Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би гэр бүлээ элэг бүтэн авч үлдэхийн тулд бүхнээ хийх болно
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт би нэгэн аймшигтай зүйлийг өөрийн чихээр сонссон юм. Энэ юу вэ гэвэл аав минь өөр хүнтэй болсон байсан. Тэрэнтэйгээ нялуун гэгч нь ярьж байгаа нь надад үнэхээр муухай санагдсан. Сонссон шөнөө бие салганаж чичирж, хэчнээн уйлавч дотор минь давчдаж байсан. Тэр үед ээж минь гэртээ байсангүй. Томчуудын асуудалд оролцох эрхгүй байх. Гэхдээ би гэр бүлээ элэг бүтэн авч үлдэхийн тулд бүхнээ хийх болно гэж бодсон. Магадгүй би тэр хүнтэй нь уулзах боломж гарвал хүүхдийн хувиар биш хамаагүй харьцах юм шиг санагдаж байна. Уур минь маш их хүрч, хэчнээн уйлавч дотор үл онгойж байна. Тэр одоо ч түүнтэйгээ ярьсаар сууна. Ээжид минь муухай аашилж орилж хашхичиж байсан нь ийм учиртай бололтой. Одоо яах вэ? Надад туслаач.
Зөвлөгөө: Тэдэнд тэвчээртэй хүлээцтэй хандах гэж хичээгээрэй
Сайн байна уу?
Гэр бүлийнхээ төлөө санаа тавьж байгаад чинь талархаж байна. Чамтай адил болсон явдлыг бүрэн ойлгоогүй ч дараах хэдэн зүйлийг зөвлөе.
1. Хүмүүс хоорондын харилцаа холбоо заримдаа чиний төсөөлснөөс огт өөр байдаг. Тиймээс тэдэнд тэвчээртэй хүлээцтэй хандах гэж хичээгээрэй.
2. Юу ч тохиолдсон бай энэ бүхэнд чиний буруу байхгүй бөгөөд асуудлыг шийдэх нь чиний үүрэх ачаа биш юм. Үүний оронд аав, ээжтэйгээ ярилцаж болно. Ингэхдээ өөрийнхөө бодол, мэдрэмжийг зөв илэрхийлэх хэрэгтэй юм шүү.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх