Урлагийн салбарт ч, цэргийн албанд ч хамгийн шилдэг нь гэгдэх Ким Тэхён


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

BTS хамтлагийн Ким Тэхён буюу V 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн цэргийн алба хааж байгаа билээ. Дэлхийн хэмжээний од гэгдэх тэрээр урлагийн салбарт ч, цэргийн албанд ч хэзээд шилдэг нь гэдгээ батлан харуулсаар байна.

Тэхён цэрэгт байх хугацаандаа биеийн байдал нь тааруу байсан ч үлгэр жишээч байдлаа харуулж, “Цэрэг, Цагдаагийн Шилдэг шагнал” хүртсэн тухай хамт алба хааж байсан цэргийн найз Сынмин нь мэдэгдлээ. Сынмины хувьд саяхан цэргийн албаа амжилттай хааж дууссан бөгөөд Тэхёнтай хамт байсан дурсамжаа өөрийн инстаграм хаягтаа захидал хэлбэрээр хуваалцсан юм.

V-ийн цэргийн найз Сынмин:

“Тэхён ахад

Бэртэлтэй байсан ч шантралгүйгээр,“Цэрэг, цагдаагийн шилдэг шагнал” хүртсэн тань надад жинхэнэ урам зориг өгсөн. 3 км-ийн гүйлтийн шалгалтад бид нэгнээ урамшуулсаар тусгай ангид шаардагдах стандартаас харьцангуй түрүүлж дуусгасан  маань мартагдашгүй сайхан мөч байсан шүү.

Бороо, цас орсон ч хамтдаа дасгал хийж, таны хандивласан тоног төхөөрөмжийн ачаар илүү сайхан орчинд бэлтгэл хийснээ санаж байна. Чөлөөгөөр гарах үед маш олон амттай хоол авч өгдөг байсанд тань маш их талархаж байна. Ялангуяа таны өгсөн могой загастай сушиг одоо ч мартаж чадахгүй байгаа. Үнэхээр амттай байсан.

Хамгийн гол нь таны тууштай байдал, хичээл зүтгэл тань намайг өөрийн мөрөөдлөөсөө буцахгүй байхад тусалсан. Таны ачаар би цэргийн албандаа дасгалаа зогсоохгүй хийж, суралцсаар байсан. Халагдсан ч мөрөөдлөө биелүүлэх урам зориг авсан. Таны адилаар тууштай, бууж өгдөггүй нэгэн болж амьдрах болно. Эрүүл энх байгаарай ах аа” хэмээн бичжээ.

Түүний цэргийн найзын хэлж буйгаар V буудлагын тэмцээнд оролцож нэгдүгээр байр эзэлснээр “Мэргэн буудагч” хэмээх цол хүртсэн байна. Түүнчлэн өвлийн сургуулилт болон хотын буудлагын тэмцээнд ч тэргүүн байр эзэлж, олон талын авьяастай гэдгээ батлан харуулжээ.  

Тэхён одоогоор БНСУ-ын цэргийн цагдаагийн тусгай үүрэг бүхий баг болох Special Duty Team (SDT)-д алба хааж байгаа юм. Энэхүү баг нь өндөр эрсдэлтэй, тусгай ажиллагаанд оролцдог ба бие бялдар, сэтгэл зүй, ур чадварыг маш нарийн шалгаруулсны үндсэн дээр сонгодог аж.

Тэрээр энэ оны зургаадугаар сард цэргээс халагдах товтой байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнийг урлагтаа дахин эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна.

Эх сурвалж: Allkpop, Koreaboo

#BTS #V #Ким Тэхён