2025 оны загварт ноёлж буй өнгөний хослолууд


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Жил бүр загварын ертөнц шинэ өнгөний чиг хандлагыг тодорхойлдог. Интоорын улаанаас эхлээд дулаан мэдрэмж төрүүлдэг хүрэн хүртэл — энэ оны загварын хамгийн тренд өнгөний хослолуудыг танд танилцуулъя.

1. Цагаан шаргал ба гүн хүрэн

2025 оны өнгөний чиг хандлагад цагаан шаргал, гүн хүрэн хослол хүчээ авч байна. Цагаан шаргал нь энэ жилийн хамгийн түгээмэл өнгө болон өргөмжлөгдөж буй. Энэ нь бэйж ба цагаан хоёрын завсрын өнгө бөгөөд гүн хүрэн өнгөтэй гайхалтай зохицдог.

Мөн Pantone-гийн 2025 оны "Жилийн өнгө" болсон “Mocha Mousse” хэмээх зөөлөн бор өнгийг загвартаа оруулж болно. Энэ өнгө таны өдөр тутмын хувцаслалтыг хялбархан чимж өгнө. Хүрэн өнгө нь сэтгэл санаанд дулаан, аюулгүй, тав тухтай мэдрэмж төрүүлдэг нь бас нэг давуу тал юм.

2. Ягаан ба улаан

Улаан өнгө бол жил бүрийн загварын хослолд заавал багтдаг өнгө. Үүнтэй холбоотой “Улаан өнгөний онол” гэж бий. Анх энэ нь дотоод засалд улаан элементийг нэмэх нь өрөөг илүү тодруулдаг гэх онол байсан бол одоо загварт ч мөн адил хэрэглэгдэж байна.

Улаан өнгө ямар ч хувцаслалтад итгэлтэй, хүчирхэг мэдрэмж төрүүлнэ. Бүтэн улаан хувцас өмсөх албагүй ба ягаан даашинз дээр интоорын улаан гутал хослуулахад л хангалттай. Ягаан ба улаан нь ижил өнгөний бүлэгт ордог учраас хоорондоо сайн зохицдог.

3. Хүрэн ба хөх

Хүрэн ба хөх өнгөний хослол нь аль хэдийн тренд болсон бөгөөд 2025 онд ч энэ байр сууриа хадгалсаар байна. Ялангуяа хөх өнгө энэ жил илүү их анхаарал татаж байна. Та хөх даашинзыг хүрэн арьсан хүрэмтэй хослуулж болохоос гадна, хүрэмний оронд шоколадан бор өнгийн өсгийтэй гутал эсвэл цүнх сонгож болно. 

4. Саарал ба улаан

Улаан өнгийг саарал өнгөтэй хослуулснаар илүү дэгжин төрх бүрдүүлдэг. Саарал өнгө улааны хүчтэй, зоримог төрхийг тэнцвэржүүлдэг. Хувцсаа илүү албаны болгохыг хүсвэл, саарал костюмыг улаан сорочкатай хослуулж болно. Эсвэл илүү энгийн төрхийг хүсвэл саарал жийнс, улаан футболка хослуулж болно.

5. Бүдэг шар ба хар

Хар, шар өнгө гэхээр танд зөгий эсвэл такси санаанд орж магадгүй. Гэхдээ энэ жил загварын мэргэжилтнүүд тод шар биш, харин бүдэг шар өнгийг санал болгож байна.

Жишээ нь, хар жийнсэн өмдийг бүдэг шар өнгийн цамцтай хослуулж болно. Хэрвээ илүү ажил хэрэгч хувцаслахыг хүсэж байвал жийнсээ брюкэн өмдөөр солиорой.

6. Бүдэг ягаан ба хөх

Ягаан өнгө ихэвчлэн эмэгтэйлэг, зөөлөн, цайлган байдалтай холбогддог. Харин пастел ягаан өнгө дангаараа эсвэл өөр тод өнгөтэй хослоход хэт гялгар болж болзошгүй. Харин хөх өнгийн дэгжин хувцастай хослуулах нь тэнцвэртэй төрх бүрдүүлнэ. Хөх пиджак, өмдтэй хослол дээр цайвар ягаан топ өмсөөд албаны төрх бүрдүүлээрэй.

7. Ногоон маргад ба нил ягаан

Ногоон маргад ба нил ягаан өнгө нь аль аль нь тансаг мэдрэмжийг илтгэдэг. Эртний Египетээс эхлэн эдгээр өнгө нь язгууртан, дээд зиндаатай холбогдож ирсэн.

Хослуулж өмсөхөд color-blocking төрх буюу зоригтой өнгөний хослол болж, өдөр тутмын болон гоёлын аль ч үед өмсөж болно. 

8. Улаан хүрэн ба олив ногоон

Burgundy буюу улаан хүрэн өнгө 2025 онд ч байр сууриа хадгалсаар байна. Түүнийг олив ногоонтой хослуулах нь бүх арьсанд тохирох уян хатан хослол болж чадна.

Ногоон ба улаан өнгө нь ихэвчлэн Христмасын өнгө гэж тооцогддог ч, эдгээр хувилбарууд илүү runway буюу загварын тайзны төрхийг санагдуулна. Та улаан хүрэн өнгийн хослол өмсөөд, олив өнгийн цүнх эсвэл дагалдах хэрэгсэл барьж хослуулж болно.

#өнгө #өнгөний хослол #трэнд өнгө