Тавдугаар сард үзэгчдийн хүртээл болох ШИЛДЭГ 9 К-драма


Б.Саранчимэг | YOLO.MN
УРЖИГДАР

“Хайртай цувралынхаа ганцхан ангийг үзчихээд унтъя даа” гэж бодсон хэр нь шөнөжингөө суучихсан үе танд байдаг л биз дээ? Тэгвэл энэ сард ч бас та нойр дутуу явах бололтой шүү.

Ихэр эгч дүүсийн солигдсон амьдрал, архинд донтох эмгэгтэй бүсгүй, бага насандаа сураггүй алга болсон залуу, гэр бүлээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэх охин, танхай бүлэглэлийн толгойлогчоос гэр бүлээ хамгаалах залуу болон олимпын алтан медальтнууд спортоо орхиж цагдаа болохоор шийдсэн зэрэг төрөл бүрийн сонирхолтой цувралууд нээлтээ хийх гэж байна. Танд таалагдах цуврал байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Ингээд энэ сард үзэгчдийн хүртээл болох шилдэг 9 к-драматай танилцана уу.

“Spring of Youth”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 6

Нийт анги: 10

Са Гё бол “The Crown” гэх алдартай хөвгүүдийн хамтлагийн дуучин, гитарчин нэгэн. Гэнэтийн ослын улмаас Ханжү их сургуульд хүчээр элсэх болдог. Огт танихгүй орчинд орсон тэрээр их сургуулийн амьдралд дасахыг хичээнэ. Гэтэл тэнд хөгжимчин, авьяаслаг охин Ким Бомтой учирдаг. Ким Бом өмнө нь  Ivy League сургуульд сурахыг мөрөөддөг байсан ч зургаан жилийн өмнө ээж нь нас барснаас хойш тэрхүү мөрөөдлөө орхиж хөгжмийг сонгожээ.

Са Гё түүнийг таньж мэдэх тусам хөгжимд дахин дурлаж, Ким Бомд ч татагдана. Ингээд тэд хамтарч нууцлаг хамтлаг байгуулдаг. Энэ үеэр гитарчин, анагаахын оюутан Сө Тэ Ян гарч ирснээр хайр дурлалын гурвалжин үүснэ.

“Tastefully Yours”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 12

Нийт анги: 10

Хан Бом Ү бол томоохон хүнсний компанийн өв залгамжлагч бөгөөд Сөүлд дээд зэрэглэлийн ресторан ажлуулдаг. Гэсэн ч хоол хийхэд төдийлөн дуртай биш. Харин Мо Ён Жү бол амтанд чин сэтгэлээсээ хайртай тогооч. Тэрээр орон нутгийн алслагдсан тосгонд ямар ч хаяггүй, нэгхэн ширээтэй хоолны газар ажлуулна. Амьдралын хэв маяг, хүсэл тэмүүлэл гээд бүхий л зүйлээрээ ялгаатай тэд гэнэтийн байдлаар хамтдаа Жончүд ресторан ажлуулахаар болно. Өдөр ирэх тусам бие биедээ дасаж, эцэстээ нэгэндээ дурлаж буйгаар үйл явдал өрнөнө.

“Second Shot at Love”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 12

Нийт анги: 12

Өөрийгөө архи уудаг ч хэзээ ч хэтрүүлдэггүй, ухаалаг нэгэн гэж боддог байсан Хан Гым Жү архинд донтох эмгэгтэй болохоо мэдэж, эцэст нь архинаас гарахаар шийднэ. Энэ үедээ ахлах сургуулийн үеийн сайн найз Со Ү Жүнтэй дахин уулзана. Архинд огтхон ч дургүй Ү Жүн түүнд маш хүйтэн, хатуу ханддаг. Гым Жү түүнийг яагаад ингэж өөрчлөгдсөнийг мэдэхээр оролдож буйгаар үйл явдал өрнөнө.

“Shark: The Storm”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 15

Нийт анги: 6

Ча Ү Сол шоронгоос суллагдсаны дараа холимог тулааны тамирчин болохоор шаргуу бэлтгэл хийж эхэлдэг. Гэмт хэргийн ялтай гэх хатуухан нэрийг авсан ч тэрээр шантралгүй бэлтгэлээ хийсээр л байдаг. Гэтэл нэгэн өдөр Хён Ү Ён гэх танхай бүлэглэлийн толгойлогч амьдралд нь гарч ирнэ. Тэрээр тулааны мастер бөгөөд хэрцгий, хууль бус аргаар амьдардаг нэгэн. Хайртай гэр бүл, амьдрах орчноо хамгаалахын тулд Ча Ү Сол танхай толгойлогчтой тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ.

