Б.Аззаяа: Хүмүүс намайг “ТАВТАЙ НОЙРСООРОЙ” дуугаар минь илүүтэй мэддэг юм байна лээ


Үжин | YOLO.MN
2016-09-23

Балчир жаахан охин хүүхдийн тухай, тэр дундаа “Тавтай нойрсоорой” дууг чихэнд хоногштол цээл сайхан хоолойгоор дуулсан нь Б.Аззаяа гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Өдгөө 18 настай тэрээр “Сүүн далай ээж” дууг шинэчлэн дуулсан нь олонд хүрээд буй. Түүнтэй YOLO.mn нь уран бүтээл болон хувь хүнийх нь талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэж байна.

YOLO: Сайтынхаа уншигдынхаа өмнөөс чамд энэ өдрийн мэнд хүргэе. “Тавтай нойрсоорой” хэмээх дуугаараа танил болсон тэр бяцхан охин их том болжээ. Анх дуулж эхэлсэн тэр гэгээн дурсамжаасаа хуваалцаач?
Баярлалаа. Би анх дөрвөн наснаасаа дуулж эхэлсэн. Цэцэрлэгийн болон улсын томоохон тэмцээн уралдаанд оролцдог охин байсан. Мэдээж тэр жаахан охин өөрөө дуулъя гээд явахгүй нь ойлгомжтой. Намайг урлагийн замд хөтөлсөн хүмүүс миний аав ээж минь шүү дээ. Тэдэндээ их баярлаж явдаг.

YOLO: Хүмүүс чамайг багын төрхөөр чинь их таньдаг. Харин том болсны дараа тэд хэрхэн хүлээн авч байна вэ?
“Тавтай нойрсоорой” дуугаар хүмүүс их мэддэг юм байна лээ. “Нөгөө “Тавтай нойрсоорой”-г дуулдаг охин явж байна, их том болсон байна” гэж хоорондоо ярилцаад, зарим нь бүр ирж хэлдэг.


 

"БИ ЧИНЬ ОРОЙНЫ 10 ЦАГТ УНТААД ХЭВШЧИХСЭН ХҮН НҮДЭЭ
АНИХ Л ЮМ БОЛ ЗҮҮРМЭГЛЭХ ГЭЭД БАЙСАН"

YOLO: Саяхан “Сүүн далай ээж” дуугаа клипжүүлж цацсан нь фэйсбүүк хуудаснаа их хурдан тарж олны хүртээл боллоо. Хуучин дууг ийнхүү дуулсан нь хүмүүст их таалагдсан бололтой?
Энэ дууг анх нэг жилийн өмнө хөгжмийн зохиолч МУГЖ Б.Магсаржав гуайн тоглолтон дээр дуулсан. Түүний дараа Б.Магсаржав гуай надад “Сүүн далай ээж” дуугаа бэлэглэж би дуулах болон клипжүүлэх боломжтой болсон юм. Тэгээд саяхан клипээ цацсан маань энэ.

Хүмүүст харин их хүрсэн байна лээ. Одоогоор 198 мянга гаруй хүн үзэж, 6500 гаруй шэйрлэгдсэн байна.  Клип болон дуу бичлэгийг “2016 Энтертайнмент” хийсэн.  Багаасаа дуулсаар ирсэн болохоор энэ авьяасаа орхигдуулахгүй, хаяхгүйг хичээн одооноос өөрийнхөө насанд тохирсон уран бүтээлээ хийхийг зорьж байна.

YOLO: Клипний зураг авалт хийхэд бэрхшээлтэй зүйл байсан уу?
Зураг авалт шөнийн турш болсон. Тийм ч амар ажил биш юм байна лээ, нэг хэсгийг их олон удаа авсны дараа сайн дүрс гардаг. Харин клип үзсэн зарим хүн харц болон хэв маягийг маань шүүмжилсэн байсан. Би чинь оройны 10 цагт л унтаад хэвшчихсэн хүн нүдээ аних л юм бол зүүрмэглэх гээд, бид бүгд л нойрмог байсан. Мөн би 18 настай охин, ирээдүйн эх хүн учир бас эмэгтэйлэг байх гэж их хичээсэн. Охид өсвөр наснаасаа эхлэн эмэгтэй хүн гэсэн талаасаа биеэ зөв авч явах хэрэгтэй байдаг болов уу.

