Kai: Фенүүддээ хандан хэлэхэд одооноос эхлээд намайг олон удаа харах болно


Т.Онон | YOLO.MN
2025-05-15

EXO хамтлагийн гишүүн Kai өөрийн сэтгэл зүй, уран бүтээлийн шинэ эхлэлийн талаар ELLE Korea сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарын нүүрэнд ярилцлага өгөв. Тэрээр энэ дугаарт Versace-ын “Eros Energy” үнэртэнтэй хамтарсан байна.

Kai саяхан “Wait On Me” нэртэй дөрөв дэх мини-альбомоо амжилттай дуусгаж, анхны бие даасан дэлхийн аялан тоглолт болох “KAION”-д бэлдэж байна. Тэрээр анхны дэлхийн аялан тоглолтоо тавдугаар сарын 17-нд Сөүлээс эхлүүлнэ.

“Цэргээс халагдсаны дараах анхны уран бүтээл болохоор ажиллах эрч хүч бүрэн сэргэсэн юм шиг санагдсан. Хоёр жил намайг хараагүй фенүүддээ хандан хэлэхэд одооноос эхлээд намайг олон удаа харах болно гэж хэлмээр байна.

Би өөрийгөө одоо хамгийн сайн ажиллаж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа учраас бие маань ядарч байгаа хэдий ч, их баяртай, сэтгэл хангалуун байгаа” хэмээн мэргэжлийн хандлагаа харуулсан юм.

Kai өдгөө зөвхөн тайзан дээр бус, олон төрлийн контентэд оролцож байгаа. Тэрээр “Jeongwaja (Мэргэжлээ сольцгооё)” нэртэй вэб шоуны хөтлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд тэр тухай:

“Нийтийн албанд ажилласнаар олон зүйл сурсан. Хүмүүстэй харьцах хандлага минь өөрчлөгдөөгүй ч, одоо илүү өдөр тутмын, жирийн сэдвээр ярьдаг болсноор олон хүнд илүү ойр дотно болж байгаа болов уу гэж боддог.” хэмээв.

Түүнээс “ажил дээрээ сайн байх” гэсэн нь ямар утгатай вэ гэж асуухад:

“Өмнө нь үр дүн чухал гэж боддог байсан. Харин одоо бол, тухайн салбарт удаан хугацаанд байж, тэсэж үлдэх нь жинхэнэ амжилт юм шиг санагддаг. Удаан оршин тогтноно гэдэг чинь өөрөө чадвар шүү дээ, тийм биз?” гэж хариулжээ.

Анхны дэлхийн тоглолтын өмнөх сэтгэгдлийг асуухад:

“Сандарч бас догдолж байна. Гэхдээ хамгийн гол нь би үнэхээр аз жаргалтай байна. Өмнө нь хийсэн бие даасан уран бүтээлүүдийн ихэнх нь COVID-19-ийн үед болсон болохоор фенүүдтэйгээ нүүр тулан уулзах боломж байгаагүй. Харин одоо бол би фенүүдтэйгээ уулзахад илүү төвлөрч байгаа. Тэдэнд өөрийгөө хамгийн сайнаар үзүүлэхийг хүсэж байна.” гэжээ.

#Kai #EXO