Ч.Энхжаргалан: Бидний зорилго Монголдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын статустай ХӨГЖМИЙН НААДАМ хийх


YOLO.mn | YOLO.MN
2018-06-04

 Төв цэнгэлдэх хүрээлэнд зургадугаар сарын 15, 16-ны өдөр буюу энэ Баасан, Бямба гарагуудад XMF хөгжмийн наадам болох бөгөөд уг наадмыг зохион байгуулагч BRB ХХК-ийн захирал Ч.Энхжаргалантай ярилцлаа. 

- XMF хөгжмийн наадмыг хоёр дахь жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ наадмыг зохион байгуулах санаа анх хаанаас төрсөн бэ?
- Дэлхийн жишгээс харахад хөгжмийн наадмууд нь зохион байгуулж байгаа хот болон улс орондоо аялал жуулчлалын өндөр ач холбогдолтой байдаг. Манайд яг тийм олон улсын стандартын дагуу зохион байгуулагддаг хөгжмийн наадам байдаггүй. Жижиг хэмжээний наадмууд болдог ч шоу партинаас хэтэрдэггүй л дээ. Тиймээс бид зориглоод, 2-3 жил судалсны үндсэн дээр өнгөрсөн жил XMF хөгжмийн наадмаа зохион байгуулсан. Дэлхийн жишигт  ийм наадмыг томоохон хотод эсвэл хотоос зайдуу газар зохион байгуулдаг. Манай наадмын тухайд Ultra music festival, Lollapalooza, Tomorrow land зэрэг хөгжмийн наадмуудтай төстэй гэсэн үг.

- Олон улсын жишгээр томоохон хөгжмийн наадам зохион байгуулна гэдэг та бүхнээс ихээхэн хүч, хөдөлмөр шаарддаг байх?
- Бид яг хийдэг ажлаа л хийж байна. Энэ жил манай компанийн 10 жилийн ой тохиож байгаа, томоохон хамтарч ажилсан , гүйцэтгэсэн ажлуудаас гэвэл The Voice of Mongolia, Got talent энэ жил Яг түүн шиг шоу гэх мэт. ОУ хурал семинаруудаас гэвэл АСЕМ хэд хэдэн дэд хурлууд, хурим найр, томоохон хүлээн авалтууд, хувь хувьсгалын тэмдэглэлт ойн баярууд, шинэ жилийн арга хэмжээнээс Алтан сарнай, Гацуурхан гээд олон арга хэмжээ зохион байгууллаа. Бидний ажил хүнд аз жаргал бэлэглэх, амьдралынх нь хамгийн гоё дурсамжийг бүтээж өгдөг онцлогтой. Юм сурч мэдье , хүнд аз жаргал бэлэглье гэсэн сэтгэлтэй залуус миний ард ажиллаж байна.

- Энэ жилийн наадамд хэчнээн хүн оролцох төлөвтэй байна вэ?
- Өнгөрсөн жил 24 мянган хүн эхний өдөр ирсний дийлэнх нь 16-24 насны залуучууд байсан. Дараагийн өдөр нь 18-35 насны 9000 хүн ирсэн. Энэ жил нийт 40 мянган хүн ирнэ гэсэн төлөвлөгөө байна. 

- Мэдээж энэ олон хүнд зориулсан хөгжмийн наадам зохион байгуулахад ажил их байгаа. Зардал бас их гардаг байх даа?
- Өнгөрсөн жил бид анх удаа хөгжмийн наадмын салбарт 1,1 тэрбум төгрөг зарцуулсан. Тэгж их хөрөнгө зарцуулан байж босгосон тайзыг маргааш орой нь хураана гэдэг харамсалтай. Олон улсын жишгээс харахад нэгэнт боссон тайзыг дор хаяж гурав хоног байлгадаг юм байна лээ. Цаашлаад сар үргэлжилдэг. Энэ жил манай хөгжмийн наадмын гол спонсороор Голомт банк, тэр дундаа SocialPay үйлчилгээтэй нь хамтран ажиллаж байна. Мөн Юнител, Гэр контент групп, Маршал инк студи, Номин холдинг зэрэг копманиуд манай наадмыг дэмжиж байна. Бас Монре даатгал дээр наадмын 40 мянган үзэгч тасалбараа авч очоод тээврийн хэрэгслийн даатгалаа 40% хөнгөлөлттэй даатгуулах боломжтой. Энэ дашрамд манай наадмыг дэмжин ажиллаж байгаа бүх байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. 

