ХЭТ БОДИТ ДҮР ТӨРХ: Сөүл хот дахь уран бүтээлийн үзэсгэлэнгээс


Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-05-09

Сөүл хотод байрлах “Орчин Үеийн Урлагийн Үндэсний Музей”-д болж буй  Австралийн уран барималч Рон Мюкийн үзэсгэлэн нээгдсэнээс хойш ердөө 20 хоногийн дотор 100,000 гаруй зочин хүлээн авч, рекорд тогтоожээ. Одоо болж буй “Рон Мюк” үзэсгэлэн нь уран барималчын Ази тив дэх хамгийн том уран бүтээлийн  үзэсгэлэн болж байна.

Мюкийн гараар бүтээсэн уран барималууд яг л бодит мэт харагдана. Хүний арьсны үрчлээ, судас, нүх сүв бүрийг гайхалтай нарийвчлан дүрсэлсэн эдгээр уран бүтээлүүд нь энгийн хүний биеийн хэмжээнээс том эсвэл жижиг байдлаар бүтээгджээ. Мөн бүх бүтээл нь силиконоор бүтээгдсэн байна.

Эдгээр хэт бодит уран бүтээлүүд үзэгчдэд ихэд өвөрмөц мөртлөө айдас төрүүлэм  сонирхолтой санагдана. Түүний бүтээлүүд яг амьд хүн шиг нүдээ ирмэх эсвэл ширтэж байгаа мэт.

Ийм төрлийн бүтээлүүд сүүлийн жилүүдэд залуу үзэгчдийн дунд ихэд үнэлэгдэн дэлгэрээд байгаа. Тийм ч учраас үзэсгэлэн нээгдсэнээс хойш 20 хоногийн дотор, 4-р сарын 30 гэхэд 100,000 гаруй зочин хүлээн авч, өдөрт дунджаар 5,000 хүн ирсэнээр рекорд тогтоосон байж магадгүй юм.

Уран бүтээлчийн студийн захирал Чарли Кларк хэвлэлийнхэнд хэлэхдээ “Түүний бүтээлүүд ямар нэг зүйлийг тайлбарлах эсвэл ухуулга хийх оролдлого огт биш. Харин түүний бүтээлүүд нь үзэгчдэд өөрсдөө тунгаан бодох орон зайг олгохыг зорьсон нь гайхалтай.” хэмээн хэлжээ.

Рон Мюк кино болон хүүхдийн телевизийн салбарт хүүхэлдэйн загвар бүтээдэг уран бүтээлчээр карьераа эхэлж байжээ. Мөн  1997 онд нас барсан эцгийнхээ биеийг дүрсэлсэн “Dead Dad” бүтээлээр урлагийн ертөнцийг гайхшруулж байв. Энэхүү бүтээл нь анх үзсэн хүмүүсийн сэтгэлд гүн үлдсэн сэтгэл түгшээм анхны бүтээл байлаа.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тэрээр ердөө 48 бүтээл туурвисан. Тэр бүтээл тус бүрээ шавраар урлан, дараа нь силиконоор цутгах хөдөлмөр их шаардсан үйл явцаар маш нарийн хийсэн байдаг.

Түүний дүрүүд ихэвчлэн эмзэг, нүцгэн байдлаар дүрслэгдэх нь элбэг. Жишээлбэл бодолд автагдсан “In Bed” бүтээл, хүүхэд ба дүүрэн хүнс бүхий торыг тэврэн ядран гудайлсан “Woman with Shopping”, эсвэл модон завин дээр ганцаар сууж, ирээдүйг айдастайгаар ширтэн буй “Man in a Boat” гэх зэрэг. Эдгээр дүрүүд бүгд гүн гүнзгий хувь хүний дотоод зөрчил, бодол мэдрэмжийг тусгасан байна.

Мөн “Young Couple” бүтээлд өсвөр үеийн хоёр залуугийн хоорондох харилцааны жинхэнэ мөн чанар нь юу вэ? гэж бодогдуулам уран бүтээл байх жишээтэй.Тэдний биеийн хэлэмж, гарын хөдөлгөөн хоёр өөр түүх ярьж байгаа мэт. Бүтээлийг урд талаас нь эсвэл араас нь харж байгаагаас шалтгаалан таны бодох болон ойлгох ойлголт өөрчлөгдөж мэднэ.

Мюк үзэсгэлэндээ өөрийгөө ч мөн тусгасан байдаг. “Mask II” бүтээлд түүний хэт томорсон нүүр хажуу тийшээ харуулан нүд аниатай, уруул бага зэрэг нээлттэй, гүн нойронд автсан мэт харагдана.

Урд талаас нь харахад бодит мэт хүний төрхтэй. Гэвч хажуугаас нь ажиглахад энэ нь зүгээр л нимгэн, хоосон бүрхүүл болох нь харагдана. Харин үзэсгэлэнгийн хамгийн гол бүтээл нь хүний нүүрний хуулбар биш харин огт өөр зүйл байна гэнэ. Тэр нь “Mass” гэх бүтээл байх ба 100 хүний гавлын ясаар бүтсэн аварга том гавлын ясан овоо байна. Эдгээр нь нийтдээ 5 тонноос их жинтэй.

Энэ бүтээл нь зөвхөн хэмжээний хувьд төдийгүй, дотоод бодол мэдрэмж рүү хөтлөх сүрдмээр гайхалтай бүтээл болжээ. Сөүлийн Орчин Үеийн Урлагийн Үндэсний Музей”-д энэхүү гавлын овоо сүр жавхлантайгаар сүндэрлэн харагдаж байна. Студийн захирал Кларкийн хэлснээр олон зуун жилийн турш хүний ясыг зориудаар өрсөн Парисын Катакомбосоос сэдэвлэсэн байна.

Орчин Үеийн Урлагийн Үндэсний Музей”-н тайлбарлагч Хон Ли-жи хэлэхдээ “Хүний нийтлэг амьдралын талыг илэрхийлсэн дүрүүдээр дамжуулан, бодит мэт Мюкийн бүтээлүүд шууд сэтгэл хөдлөл, өрөвдөх сэтгэлийг төрүүлдэг.” гэж онцолжээ. Мөн яг ийм гайхшрал, эргэцүүллийн бодолд автуулсан бүтээлүүд ихэвчлэн бидний оршихуйн талаарх гүн гүнзгий асуултуудыг төрүүлдэг тул үзэсгэлэнгийн танхимд зочдын хооронд маш их яриа өрнөж байгааг бид ажигласан гэж хэлжээ.

“Рон Мюк” үзэсгэлэн Сөүл хотын Орчин Үеийн Урлагийн Үндэсний Музей-д 7-р сарын 13 хүртэл үргэлжилнэ. Үүний дараа ирэх жил Токиогийн “Мори Урлагийн Музейд” бүтээлээ гаргах байна.

Эх сурвалж: Korea Times

#үзэсгэлэн