Мэргэжлийн зураг авалтанд орохдоо заавал мэргэжлийн хөнгөн будалттай байх шаардлагатай юм байна лээ. Тэрнээс би бусад үед нүүрэндээ огт будаг түрхдэггүй. Харин орой унтахдаа нүүрээ цэвэрлэж, тос л түрхдэг.

Гэхдээ клип болон дуулалт маань их олон хүнд таалагдсанд их баяртай байгаа. Хүмүүсээс шууд болон чатаар “Дуу хоолой чинь яг хэвэндээ байна, Их том болжээ, Амжилт хүсье, Илүү олон сайхан бүтээл хийгээрэй” гэхчлэн урмын гоё үгс их ирүүлж байна.

YOLO: Клипэнд чиний ард хөгжим тоглож байгаа охидыг хараад чамайг хамтлагтай болчихсон байна гэж бодсон шүү.
Үгүй ээ, тэр охид миний фэйсбүүк найзууд. Клипэнд заавал олны танил болсон эсвэл мэргэжлийн хүнийг тоглуулахыг хүсээгүй. Харин өсвөр насныхан өөрийгөө бусдад таниулах, шинэ зүйлийг турших их сонирхолтой байдаг шүү дээ.

Тиймээс би өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа “Миний клипэнд тоглох сонирхолтой охид байвал хандаарай” гэсэн пост оруулсан юм. Харин тэдэн дундаасаа хөгжмийн бага зэрэг мэдлэгтэй, клипэнд тохирох охидыг шалгаруулж авч хамтарч тоглосон.

Би гэхдээ хамтлагтай шдээ.  Хөгжим Бүжгийн коллежид хамт сурч байсан Э.Сэвжиддулам найзтайгаа нийлээд 2014 онд Skyline хамтлагийг байгуулсан. Бид “Sing like Pro” студитэй гэрээтэй ажилладаг бөгөөд одоогоор гадаадын дуучдын дууг коверлон дуулдаг.

YOLO: Ямар дуучдын дууг ихэвчлэн коверлож дуулдаг вэ?
Янз бүр дээ. Тайлор Свифт, Бейонсе нарын дууг коверлоно. Харин сүүлийн үед Ариана Грандийн дууг их дуулж байна. Мөн бид өөрсдийн гэсэн уран бүтээлийн ажилдаа орсон.

YOLO: “Сүүн далай ээж” шиг олонд таашаагдах дараагийн уран бүтээл юу байна?
Энэ дуу их олонд хүрсэн болохоор дараагийн уран бүтээл юу байх бол гэсэн хүлээлт хүмүүст байх шиг байна. МУГЖ Ч.Амаржаргал эгч “Төрсөн өдрийн дуу”-гаа надад мөн бэлэглэсэн. Энэхүү дууг би дуулаад бичүүлчихсэн, тун удахгүй клипээ хийлгүүлэх болно. Түүний дараагаар өөрийн гэсэн хэв маяг бүхий шинэ уран бүтээлийн ажилдаа орох бодолтой байна.

YOLO: Сонсох дуртай болон үлгэр жишээ авдаг дуучин хэн бэ?
Би Рианнаг сонсох дуртай. Мөн Хишигдалай эгчийн дуулалт маш их таалагддаг. Харин дуучин Уранхолбоо буюу Ану эгчээс их үлгэр жишээ авдаг. Бид өмнө нь Хятад улс уруу хамт тоглолтод явж байсан юм. Ану эгчийн биеэ авч яваа байдал, эмэгтэйлэг зан чанар их сайхан санагддаг.