- Тэгвэл энэ их зардал гаргаж хөгжмийн наадам зохион байгуулахын ач холбогдол юу вэ?
- Хотод амьдрахад их стресстэй байна. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр маш хурдацтай хөгширж байна. Бид залхуу, нэг юмыг гүйцээлгүй дундаас нь хаядаг зэрэг олон муу зуршилтай. Ер нь нийгэмд хоёр л замаар мессэж хүргэдэг. Нэг нь спортоор, нөгөөх нь хөгжмөөр дамжуулж. Гадны орнуудын иргэд шиг өөрсдийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргэх, нэгдэж жагсах соёл манайд одоохондоо байхгүй байна л даа. Тэгэхээр бүгд чаддаг зүйлээ хийгээд, залуусдаа зөв мессэж өгөхийн төлөө ажиллах хэрэгтэй юм.

Талбай дээр утааны эсрэг жагсаал болоход хүмүүс бараг ирдэггүй хойш суудаг нь нууц биш. Тэгвэл бид яагаад олон улсын түвшинд дөхүүлсэн хөгжмийн наадам зохион байгуулаад, ирсэн залууст “Том хотын иргэн байна даа, ядаж гудамжинд шүлс, нус цэр, хогоо хаяхаа больчих” гэсэн мессэжийг өгч болохгүй гэж. Ингээд 40 мянган хүн гэртээ хариад нэг хүнд нөлөөлөг л дээ. Тэгэхээр нийтдээ 80 мянган хүн шүлс хогоо хаяхгүй. Юм чинь жижиг зүйлээс л эхэлнэ шүү дээ. Энэ жилийн хөгжмийн наадамд нийтдээ 60-70 аж ахуйн нэгж, 50-60 уран бүтээлчийг дэмжин, цаашлаад 600 орчим хүн зохион байгуулалтад ажиллана. Энэ олон хүний сэтгэлээр бий болох зүйл учир үр дүнгээ заавал авчирна.

- Та бүхний хэтийн зорилго юу вэ?
- Өнгөрсөн жил бид билетээ 10 мянган төгрөгөөр борлуулж байсан. Ер нь манай хөгжмийн наадмын тасалбарын үнэ 30 доллар буюу 70 мянган төгрөгт хүрвэл бид дэлхийн ямар ч одыг Монголдоо авчирч, эх орондоо дуулуулж болох юм байна лээ. Үүний төлөө бид зорьж ажиллана. Мөн төв азидаа хүлээн зөвшөөрөгдсөн статустай хөгжмийн наадам болох зорилготой. Нөгөө талдаа хамгийн энгийнээр хажууханд байгаа Буриад, Эрхүү , Улаанүүд , Өвөр Монголоос 5-6 мянган хүн жуулчин хүлээн авчихвал тэднийг дагаад манай зочид буудал, үйлчилгээний салбарын орлого нэмэгдэнэ гээд л эдийн засгийн өндөр ач холбогдолтой байх юм. 
Наадмын долоо хоногт 10-90 үзэгчдэд хөгжмийн наадам үзэж тухайн хотын бизнесийн орлогын 20-30 хувиар нэмдэг байна. 

