Yolo.mn сайтын зүгээс долоо хоног бүр Монголынхоо уран бүтээлчдээс нэгийг онцлон цуврал мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Эхний нийтлэлээр “146 Records”-ийн авьяаслаг бяцхан артистуудыг танилцуулсан бол энэ долоо хоногт “Gangbay” хамтлагийг онцолж байна. Тэд өнгөрөгч хагассайн өдөр /2025.05.24/-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд “Касета” бие даасан тоглолтоо хийж, цэнгэлдэхийг доргиосон билээ.
АНХНЫ ДУУ “TWO TOВАРИШ TOUR”
“Gangbay” нь хамтлагийн гишүүд Гангаа, Баянаа хоёрын нэрийн эхний үеэр бүтсэн нэр гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Тэд 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд анхны “Two Tовариш Тour” дуугаа цацаж олонд танигдаж байжээ. Анхны цомог нь “Хalxstar” гэсэн нэртэй 10 дуутай гарч байсан бол удаах нь “Gilbee” нэртэйгээр гарч худалдаалагдаж байв. Энэ цомогт хамтлагийн хит дуунууд болох “Могжоохон хүү”, “Ганган цагаан”, “Seen” зэрэг дуунууд багтаж байжээ. Үүнээс хойш “Baby Shark”, “Тайл”, “Харанга”, “Virtual Love”, “Close Up”, “Моя”, “Саша” зэрэг маш олон хит дуунуудыг гаргасан, орчин цагийн урлаг, соёлын салбарт манлайлж яваа уран бүтээлчид болжээ.
Д.ГАНБАТ /GANGAA/
Д.Ганбат бол хамтлагийнхаа ахлагч. Тэрээр 1999 оны зургаадугаар сарын 19-нд төрсөн. Одоо 26 настай. Дунд сургуулиа Эрдмийн ундраа 77-р сургуулийг төгсөж байсан бол их сургуулиа СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгсжээ. Сургуулиа төгссөнөөс хойш “Амьдралын хүрд”, “Кассета”, “Бид нэг гэр бүл”, “Урагдсан хуудас”, “Өндгөн сүй” зэрэг олон уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн аж. Тэрээр цэцэрлэгийн насны нэг охинтой.
Гангаагийн хөгжимтэй холбогдсон түүх нь тун сонирхолтой. Тэрээр “Ээжийн маань дүү нагац ах залуудаа бас хип хоп гээд л явдаг байсан юм. Ичээд хүнд сонсгодоггүй байсан хуурцгийг нь би олж сонсоод тэгээд л шууд хөгжим гэдэг зүйлтэй холбогдсон доо. Тэр үед таван настай цэцэрлэгт л явдаг байсан байх” хэмээн ярьсан юм. Хүүхэд насны сонирхол нь өдгөө залуу үеийн нөлөө бүхий дуучин болгожээ.
Гангаагийн найз охин нь “Wasabies” хамтлагийн гишүүн асан Аминхүслэн буюу Мина. Тэд анх “Өндгөн сүй” киноны гол дүрд тоглож байхдаа нэгэндээ татагдаж хосууд болсон гэдэг.
С.БАЯНМӨНХ /BAYNAA/
С.Баянмөнх нь 1998 оны аравдугаар сарын 14-нд төрсөн. Одоо 27 настай. “Зүүн билэг” хоёрдугаар сургуульд сурч дунд сургуулиа төгссөн айлын том хүү юм. Их сургуулиа СУИС-ийн жүжигчин, найруулагч мэргэжлээр сурч төгсжээ. Сургуулиа төгссөний дараа “Хүний ээж”, “Хакер”, “Галт Шувуу” уран сайхны кино болон “Хязгааргүй” хип хопера мюзикл жүжиг, “Шадар III цэрэг” физикл драмын гол дүрд тоглосон байна.
Баянаа 2022 онд “Яг Түүн Шиг” шоу нэвтрүүлэгт оролцож байсан билээ. Нэвтрүүлгийн зургаадугаар дугаарт Канадын дуучин Weeknd-ийг бүтээж ялагч болж байсан юм. Бага байхад нь танил ах нь мөнхийн реп ирээдүй гэх хамтлагийг байгуулж байсан нь түүнийг өдгөө дуу хөгжимд дурлахад хамгийн том нөлөөлсөн гэнэ. Ирээдүйд боломж олдвол дэлхийн алдарт дуучин Post Malone-тай хамтарч уран бүтээл хийхийг хүсдэг аж.
ГАНГАРЧ БОЛДОГГҮЙ ГАНГАН ЦАГААН...
“Гангарч болдоггүй ганган цагаан гантиг сувдан бэлзэг минь
Амсаж болдоггүй амины ганцхан амт нь дэндсэн амраг минь
Санаанаас гардаггүй сайхан шүлэг шиг мартахын аргагүй кино шиг
Яасан янзын амьтан бэ, яагаад заавал чи юм бэ”
Шууд л аманд аялагдаж байгаа биз. “Gangbay” хамтлаг үүнээс өмнө хэд хэдэн уран бүтээл гаргаж байсан ч “Ганган Цагаан” бол тэднийг олонд таниулсан хамгийн алдартай анхны дуу юм. Эл бүтээлээ тэд хоёр, гурван өдрийн дотор хийгээд 2020 оны зургаадугаар сарын 20-ны өдөр цацаж олны хүртээл болгож байжээ. Өдгөө youtube хуудаснаа 31 сая хандалтыг аваад байна.