“Dear Hongrang”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 16

Нийт анги: 11

Эл кино нь Жусоны үед өрнөнө. 10 жилийн өмнө ор сураггүй алга болсон Хон Ран гэртээ ирж буйгаар кино эхэлнэ. Хачирхалтай нь тэрээр бага насныхаа талаар юу ч санадаггүй. Энэ нь гэр бүлийнх нь хувьд сэжигтэй санагддаг. Түүний нагац эгч нь Хон Раныг алга болсон шалтгааныг олж мэдэхээр шийднэ.

Харин нөгөө талд ухаалаг, үзэсгэлэнт, даруу төлөв Жэ И гэх охин хэрцгий хойд эх, хайхрамжгүй эцгийн хамт амьдарна. Түүний хувьд Хон Ран ганц итгэх хүн, түшиг тулгуур нь байжээ. Гэвч түүнийг алга болсноос хойш амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдсөн байна.

“Nine Puzzles”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 21

Нийт анги: 11

Нэгэн шөнө И Нагийн аав, ээж, найз шиг нь байсан авга ах нар нь хэрцгийгээр алагддаг. Энэхүү хэргийн цорын ганц гэрч нь И На байсан бөгөөд мөрдөгч Хан Сем түүнийг хэргийн сэжигтэн гэж үзнэ. Үүнээс хойш 10 жилийн дараа И На гэмт хэрэгтний сэтгэлзүйн төрхийг тодорхойлогч гэх мэргэжилтэй болсон байдаг. Тэрээр сүүлийн зургаан жилийн турш Сөүл хотын Цагдаагийн газрын гэмт хэргийг шинжлэн судлах албанд ажиллажээ. Гэтэл 10 жилийн өмнө гэр бүлээ хөнөөсөн хэмээн сэжиглэж байсан мөрдөгч Хан Семтай И На дахин уулздаг. Тэд тухайн өдөр юу болсныг олж мэдэхээр хамтдаа ажиллаж буйгаар үйл явдал өрнөнө.

“Our Unwritten Seoul”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 24

Нийт анги: 12

Юү Ми Жи, Юү Ми Рае нар ихэр эгч дүүс. Гэхдээ гадаад дүр төрх, хүсэл мөрөөдөл, зан аашны хувьд тэс өөр. Юү Ми Жи бол амжилттай атлетикч бөгөөд нэр алдартай нэгэн. Одоогоор чөлөөт уран бүтээлчээр ажилладаг. Харин Юү Ми Рае бол төгс төгөлдөр байдлыг эрхэмлэгч. Бага наснаасаа л дэгжин, эмх цэгцтэй амьдарсан ба одоо төрийн өмчит компанид ажиллана. Гэтэл нэгэн өдөр тэд солигдож, бие биеийнхээ амьдралаар амьдрахаар шийддэг. Ингээд л тэдний адал явдалт амьдралын түүх эхэлнэ.

“Oh My Ghost Clients”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 30

Нийт анги: 10

Но Му Жин бол сүнс харах чадвартай, хөдөлмөрийн эрх зүйн өмгөөлөгч. Тэрээр хүмүүс болон сүнснүүдийн хүсэлтийн дагуу ажлаа хийдэг ба амьдралаа залгуулах зорилгоор л өдийг хүртэл тэсэж иржээ. Харин На Хуи Жү бол Но Му Жины ахын эхнэр, бүтэлгүйтлийн хатан хэмээн хочлогддог эмэгтэй. Тэрээр тогтсон ажил эрхэлддэггүй хэдий ч мөнгө олох асуудалд сүнстэй адил хурц ухаан, шийдэмгий зан чанар, тулааны авьяастай нэгэн юм. Сүүлийн хүн бол Ко Гён У. Тэрээр сэтгүүлчээр ажилладаг байсан ч одоо контент бүтээгч болжээ. Тэднийг цаашдаа ямар адал явдлууд хүлээж байгаа бол?

“Good Boy”

Цацагдах өдөр: Тавдугаар сарын 31

Нийт анги: 16

Юн Дун Жү бол олимпын боксын алтан медальтнуудын нэг бөгөөд амьдралдаа олон зовлонг туулсан нэгэн. Тэрээр олимпын медалиа ашиглан цагдаагийн алба хаших боломжтой болно. Харин Жи Хан На бол олимпын буудлагын төрлөөр алтан медальтай тамирчин бүсгүй. Хан На гоо үзэсгэлэнтэй төрхөөрөө олон нийтэд нэлээдгүй алдартай. Гэсэн хэдий ч нэгэн үйл явдлын дараа тэрээр спорт буудлагаа орхиж, цагдаа болохоор шийддэг.

 

Эх сурвалж: Mynews, MyDramaList

#ШИЛДЭГ 9 К-драма #К-драма