- Олон улсад хөгжмийн наадмуудын үр нөлөө нь ямар байдаг юм бол?
- Ер нь хөгжмийн наадам зөвхөн соёл урлагийн төдийгүй нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой.  Их Британи л гэхэд 232 хөгжмийн наадмыг нэг жилд зохион байгуулж, 1.7 тэрбум фунт стерлингийн орлого олдог. Үүнийг дагаад 13500 ажлын байр бий болдог гэсэн статистик байдаг. Тэр дундаа Английн хамгийн томоохон наадмын нэг Гластонбури гэхэд жилд дунджаар 73 сая фунтын эдийн засгийн эргэлтийг бий болгодог байна. Хөгжмийн наадмууд нь Английн аялал жуулчлалын салбарын хамгийн том урсгалыг өөртөө татаж учир хөгжмийн аялал жуучлал гэсэн шинэ нэр салбарыг бий болгоод байна.

Өнөөдөр энэ нөхцөл байдал өөрчлөгдөж хөгжмийн наадмын салбар нийгэм эдийн засан хөгжлийн гол хөшүүрэг болсон. Lollapalooza, Tomorrowland гэх мэт олон хөгжмийн наадам жижиг том олон хот суурин газар зохион байгуулагдаж, зөвхөн тухайн хот, улсаар хязгаарлагдахгүй хилийн чандаас сая сая жуулчдыг татдаг болсон. Коачелла гэхэд өнөөдөр 158000 тасалбарыг 20 минутын дотор зарж 47.3 сая ам долларыг орлогыг 20 минутын дотор зохион байгуулагчдад авчирдаг байна. Наадмын долоо хоногт 10-90 үзэгчдэд хөгжмийн наадам үзэж тухайн хотын бизнесийн орлогын 20-30 хувиар нэмдэг байна. Нийт 254 сая ам долларын эдийн засгийн эргэлт, 3000 гаруй ажлын байр бий болгодог.

- Энэ жилийн XMF хөгжмийн наадамд дуулах гол уран бүтээлчид хэн байх вэ? 
- Аливаа хөгжмийн наадамд гол уран бүтээлчид гэж байдаг. Өнгөрсөн жил реппер G гол уран бүтээлчээр оролцсон. Энэ жилийн хувьд эхний өдөр нь Татар, Lumino хамтлагууд дуулна. Өнгөрсөн жил бид наадмын хоёр дахь өдөр дан EDM (Electro Dance Music) буюу диско комершл урсгалын хөгжмийг тоглуулсан. Гэхдээ бас учир дутагдалтай юм билээ. Тиймээс бид энэ удаа EDM дээр нэмэх нь поп байхаар төлөвлөсөн.

Харин наадмын хоёр дахь өдрийн гол уран бүтээлч Ука байна. Ер нь хөгжмийн наадмууд тухайн жилдээ хамгийн хит, хүчтэй байгаа дуучид, хамтлагийг гол уран бүтээлчээр сонгодог юм байна лээ. Мэдээж наадмын бас нэг зорилго бол шинэ, залуу уран бүтээлчдийг дэмжих. Мөн уран бүтээлээрээ хэдийн танил болсон, олон фентэй ICE TOP, A-SOUND, 3 охин зэрэг хамтлаг уран бүтээлээ хүргэнэ. Үүнээс гадна VOICE шоуны ялагч болон шилдэг долоон оролцогч дуулна гээд л олон сюрприз бий. 

- Өнгөрсөн жилийн хөгжмийн наадмын дараа эзэнгүй өмд олдсон тухай пост харсан. Үнэхээр тийм зүйл болсон уу, өмдний эзэн олдсон уу?
- Өмдний эзэн олдоогүй (инээв). Өнгөрсөн жил наадам дууссаны дараа бид өмд, оймс, тэлээ, өрөөсөн гутал гээд л маш олон зүйл олсон. Мэдээж хүмүүс энэ тухай янз бүрийн сэтгэгдэл үлдээсэн байсан. Харин манайхан “Бидэнд тохиолдсон хөгжилтэй явдлууд” зургийн цомогтоо хийчихсэн байгаа. Энэ жил бид залуусдаа хандан “Гоё баярлана шүү, эзэнгүй юу ч олмооргүй байна шүү” гэж уриалж байна. 

