The MongolZ "IEM Melbourne 2025" тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ


А.Эрхэмбаяр | YOLO.MN
ӨЧИГДӨР

#CS2 Монголын "The MongolZ" баг Хойд Америкийн "Complexity" багтай 09:15 цагаас тоглоно.

Жилд таван удаа болдог "ESL Grand Slam" цувралын оны хоёр дахь тэмцээн "Intel Extreme Masters Melbourne 2025" дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд Австралийн Мельбурн хотод болно.

$1,000,000 (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцохын нэг нь Монголын "The MongolZ" юм.

Valve-ын хоёрдугаар сарын 25-ны чансаагаар шууд уригдсан The MongolZ тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хойд Америкийн "Complexity" багтай 21-ний өглөө 09:15 цагаас хийнэ.

Хоёр баг өмнө таван удаа таарч тоглоход /хамгийн сүүлд "PGL Cluj-Napoca 2025" тэмцээнд 2-0 харьцаагаар хожсон/ монгол залуус хожигдож үзээгүй. Баянбатын "maaRaa Эрдэнэдалайгийн удирдсан баг тус тэмцээнийг 9-11-р байрт орж дуусгасан бол Complexity 4-р байрт шалгарсан билээ.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд дээгүүр байр эзэлж буй "G2", "Spirit", "Aurora" багууд оролцохгүй.

2025 оны "ESL Grand Slam" цувралын эхний тэмцээн "Intel Extreme Masters Katowice 2025"-д түрүүлсэн "Team Vitality" түүнээс хойш хоёр том тэмцээнд түрүүлсэн ба дөрөв дараалан цом өргөх эсэх нь сонирхол татаж байна.

Тэмцээний журмын тухайд багууд хоёр хэсэгт хуваагдан "double-elimination format" буюу нэг удаа хожигдох эрхтэйгээр тоглох бөгөөд хэсэг тус бүрээс гурван баг шигшээ шатанд шалгарна. Финалын тоглолт Bo5 журмаар болох ба бусад бүх тоглолт Bo3 журмаар явна.

#CS2