YOLO: Сэтгэлд үлдсэн бага насны гоё дурсамж байдаг уу?
Би 7 настай байхдаа хамгийн анх удаа том тайзан дээр гарсан нь их гоё дурсамжтай санагддаг. Тэр бол хөгжмийн зохиолч, МУУГЗ Т.Найданжавын тоглолтын тайз бөгөөд дуучин Т.Баясгалан эгч гэнэт гадагшаа явахаар болоод намайг дуулчихаарай гэсэн юм. “Ботгоны дууг Аззаяа дуулна” гэж хөтлөгч зарлахад хүмүүс том хүн гарч ирнэ гэж төсөөлж байсан бололтой намайг гараад ирсэн чинь бүгд өхөөрдөөд уулга алдаж байсныг санадаг юм.



YOLO: Мөн багадаа дуулахаас гадна чамайг хүүхдийн нэвтрүүлэг хөтлөөд байсныг санаж байна?
Тийм. NTV телевизийн “Үлгэрийн цаг” нэвтрүүлгийг нэгэн хүүгийн хамтаар хөтөлдөг байсан. Тэр үедээ л нөгөө “Тавтай нойрсоорой” дуугаа хүргэнэ, тэгээд хүмүүст их хүрсэн байх.


YOLO: Энэ зуныг юу хийж өнгөрүүлсэн бэ?
Ээжтэйгээ хамт Солонгос улс руу аялаад ирсэн. Ингэснээр би мөн өөрийн харах өнцгөө өөрчилж, шинэ зүйлстэй танилцсан гэж бодож байна. Солонгос улсын хэл, соёл, урлагийн ертөнцийн талаар бага ч гэсэн зүйлсийг мэдэж авсан, надад маш таалагдсан. Тиймдээ ч Солонгос хэл сурч байна.

YOLO: Чиний хийх дуртай зүйл?
Ном унших. Хамгийн сүүлд зохиолч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” номыг уншсан.

YOLO: Цаашдын хүсэл мөрөөдөл?
Би одоо хуулийн чиглэлээр сурч байгаа. Ирээдүйд сайн шүүгч болно гэж боддог. Мөн дуулах авьяасаа ч орхигдуулахгүй, мэргэжлийнхээ хажуугаар амжилттай авч явахыг хүсдэг.

 

YOLO: Чиний нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Би цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг, ер нь л зүгээр суух дургүй хүн. Мөн юу хийж өөрийгөө хөгжүүлэх боломж байна гэж байнга туршиж явдаг. Багаасаа ачаалал даагаад сурчихсан гэх үү дээ. Өмнө нь баллетаар хичээллэж байсан. Мөн өнгөрсөн онд загварын сургалтад хамрагдсан. Заавал загвар өмсөгч болохдоо гол нь биш, алхаа гишгээ, биеэ авч явах байдлаа сайжруулсан.

Би одоогоор хичээлийнхээ хажуугаар долоо хоногийн гурван өдөрт нь жолооны курст, нөгөө гурван өдөр нь Солонгос хэлний курст явж байна. Бямба гарагийн өглөө бүр манай хамаатан садан нийлээд уул руу явган аялал хийдэг. Бүр хэвшил болсон зүйл гэх үү дээ. Харин Ням гараг бол “Гэр бүлийн өдөр”. Тэр өдөр гэр бүлээрээ ойрхон аялал хийх, гадуур хооллох, кино үзэх эсвэл гэртээ цагийг хөгжилтэй өнгөрөөх, гоё хоол хийж идэх гэхчлэнгээр өнгөрүүлдэг. Миний ээж аав их залуу хүмүүс, тиймдээ ч залуу сэтгэлгээтэй учраас гэр бүлийн уур амьсгалыг их гоё байлгаж чаддаг.

