Дуу хөгжим гэдэг бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Хөгжим нь бидний тархины бүтэц, үйл ажиллагаа, биологийн шинжид онцгой нөлөө үзүүлдэг. Учир нь тархины олон хэсгийг нэгэн зэрэг идэвхжүүлж, сэтгэл хөдлөл болон танин мэдэхүйд ч нөлөөлдөг.
Хөгжмийн тархинд үзүүлэх эерэг нөлөөнүүд
Сэтгэл хөдлөлийн хувьд: Хөгжим нь мэдрэмжийг боловсруулах үүрэгтэй тархины лимбийн системийг идэвхжүүлснээр сэтгэл хөдлөлийг өдөөдөг. Тухайлбал дуртай дуугаа сонсох нь сэтгэл хөдөлгөм дурсамж руу хөтлөх замаар баяр баясгалан, дурсамж, тэр ч бүү хэл уйтгар гунигийг төрүүлдэг. Судалгаанаас үзэхэд сайн сайхан мэдрэмж төрүүлдэг допамин нь тааламжтай хөгжим сонсох үед ялгардаг.
Ой санамж ба суралцахуйн хувьд: Үүнд тархины гиппокампус хэсэг холбоотой. Хөгжим санах ойг сэргээж, суралцах чадварыг сайжруулдаг. Жишээлбэл альцгеймер буюу мартах өвчтэй хүмүүс бусад дурсамжууд нь бүдгэрч байсан ч залуу насныхаа дууны үг, аяыг ихэвчлэн санаж байдаг. Хөгжмийн эмчилгээ нь сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийн танин мэдэхүйн үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлийн сайн сайхан байдлыг сайжруулдаг байна.
Хөдөлгөөний зохицуулалтын хувьд: Хөгжмийн хэмнэл нь хөдөлгөөнийг удирдаж, зохицуулалтыг сайжруулдаг. Тархины цус харвалттай өвчтөнүүд алхаж, ярьж сурахын тулд хөгжимд суурилсан эмчилгээг ихэвчлэн ашигладаг. Судалгаанаас үзэхэд хөгжим даган товших нь хүмүүсийн хөдөлгөөнийг идэвхжүүлдэг.
Урам зоригийн хувьд: Хөгжим сонсох нь хооллох, нийгмийн харилцаа холбоо тогтоох зэрэг үйл ажиллагаатай адил тархинд урамшууллын төвүүдийг идэвхжүүлдэг. Жишээлбэл хүмүүс дасгалын үеэр өөрийгөө илүү эрч хүчтэй болгохын тулд урам зориг өгөх хөгжим сонсдог. Хөгжим сонсох, тоглох үед тархи эндорфин ялгаруулж, таашаал авах мэдрэмжийг нэмэгдүүлж, өвдөлтүүд буурж байдаг.
Хөгжим шинэ дадал руу хөтөлдөг.
Та нэг шинэ дадал зуршилтай болох гэж хичээж байсан уу? Эсвэл хуучин муу зуршлаасаа салахыг хүсэж байв уу? Хөгжим сонсох, тоглох нь тархины нейропластик чанарыг сайжруулж, шинэ эерэг зуршил төлөвшихөд тусалдаг. Тархинд янз бүрийн чадвар, зуршлыг хариуцсан мэдрэлийн эсийн холболтууд байдаг. Хөгжим сонсох, ялангуяа хөгжим тоглож сурах нь эдгээр холболтыг бэхжүүлж, аливаа зүйлийг хурдан сурах, шинэ чадвар эзэмших боломжийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл хөгжим нь тархины сурахтай холбоотой замуудыг илүү хурдан, үр дүнтэй болгодог гэсэн үг. Тиймээс хөгжим тоглодог хүмүүс олон чиглэлд сэтгэх, асуудлыг бүтээлчээр шийдэхдээ илүү сайн байдаг аж.
Хөгжим ба хүүхэд
Нялх хүүхэд бүүвэйн дуу сонсох үед зүгээр нэг тайвширч, нойрсоод зогсохгүй сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь хөгждөг. Ээж нь аяархан бүүвэйн дуу аялахад хүүхэд аажмаар түүнд дасаж, өөрийг нь хамгаалж байгаа мэдрэмж төрүүлдэг. Энэ нь хүүхдийн тайван байх, ээжтэйгээ харилцах харилцааг илүү гүн гүнзгий болгож өгдөг.
Хүүхэд дууны хэмнэлийг ойлгож, ая дагах үед логик сэтгэлгээ хөгжиж, математик сэтгэлгээний суурь тавигддаг байна. Тиймээс хүүхдийг багаас нь хөгжимтэй ойр байлгах нь зөвхөн тэдний урлагийн мэдрэмжийг хөгжүүлж, баяр баясгалантай байлгахаас гадна оюун ухаан, сэтгэл зүй, нийгэмших чадварыг нь давхар хөгжүүлэх гайхалтай арга болдог.
Хөгжим болон нийгмийн харилцаа холбоо
Хөгжим бол хүмүүсийг холбодог гайхалтай хүчтэй хэрэгсэл. Бид хамтдаа дуу дуулах, бүжиглэх үед тархинд онцгой үйл явц өрнөж, хүмүүсийн хоорондын харилцаа гүнзгийрч, итгэлцэл нэмэгддэг. Та нэг удаа ч болов найзуудтайгаа эсвэл олон хүнтэй хамт нэгэн зэрэг дуу дуулж, бүжиглэж байсан уу? Тэр үед дотроо нэг л сайхан, дулаахан мэдрэмж төрдөг биз дээ?
Энэ бол зүгээр ч нэг тохиолдлын зүйл биш. Хөгжим нь бидний тархинаас окситоцин гэж нэрлэгддэг аз жаргалын дааврыг ялгаруулж, хүмүүсийн хоорондын итгэлцэл, эв нэгдлийг нэмэгдүүлдэг. Чухамдаа хөгжим нь зүгээр нэг зугаа цэнгэл бус хүмүүсийг ойртуулж, харилцааг гүнзгийрүүлдэг хүчирхэг хэрэгсэл юм.
Эх сурвалж: Time magazine, Эерэг сэтгэл зүй ном
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!