Сүүлийн бүлэг “Squid Game 3” удахгүй цацагдана


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-05-26

Netflix-ийн алдартай цувралуудын нэг “Squid game”-ын тоглоомууд нь үргэлж хатуу, тодорхой дүрэмтэй байдаг. Цагийн зүү тик так хийх мэдрэмж үзэгчдийн зүрхийг догдлуулж, адреналиныг өсгөдөг гэдэгтэй санал зөрөхгүй биз ээ.  Тус киноны сүүлийн бүлэг болохSquid Game 3” нь 6-р сарын 27-нд цацагдах товоо гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор 3-р бүлэгт юу гарах талаар мэдээлэл хүргэж байна.

3-р бүлэг нь 2-р бүлгийн төгсгөлд өрнөсөн сэтгэл түгшээсэн үйл явдлын дараачаас үргэлжилнэ. Цувралын найруулагч, зохиолч, гүйцэтгэх продюсер Хван Дон Хёк “Squid Game 3”-ын тухай фэнүүддээ хандан сэтгэл хөдлөм захидал бичжээ. Үүнд:

“Би энэ захидлыг бичиж байгаадаа маш их сэтгэл догдолж байна. Хоёрдугаар бүлгийн сүүлийн өдөр болон гуравдугаар бүлэг буюу сүүлийн бүлгийн мэдээг хуваалцаж байгаадаа баяртай байна. Ги-хүн болон Front Man-ы хоёр өөр ертөнцийн хүчтэй мөргөлдөөн нь гуравдугаар бүлгээр үргэлжилж, цувралын төгсгөлийг авчирна.” гэж тэр бичжээ.

Өмнөх бүлэгт юу болсон бэ?

Хоёрдугаар бүлгийн төгсгөлд Ги-хүн бусад тоглогчдоо тоглоомыг зохион байгуулагчдын эсрэг бослогод уриалан дууддаг. Түүний төлөвлөгөө эхэндээ амжилттай мэт санагдан босогчид бараг л удирдлагын өрөөнд хүрч очих дөхдөг. Гэвч Front Man, буюу Player 001 нууцаар байр сууриа хадгалж байгаад Ги-хүнээс урваж бослогыг няц дарна. Үүний дараа тэрээр Ги-хүний хамгийн дотны найз Жүн-бэ (Ли Со-хван)-г хөнөөдөг.

Гэхдээ жүжигчин Ли Жон Жэ (Ги-хүний дүрд тоглодог) түүний дүр энэ урвалтыг мэдээгүй гэж үздэг. “Тэр яг юу болсон гэдгийг хараахан ойлгоогүй. Тэр бүх зүйлд өөрийгөө л буруутгаж байна гэж би бодож байна” хэмээн тэрээр Tudum сайтад ярьжээ.

"Squid Game 3” юуны тухай гарах вэ?

2-р бүлгийн төгсгөлд Ги-хүн маш хүнд үеэ туулж байгаагаар төгссөн. Иймд тэрээр цөхрөлийн өмнө чухал шийдвэрүүд гаргахаас өөр аргагүй болно. Харин үлдсэн тоглогчид улам аюултай, шийдвэр тэвчээрийг шалгасан тоглоом руу дахин татагдана. Тоглолтын бүхий л үе шат бүрд тэдний сонголт бүр илүү ноцтой үр дагаварт хүргэнэ.

Мөн Ин-хо өөрийнхөө Front Man-ий үүрэгтээ эргэн орж, нууцлаг VIP зочдыг угтан авна. Харин түүний дүү Жүн-хо алга болсон арал руу эрэл хайгуул хийхээ үргэлжлүүлнэ. Гэхдээ тэдний дунд урвагч байгаа гэдгийг тэр огт мэдэхгүй. Ги-хүн зөв шийдвэр гаргаж чадах уу, эсвэл Front Man түүний сэтгэлийг бүрэн бут цохих уу? гэх асуултын хариулт тус бүлэгт гарах байна.

"Squid Game 3”-ийн трэйлер

Трейлэрээс харахал Ги-хүн бослого нь бүтэлгүйтсэний дараа дахин дотуур байрандаа сэрж буйгаар эхэлж байна. Тоглогчид дахин тэмцээнд орж, эрсдэл урьд өмнөхөөсөө ч өндөр болно. Хүмүүс тал талдаа хуваагдаж, VIP-ууд буцаж ирж, ширүүн өрсөлдөөн эхэлнэ. Тизерийн төгсгөлд нэгэн цочирдом дуу авиа цуурайтсан нь ихээхэн сонирхол татаж байна.

Эх сурвалж: Tudum

#Squid Game 3