- Олон хүн цуглуулна гэдэг нөгөө талаасаа өндөр хариуцлага. Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
- Өнгөрсөн жилийн наадмын үеэр ямар ч зодоон эмх замбраагүй зүйл болоогүй. Энэ жил ч мөн адил цагдаа, түргэн тусламжийн тэрэг гээд л 40 мянган хүн цугларахад байх ёстой бүх шуурхай албаныхан байна. Мөн хамгаалалтын алба ажиллана. Үүнээс гадна түргэн үйлчилгээний цэг, асруудыг бэлдсэн байна. Тэгэхээр залуусдаа хөгжмөө сонсоод, шорлогоо идэнгээ хоёр өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж уриалъя. Энэ жил илүү онцгой жил. Дэлхийн хөл бөмбөгийн аваргын хамгийн гоё тоглолтууд шөнийн 02 цагт болох юм байна лээ. Манай хөгжмийн наадам үдээс хойш 16 цагт эхлээд шөнийн 02 цагт дуусна. Цагийн хувьд ч яг таарч байгаа биз.

- Энэ жилийн XMF хөгжмийн наадам их онцлогтой болох юм байна. Гаднын уран бүтээлчид ч бас ирж байгаа гэж сонссон?
- Хөгжмийн наадамд дэд бүтцээс гадна контент буюу хэн дуулах, ямар хөгжмийн төрлөөр тоглох, залууст түүгээрээ дамжуулж ямар мессэж өгөх вэ гэдэг нь чухал байдаг. Энэ жилийн тухайд Буриадын Хатгуур зүү хип хоп хамтлаг, Зи Сариунаа зэрэг уран бүтээлчид ирнэ.

DJ нарын хувьд клаб, хөгжмийн наадмын гээд хоорондоо ялгаатай байдаг. Бид яг хөгжмийн наадмын DJ-г Япон, Тайванаас авчирна. Өнгөрсөн жил бид Азиас, Европоос DJ авчирч байсан. Европ тивд хөгжмийн соёл нь өндөр түвшинд хүрчихсэн. Тэр нь DJ нарт нь ажиглагддаг. Тэдний тавьж байгаа сет хөгжмүүдийг хүмүүс ойлгож хурдан хүлээж аваад сурчихсан байдаг юм байна лээ. Тийм болохоор үзэгчдийгээ нэг их хөөргөөд байдаггүй.

Харин Азийн DJ нар ази үзэгчдийнхээ зан төлөвийг мэддэг учир өөрсдөө удирдаад явчихдаг юм байна лээ. Энэ нь мэдээж тухайн ард түмний соёл, цаг агаараас шалтгаалдаг.Бид ойролцоогоор 1000 орчим ширхэг HD 4K дэлгэцүүд, Meyer Sound болон Англи улсын Voidхөгжмийн системыг ашиглан Монголд хаана ч, хэзээ ч засагдаж байгаагүй том тайз, хамгийн гоё цэвэрхэн дуу хөгжим дугаралтыг мэдрүүлэнэ.

Үүнээс гадна VJ буюу DJ-тэй хоршин тоглодог, тоглож байгаа аянд тохирсон дүрсийг дэлгэцэнд тухайн агшин бүрт нь тааруулан шидэж байдаг мэргэжлийн уран бүтээлч Амстердамаас ирнэ. Нийтийн хэсгээс гадна 250 хүн орох боломжтой тусгайлан өндөр зэрэгллийн үйлчилгээтэй VIP VVIPхэсгүүд байна. Хэрэв захиалахыг хүсвэл 88017777 утас руу залгаад захиалах боломжтой. Үлдсэнийг нь ирээд үзээрэй. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай наадмын сошиал хуудаснаас аваарай.

- Ярилцсанд баярлалаа

Ярилцсан С.Түвшинжаргал

#XMF #Music #LiveShow