2020 ОНД “GANGBAY” АЛБАН ЁСООР ТАРАВ
Байгуулагдсан цагаасаа хойш жилийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сард тэд албан ёсоор хамтлагаа тарааж буйгаа мэдэгдсэн билээ. Үүнийг хамтлагийн ахлагч Гангаа ийнхүү тайлбарласан байна.
Тэрээр, “Манай хамтлаг албан ёсоор тарж байгаа нь үнэн. Бид хоёр одоо тус тусдаа уран бүтээлээ туурвиад явж байгаа. Хүмүүс санхүү мөнгөнөөс болов уу, хоорондоо маргалдсан уу зэргээр маш олон удаа асуусан. Гэхдээ ямар ч тийм зүйл байхгүй. Хамтлаг миний зорилго, санал хүсэлтээс болж тарсан. Энэ хамтлаг байхгүй болсон ч Баянаа бид хоёрын нөхөрлөл хэзээ ч алга болохгүй. Тус тусдаа л уран бүтээлээ хийж байгаа болохоос биш айл гэрийн амьдрал шиг үр хүүхдээ дундаа үлдээгээд салж байгаа зүйл огтхон ч биш” хэмээн ярьж байжээ. Гэсэн хэдий ч хэсэг хугацааны дараа тэд эргэн нэгдэж олон хит бүтээлүүдээ цацсан юм.
МОНГОЛЫН АНХНЫ РЕП МЮЗИКЛ УРАН САЙХНЫ КИНО “КАССЕТА”
“Gangbay” хамтлаг зөвхөн дуу хийсэнгүй. Тэд 2021 онд Монголын анхны реп мюзикл уран сайхны кино болох “Кассета”-г хийж үзэгчдэд хүргэж байсан юм. Гол дүрд хамтлагийн гишүүн Д.Ганбат болон залуу жүжигчин М.Ганди нар тоглосон.
Реп мюзикл кино гэдэг нь энгийн яриагаар бус, реп дуу, хэмнэл, уран яруу үгээр үйл явдлаа илэрхийлдэг бөгөөд хөгжим, бүжиг, драм гурвыг нэгтгэсэн урлагийн өвөрмөц хэв маяг юм. Монголд өмнө нь ийм төрлийн кино огт хийгдэж байгаагүй аж. Киноны үйл явдалд багадаа аавыгаа алдсан реппер залуу ээжийнхээ эмчилгээний төлөө реп баттле тэмцээнд орж, шоу хэсэн дуулж буй тухай өгүүлдэг. Гэтэл энэ үед хайртай эмэгтэй нь өрсөлдөгчтэй нь дотно харилцаатай болсноор тэдний дунд хурц тэмцэл эхэлнэ.
СТА, ГЭРЛЭХ САНАЛ, БЯЦХАН АРТИСТТАЙ “КАСЕТА” ТОГЛОЛТ
Өнгөрсөн хагассайн өдөр буюу тавдугаар сарын 24-ны өдөр Gangbay хамтлаг “Касета” бие даасан тоглолтоо Төв Цэнгэлдэх Хүрээлэнд хийсэн билээ. Найм гаруй цаг үргэлжилсэн тус тоглолтод гэнэтийн үйл явдлууд их тохиожээ.
Байгуулагдаад таван жил болж буй Gangbay хамтлаг тоглолтын үеэрээ Соёлын Тэргүүний Ажилтан /СТА/ цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Энэ үеэр хамтлагийн гишүүн Баянаа, “СТА авахаар яадаг гэдгийг мэдэх үү, Автобусанд л үнэгүй явдаг юм. Өөр хэрэгтэй юм байхгүй дээ” хэмээн хошигносон байна.
Тэдний тоглолтод гадаад, дотоодын олон артистууд ирж өөрсдийн уран бүтээлээ толилуулсан. Гангаа найз охин Минатай хамтран хэд хэдэн дуу дуулсан бөгөөд энэ үеэр найз охиндоо гэрлэх санал тавьж үзэгч, сонсогч, фенүүдээ гайхшируулав.
Тоглолт энэ хүрээд өндөрлөсөнгүй ээ. Эцэст нь хүн бүхний хайрыг хүргэсэн, нууц бяцхан артист гарч иржээ. Энэ бол Гангаагийн охин. Тэрээр аавтайгаа хамтдаа “Тэргэл сар” дууг дуулаад тайзнаас буусан билээ. Ийм нэг сонирхолтой адал явдлуудаар дүүрэн “Касета” тоглолт өндөрлөсөн юм.
Ингээд Gangbay хамтлагийн таван дууг онцлон хүргэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!