Тэгэхээр миний үеийн болон өсвөр насныхандаа хандаж хэлэхэд, цагийг бүү дэмий үрээрэй, өөрийгөө хөгжүүлэх зөв зүйлсийг хийж байгаарай. Хэзээ нэгэн цагт тэрний чинь үр шим нь гарна гэж хэлмээр санагддаг.

YOLO: Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлага, урлагийн замналд нь өндөр амжилт хүсье.
За, маш их баярлалаа.

Залуу уран бүтээлч Б.Аззаяагийн фэйсбүүк хуудаст зочлохыг хүсвэл ЭНД дараарай.
 

Цагийг бүү дэмий үрээрэй, өөрийгөө хөгжүүлэх зөв зүйлсийг хийж байгаарай. Хэзээ нэгэн цагт тэрний чинь үр шим нь гарна.

Б.АЗЗАЯА


ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ Б.АЗЗАЯАГИЙН
УРАН БҮТЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА:

1998 онд Улаанбаатар хотод төрсөн. Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд “Хийлч” мэргэжлээр төгссөн. Одоо Шихихутуг дээд сургуулийн Эрх зүйн хоёрдугаар дамжаанд сурдаг.

Монголын хүүхдийн ордны МУГЖ н.Жаргалсайхан багштай бүжгийн дугуйлан, Монголын үндэсний радиогийн МУГЖ н.Буянхишиг багштай “Улаан бүч” чуулгад тус тус суралцаж байсан. н.Мөнгөнсүх багштай “Натур соунд” дуулаачийн сургалтыг төгссөн.

2004 оны “Дууч бяцхан мисс”, Бяцхан тод авьяастан, Орос дуу дуулаачдын улсын уралдааны тэргүүн байр, спорт цэнгээнт бүжгийн улс, хотын аваргын тэргүүн байрын шагналуудтай. 2005 онд “Өхөөрдөм аяз” нэртэй өөрийн бие даасан цомгоо гаргаж байсан.

Б.Аззаяагийн шагнал урамшуулал:
1. 2003 онд “Бяцхан тод авьяастан” улсын уралдааны МӨНГӨН медаль 2
2. 2004 онд “Бяцхан мисс” улсын уралдааны “ДУУЧ БЯЦХАН ОД” өргөмжлөл, өөрийн бие даасан дууны цомог бичүүлэх эрх
3. 2004 онд Орос дуу дуулаачдын Улсын уралдааны Тэргүүн байр
4. 2005 оны Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн “Шувуухай-2005” Улсын аварга шалгаруулах Стандарт бүжгийн хосын тэмцээнд 1 дүгээр байр
5. “Авьяас-2005” Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр, алтан медаль /2005 он/
6. “Анхны алхам-2005” Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр
7. Хүүхэд залуучуудын хөгжлийн “Авьяас залуу үе” төвөөс Алтан медаль
8. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх ХЗХ Газраас хүрэл медаль
9. “Их Монгол улс 800” гадаад хэлний уралдааны дууны төрөлд тэргүүн байр
10. Нийслэлийн тэргүүний 66-дугаар цэцэрлэгийн “Шилдэг тэргүүний тод авьяастан” өргөмжлөл.
11. Монголын спорт бүжгийн холбооноос зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, хүрэл медаль,
12. Монголын хүүхдийн ордноос зохион байгуулсан бүжгийн тэмцээнд латин төрлөөр мөнгө, стандартын төрөлд алтан медаль хүртсэн.    
13. Хөгжим бүжгийн коллежийн 2006 оны “Авьяаслаг сурагч” алтан медаль
14. “Лидер данс” клубээс зохион байгуулсан “Дархан тур” улсын чанартай бүжгийн тэмцээнээс алтан медаль хүртсэн 2006 он.
15. Pro Sound Studio, Сингапур улсын продюсер Рагу Раманы зохион байгуулсан “The Mongolian Live Sessions” ковер дууны уралдаанд “Скайлан” хамтлагаараа оролцож шилдэг 14 оролцогч болж иж бүрэн Бөмбөрөөр шагнуулсан.

 

#Celebrity #Teenagers #Azzaya