"Би түүнд өөрийгөө ойлгуулж эргээд хамтдаа баймаар байна"


Сондор | YOLO.MN
2016-12-16

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би түүнд өөрийгөө зөвөөр ойлгуулж буцаад нийлмээр байна

Бид хоёр бие биедээ тунирхдаг үе байсан ч хэзээ ч тийм аймаар хэрэлдэж, бие биедээ уурлаж байсангүй. Түүнтэй ярилцах гэж зөндөө хичээсэн боловч миний дуудлагыг ч авахгүй, хаалганы дурангаараа харчихаад хаалгаа ч тайлахгүй, намайг цахим хаягуудаасаа ч блоклочихсон. 17 настай Г...


Сайн байна уу. Намайг Г гэдэг, 17 настай
Би хоёр жил үерхсэн найз хөвгүүн болох Ч-ээс салаад удаагүй байна. Гэхдээ түүнийг маш их санан үгүйлж шаналж байна. Бид хоёр анх байрны найзууд байсан. Тэгээд бүр багаасаа буюу цэцэрлэгт байхаасаа л гадаа хамт тоглож өсөж, хоёр жилийн өмнөөс бие биедээ сайн болж үерхэж эхэлсэн. Бид хоёрын үерхлийг гэнэн цагаан ариухан гэж хэлж болно. Тэр миний гарыг атган алхаж, гэрт минь оруулж өгөхдөө үнсэхээс өөрийг хийдэггүй байсан. Түүний энэ даруу занд ч би их дуртай. Мөн бид адилхан 12-р анги учир нэгнийдээ хичээлээ хийж орж гардаг байсан. Аав ээж нь ч биднийг ойлгодог байлаа.  Гэтэл манай сургуулийн нэгэн хүүг би өөрийн найз гэж боддог байлаа. Тэр хөвгүүн нэг өдөр “киноны тасалбар байна хамт кино үзэх хүн алга, ганц удаа надад тус болооч” гэхээр нь хийх зүйлгүй, гэр маань ч кинотеатртай ойр учир зүгээр суухаар гээд хамтдаа кино үзчихсэн л буруу зүйл боллоо. Би түүнийг найзаа гэж харж байсан болохоос эрэгтэй хүн гэдгээр нь харж байгаагүй. Харин ганц удаа хамт кино үзсэнийгээ тэр надтай үерхэх боломж өөрт нь байна гэж бодоод үүд хаалгаар эргэлдээд байсан юм. Тэр үед Ч намайг буруугаар ойлгоод надаас салчихлаа. Тэр хоёр бүр орцонд зодолдож би дунд нь яахаа ч мэдэхгүй сандарсан. Өнөөх хөвгүүн “Найз охин чинь тэгвэл надтай хамт кино үзсэн” гэж хэлчихдэг юм даа. Уг нь бол би найзтайгаа л кино үзлээ гэж бодсон юм.

Бид хоёр бие биедээ тунирхдаг үе байсан ч хэзээ ч тийм аймаар хэрэлдэж, бие биедээ уурлаж байсангүй. Түүнтэй ярилцах гэж зөндөө хичээсэн боловч миний дуудлагыг ч авахгүй, хаалганы дурангаараа харчихаад хаалгаа ч тайлахгүй, намайг цахим хаягуудаасаа ч блоклочихсон. Тэр манай хажуу айл учир өдөр бүр шахуу л тааралдах юм. Нэг өдөр лифтэнд хамт суугаад явахдаа бүр “За тэгвэл орой уулзъя. Хүйтэн гэсэн шүү, дулаан хувцаслаарай” гээд яриад байсан. Би гэртээ ороод л уйлчихсан. Бид салаад сар л болж байна шүү дээ. Гэтэл тэр өөр хүнтэй уулздаг болчихсон байна. Яах вэ, би түүнд өөрийгөө ойлгуулж буцаад нийлмээр байна. Надад зөвлөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө төлөө багахан тэмцэл өрнүүлээд үз

Өөрийнхөө төлөө багахан тэмцэл өрнүүлээд үз. Хэрэв бүх зүйл оройтсон бол эвлэрэхээс өөр аргагүй. Гэхдээ тэр чиний сайн найз байгаад, үнэхээр сайн байсан бол чамайг нэг удаа ч болов сонсох учиртай.

Хосын харилцаанд хамгийн чухал нь ярилцах байдаг. Ямар нэг зүйл, тэр тусмаа үл ойлголцол дээр тэсч тэвчээд нэгнийхээ яриаг анхааралтай сонсох нь хамгийн зөв байдаг. Хүний үгээр үг хийж сэв суулгах нь тийм ч зөв биш боловч ихэнх өсвөр насныхны гаргадаг алдаа юм. Тэр чамд гомдсон байх. Гэхдээ олон жил найзалсан бол чамайг нэг талаасаа сайн ойлгож таньж мэддэг байх учиртай. Чиний хувьд хийж чадах алхам чинь ярилцах. Боломжгүй бол ядаж үгээ бичсэн захиа өгөх. Энэ нь дараа нь юу ч хийгээгүй гэж харамсахаас хамгаална. Өөрийнхөө төлөө багахан тэмцэл өрнүүлээд үз. Хэрэв бүх зүйл оройтсон бол эвлэрэхээс өөр аргагүй. Гэхдээ тэр чиний сайн найз байгаад, үнэхээр сайн байсан бол чамайг нэг удаа ч болов сонсох учиртай.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Үерхэл #Date #Найз #Friend #Хайр #LOVE #Итгэл #Trust