Нохойгоо урт удаан, аз жаргалтай амьдруулах 9 хялбар арга


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Бид бүгд хайртай нохойгоо үүрд хамт байгаасай гэж хүсдэг. Шинжлэх ухаанаар батлагдсан аргуудаар тэдний насыг уртасгаж, эрүүл, аз жаргалтай байлгах боломжтой.

1. Тархийг нь завгүй байлга

Хүнтэй адил нохой нас ахих тусам оюуны чадамж нь буурдаг. Интерактив тоглоом, үнэрлэх дасгал, сургалтын хичээлээр тархийг нь идэвхтэй байлгах нь ой тогтоолт муудах, будилах эрсдэлийг бууруулдаг. Ахмад нохойдоо шинэ арга барил зааж сургах нь тэдний оюуны чадамжийг сайжруулна.

2. Шүдийг нь тогтмол цэвэрлэ

Нохойны амны хөндийн эрүүл мэндийг үл тоомсорлох нь зөвхөн эвгүй үнэртэй болгоод зогсохгүй, зүрх судасны өвчин, бөөрний халдвар зэрэг ноцтой асуудал үүсгэж болзошгүй. Шүдийг нь тогтмол угааж, малын эмчид үзүүлж байх нь тэдний эрүүл мэндийг урт хугацаанд хамгаалахад тустай.

3. Жинг нь хянах

Таргалалт нь чихрийн шижин, үе мөчний өвчин, зүрх судасны асуудлуудыг үүсгэдэг. Тиймээс зөв хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнөөр нохойгоо эрүүл жинд нь байлгах хэрэгтэй. Хэрэв та нохойныхоо зөв жинг мэдэхгүй бол малын эмчээс зөвлөгөө аваарай. Мөн түүний хавиргыг илэхэд өөхөн давхаргагүйгээр мэдрэгдэх ёстойг санаарай.

4. Салхилуулах маршрутаа сольж, шинэ үнэр мэдрүүлээрэй

Өдөр бүр ижил замаар салхилах нь нохойд уйтгартай байж болно. Ямар нэг зүйлийг шинээр мэдрэх нь тэдний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг.

Өөр маршрутаар явах, шинэ үнэр үнэрлэх боломж олгох, элсэн дээр гишгүүлэх зэрэг нь тэдний сонирхлыг татаж, сэтгэл санааг нь өөдрөг байлгахад тусална.

5. Толгойг нь хамгийн сүүлд угааж, хэт их усанд оруулахгүй байгаарай

Нохойг хэт ойрхон усанд оруулах нь арьсны байгалийн тослогийг үгүй хийж, загатнаа үүсгэдэг. Зөвхөн шороотой болсны дараа угааж байгаарай. Мөн нохойг угаахдаа толгойг нь хамгийн сүүлд норгож байгаарай. Учир нь нойтон толгой нь тэднийг дааруулж, жижиг ноход ханиад хүрэхэд хүргэдэг.

6. Нойрыг нь хангалттай авахуулах

Нохой өдрийн 12–14 цагийг унтаж өнгөрөөдөг бөгөөд энэ нь эсийн нөхөн төлжилт, дархлаа, стрессийн зохицуулалтад зайлшгүй шаардлагатай. Тэднийг байнга сэрээх нь стрессийн түвшинг нэмэгдүүлж, дархлааг сулруулж болзошгүй. Тайван, дулаахан унтах орчин бүрдүүлж, “унтаж буй нохойг сэрээхгүй” байх нь чухал.

7. Хамт унтах нь бүр сайн

Нохойтойгоо хамт унтах нь зөвхөн таатай мэдрэмж төрүүлээд зогсохгүй, тэдний насыг уртасгах ач тустай. Судалгаагаар хамт унтах нь стрессийг багасгаж, зүрхний эрүүл мэндийг сайжруулж, нохойтой эзний хоорондын холбоог бэхжүүлдэг болохыг тогтоожээ. Нойрны үед өөрийгөө аюулгүй, хамгаалагдсан гэж мэдэрдэг ноход айдсаас үүдэлтэй өвчлөлд бага өртдөг.

8. Өвлийн улиралд зэвэрдэггүй ган аягыг солих

Өвлийн улиралд зэвэрдэггүй ган аяга нь нохойн биеийн температурыг бууруулж, ялангуяа жижиг үүлдрийн болон хөгшин ноход даарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүний оронд керамик эсвэл хуванцар аяга хэрэглэх нь усаа зөв температуртай байлгахад тусална.

9. Уургийн эх үүсвэрийг нь сольж байгаарай

Өдөр бүр нэг төрлийн уураг өгөх нь шим тэжээлийн тэнцвэргүй байдал үүсгэж болзошгүй. Үүнийг урьдчилан сэргийлэхийн тулд үхрийн мах, тахиа, загас, хонины мах зэргийг ээлжлэн өгөх хэрэгтэй. Гэхдээ гэнэт хоол өөрчлөх нь хоол боловсруулах эрхтний асуудал үүсгэж болзошгүй тул шинэ уургийг аажмаар нэвтрүүлэх нь чухал.

Нохой бидэнд хязгааргүй аз жаргал, хайр бэлэглэдэг. Эдгээр энгийн зөвлөгөөг дагаснаар бид тэдэнтэй аль болох удаан хугацаанд хамт байх боломжтой.

Гэхдээ нохойгоо халамжлах нь зөвхөн тэдэнд ашиг тустай биш, харин бидний өөрсдийн насыг ч уртасгадаг гэдгийг та мэдэх үү? Судалгаанаас харахад нохой бидний эрүүл мэнд, урт наслалтад эерэгээр нөлөөлдөг байна.

#нохой #гэрийн тэжээмэл амьтан #зөвлөгөө