээ гээд комедиануудынхаа яриаг сонсож байгаад "Хүмүүс яг юунд нь инээгээд байна? Joke нь хойноо байхаар хүн инээж байна уу, урд нь байхаар инээж байна уу?" гээд их ажигласан. Ингэж ингэж яваад энэний араас ингэх ёстой юм байна гээд бүгдийг алхам алхмаар судалж мэдсэн. Тэгээд энэ бүх мэдээллүүд нийлээд учир байдлаа олоод ойлгомжтой болсны дараа ярих сэдэв хэрэгтэй байсан. Сэдэв бол нэг л өдөр тэнгэрээс буугаад ирнэ. Тэр санаа нь тархинд ургаад л "Аан энийг ингэж болох юм байна, тэгж болох юм байна" гээд л бичнэ. Тохиолдож байсан явдлуудаа сөхөж харна, 10-15 хувийн давс нэмнэ. Тэгээд л сэдэв бүтнэ. Нэг хошигнолыг нэг од гэж үзвэл нөгөө од нь дахин өөр од олно. Дахиад нэг одыг үүсгэнэ. Явсаар байгаад 7 од болно. 7 punch line гэсэн юм. 7 одноос бүрдсэн нэг нарны аймаг бий болно. Тэр нь 5 минутын “Миний охин” нэртэй сэдэв болчихно. Тэгвэл дахиад өөр 7 одтой манай эхнэрийн тухай сэдэв байдаа гэхэд тэр нь “Гэр бүл” гэсэн сэдэвтэй 15 минутын тайзан дээр гарах хэмжээний үзүүлбэр болно. Иймэрхүү байдлаар сэдвээ цуглуулна даа.

 

YOLOКомедигийн тайзан дээр гараад үзэгчдийг инээлгэж чадаагүй бүтэлгүйтсэн үе олон байгаа байх. Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулж байв.

Мэдээж бүтэлгүйтэл бол зөндөө байсан. Манай клубын гишүүн Золоо "Хамгийн том бүтэлгүйтэл бол бууж өгөх" гэж хэлсэн байдаг. Бууж өгмөөр санагдсан үе зөндөө бий. Эхнэртээ хоёр гурван ч удаа “Заа болъё өө. Миний комеди хийнэ ч гэж юу байх вэ. Хүмүүс инээхгүй юм байна. Тайзан дээрээс хөөгдөөд буулаа. Комментуудаа уншаад новш царайллаа. Ер нь больдог юм уу” гэж олон удаа хэлж байсан. Тэгсэн эхнэр “Чи чинь юу яриад байгаа юм бэ? Явчихаад ир. Энэ хүртэл ирчихээд” гээд л зоригжуулдаг. Тэр үед нь их урам аваад л тайзан дээр гардаг. Тэгээд гэртээ ирээд “Хайраа чиний зөв байсан байна. Би өнөөдөр бүр самарлаа. Хүмүүс элгээ тэврээд ард үлдлээ” гээд л их догдлоод хэлдэг дээ. Комеди ер нь их сонин. Зарим өдөр хүмүүс инээнэ. Зарим өдөр нь инээхгүй. Клубээс өөр газар комеди хийх бүр ч хэцүү байдаг. Гэхдээ би өөрийнхөө сайн байсан мөчүүдээс илүү бүтэлгүйтлүүддээ хайртай. Бүх хүмүүст алдах үе байдаг. Бүтэлгүйтсэн өдрийнхөө орой нь "Яагаад хүмүүс инээгээгүй юм бол? Яг юу нь инээдгүй байв?" гэж бодоод нойр хүрэхгүй. Энэ хэсэг нь инээдгүй байсан юм байна. Энэний оронд ингээд оруулчихъя гээд их бэлдэнэ. Тэгээд хоёр гурван хоног сэтгэлийн хямралтайгаар нөгөө материалаа дахин бэлдэж бэлдэж очоод яг тэр сэдвээ тайзан дээр гараад ярихад нөгөө сэдэв нь маш чанартай болчихсон байдаг. Гэхдээ хошигнол нь анхнаасаа хүмүүсийг инээлгээд байвал тэрийгээ нээх тоохгүй "Болж байна" гээд л өнгөрөөчихдөг. Харин бүтэлгүйтсэнийхээ дараа зохиол дээрээ анхаарлаа илүү хандуулаад сайжруулахад нөгөө сэдэв нь маш чанартай болчихсон байдаг. Тийм болохоор би бүтэлгүйтэлдээ илүү их хайртай.

