ЗАХИДАЛ: Тэр намайг эрэгтэй гэсэн хэнтэй ч харьцуулдаггүй


ССҮТөв | YOLO.MN
2018-04-06

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хардах бүртээ чамайг алдахаас л айдаг гэдэг

Өөрөө ч бас тийм эмэгтэй хүнтэй харьцдаггүй, намайг л гэдэг.

Би 18 настай охин. Би найз хөвгүүнтэйгээ үерхээд 4-н жил өнгөрч байна. Тэр их хартай. Хардах бүртээ чамайг алдахаас л айдаг гэдэг. Эхэндээ бүх фб найзуудаа би эмэгтэй болгосон. Дараа нь эргэн тойрны бүх эрэгтэй найзуудыг харьцахаа болиулсан. Ангийн ч хөвгүүдийг харьцуулдаггүй. Найзуудтайгаа хүртэл хардна. Өөдөөс нь инээсэн хүн бүр лүү харна эрэгтэй бол уурлана . Өөрөө ч бас тийм эмэгтэй хүнтэй харьцдаггүй, намайг л гэдэг. Хоёулаа хоорондоо л харьцаж байя. Харин эсрэг хүйстэн хүмүүстэй харьцахгүй гэдэг. Би заримдаа айдаг. Одоо ингэж хорьж байгаа юм чинь ирээдүйд яах бол гэж…! Би яавал дээр вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хэн нэгэн чамайг үл хүндэлж, ёс бус харилцахыг хэнд ч хэзээ ч зөвшөөрч болохгүй

Бие биендээ итгэдэг, хүндэлдэг, бие биедээ хувийн орон зайг нь үлдээж чаддаг хосын харилцаа хамгаас бат бөх, эрүүл мөн сэтгэл хангалуун байна.

Сайн уу? Чи бол цэцэг цэврүү шиг насан дээрээ яваа цэцэг шиг сайхан охин. Хэн нэгэн чамайг үл хүндэлж, ёс бус харилцахыг хэнд ч хэзээ ч зөвшөөрч болохгүй. Хэрвээ харилцаанд чинь ёс бус зүйлс ажиглагдаж, заримдаа ирээдүйгээ бодож эмээдэг бол чи түр завсарлага аваад өөртэйгөө сайн ярилцаарай. Бие биендээ итгэдэг, хүндэлдэг, бие биедээ хувийн орон зайг нь үлдээж чаддаг хосын харилцаа хамгаас бат бөх, эрүүл мөн сэтгэл хангалуун байна.

Бидний зүгээс чамд өгөх зөвөлгөө гэвэл:

1. Өөрийгөө таньж мэд. Чи юунд дуртай, юунд дургүй, ямар хүн болохыг хүсдэг, түүний тулд юуг хийх ёстой, одоогийн байдлаар чиний амьдралд хамгийн чухал зүйлс юу байна, аль чухал зүйлдээ хэр их цаг зарцуулах вэ, хосын харилцаанд юуг хүлээн зөвшөөрч болох, юуг болохгүй, чиний хувьд хосын харилцаа ямар байх нь зөв эсэх, чиний одоо байгаа харилцаа чиний хүсч буй харилцаа мөн үү гэх зэрэг өөртэйгөө сайн ярилцаж өөрийгөө таних хэрэгтэй.

2. Хосоо таньж мэд. Мэдээж хамтдаа дөрвөн жил хамт байсан, сайн мэднэ гэж бодож байгаа ч хосынхоо ямар үед маш ихээр уурладаг, уурлахаараа ямар үйлдэл хийдэг, аль зан араншин нь чамд таалагддаг, аль зан нь чамд таалагддаггүй, ямар үед айдаг, ямар үед аз жаргалтай байдаг гэх мэтийг дотроо сайн тунгаагаарай. 

3. Харилцаагаа аварч үлдэхийг хүсч байвал хамтдаа оролд. Ямар алдаа дутагдлыг олж харсан, тэрийгээ тал талаасаа хэрхэн засч залруулах саналтай байгаагаа маш сайн нухацтай ярилцаарай. Магадгүй та хоёр өөрсдийн хосын харилцааны дүрэм зохиож болох юм. Ярилцсаны дагуу үйлдэл хийх нь хамгийн чухал шүү. Ярих амархан ч хийхэд хэцүү гэдэг шүү дээ.

4. Үнэхээр ярилцаад, хичээгээд, байдал хэвэндээ л байх юм бол өөрөөсөө ахин нэг асуугаад үзээрэй. Энэ чиний хүсч буй харилцаа мөн үү?

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач
С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Jealousy #Teenagers