FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн эхэллээ.
Тэмцээний "А" хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр "Bishrelt Metal" баг эхний тоглолтоо Малайзын аварга "NS Matrix Deers" багийн талбайд хийж 86-98 харьцаагаар хожлоо.
Хоёр баг эхний хагаст тун ойролцоо тоглосон ч "Металууд" гуравдугаар үед 17-30 харьцаагаар илүүрхэж онооны давууг авсан байна.
Металуудаас Амарбаясгалангийн Энхбаясгалан 21 оноо, 5 самбар, 2 бөмбөг таслалт, Девон Скотт 24 оноо, 10 самбар, 5 дамжуулалт, Байрон Уэсли 34 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар тус тус багаа тэргүүлэв.
Харин өнгөрсөн жил Зүүн бүсийн урьдчилсан шатнаас үндсэн тэмцээний эрхээ авч байсан Малайзын "Бугануудаас" Жон Уэсли Марри 29 оноо, Толувалопэ Обаса 15 оноо, 11 самбартай багаа хошуучилжээ.
Хоёр баг өнгөрсөн жил мөн А хэсэгт учраа таарахад 98-84 харьцаагаар Малайзын баг Металыг талбайд нь хожиж байв.
Өнгөрсөн жил багууд хоорондоо зөвхөн нэг удаа тоглож байсан бол энэ жил нэгнийхээ талбайд тус бүр нэг буюу баг бүртэй хоёр удаа тоглоно.
Малайзын баг ердөө нэг хоногийн өмнө Тайванийн "Taoyuan Pauian Pilots" багт мөн талбайдаа 95-98 харьцаагаар хожигдоод байв.
Ийнхүү А хэсгийг Монголын Bishrelt Metal баг нэг хожилтой тэргүүлж байна. Тэдний хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 5-д Индонезын "Pelita Jaya Basketball" багийн талбайд болно. Тус баг өмнөх улиралд Бугануудын хамт үндсэн тэмцээнд шалгарч байсан юм.
Харин тэмцээний B хэсэгт Монголын Үндэсний Дээд лигийн аварга "Broncos" буюу Хасын Хүлэгүүд баг багтсан бөгөөд дөрөвдүгээр сарын 30-д эхний тоглолтоо Тайванийн "New Taipei Kings" багийн талбайд хийнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!