YOLOСүүлийн үед комеди эрчийг авч байна шүү дээ. Тэгвэл одоо комеди хийж өөрийгөө сорих гэж байгаа залууст зөвлөгөө хүргэвэл?

Одоо шинээр гарч ирж байгаа бүх комедиануудыг "Open mic"-ийн бүх тайзан дээр гарч үзээсэй гэж бодож байна. Монголд 2 том клуб, цаашлаад 3, 4 клубууд нээгдчихлээ. Энд тэнд зөндөө олон "Open mic" эвент зохиогддог болчихсон байна. Энэ бүгдийг дамжин явахад нэг сэдвээ 6 өөр газар ярьсны дараа зохиолоо дахин сийрүүлж бичвэл илүү чадварлаг болно. Тэгээд 7 дахь удаагаа хамгийн анх гарсан тайзан дээрээ ярихад шал өөр байх болно. Энэ мэтчилэн "Open mic"-ийн тайзан дээр гарсан хүмүүс байвал битгий зогс. Чамд инээдтэй санагдаж байгаа бүх зүйлсээ тайзан дээр гараад ярь. Өөрөө ч сайжирна, материал чинь ч сайжирна. Тэр дундаас өөрийн аргаа олчихно.


YOLOМаш их баярлалаа. Цаашдын ажлын төлөвлөгөө?

Саяхан кино урлагт хөл тавилаа. МУГЖ Д. Хүрэлхүү ахтайгаа нэг кинонд хамт тоглосон. Мөн Mesmerism-ийн Цогтоо, Мөнхүүш хоёртойгоо хамтраад нэгэн уран бүтээл дээр ажиллалаа. Тэр нь оны эхээр үнэгүй цацагдана. Цаашдаа үүгээрээ өөрийгөө хөгжүүлэх бодолтой байна. Мөн төгөлдөр хуурыг илүү төгс сурмаар байна. Гэхдээ манай бага охин жоохон байгаа учраас эхлээд гэр бүлдээ анхаарлаа хандуулж байна. Эхнэр бид хоёр "Хоёулаа мөнхийн ийм завгүй байхгүй шүү дээ. Үүнд стрессдэх хэрэггүй. Хүүхдүүд маань хүссэн хүсээгүй том болно. Сургууль цэцэрлэгт явна. Тэр үед бид 2 завтай болоод өөрсдөдөө гаргах хангалттай цагтай болно. Тэр хүртлээ хүүхдүүддээ анхааръя" гэсэн зарчим барьж байгаа. Гэхдээ сурах зүйлс маш их байна.

YOLOГэр бүлийн үнэ цэнэ таны хувьд?

Бүх зүйл. Хөгжмөөс илүү үнэтэй. Тэгэхээр ямар чухал гэдэг нь ойлгомжтой байгаа биз? Би өөрийнхөө хамгийн дээд хязгаар болох хөгжмийг давуулж хэлж байна гэдэг чинь гэр бүл маань надад маш их үнэ цэнэтэй гэсэн үг. Юутай ч зүйрлэхгүй.

YOLOБаярлалаа. Ярилцлагын төгсгөлд өсвөр насныхан, залууст хандан хэлэх үг?

Хайр гэдэг зүйл бүгдийг дийлдэг. Нэгнийгээ хайрлаж суръя. Чиний юм биш л бол хүрэхээ болъё. Сайхан ааштай байя. Муухай аашилж байгаа хүний урдаас ч сайхан ааш гаргахад тэр хүн чинь дороо зөөлөрчихнө. Мөн Инстаграм, Тик Ток гээд зөндөө олон платформууд хэрэглэж байна. Тэдгээрийг хэрэглэхдээ дагагчийн тоо, like-ний тоог битгий чухалчлаарай. Тик ток ялангуяа хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх талбар болохоос like цуглуулдаг талбар биш. Өөрийнхөө дуртай зүйлийг заавал олж өөрийгөө ойлгоорой. Хүн дуртай зүйлээ хийж байгаа цагт л аз жаргалтай амьдардаг юм шүү.


#Comedian