“Бяцхан үлгэр”, “Түүнийгээ бодоход”, “Надад дурлаасай” зэрэг хайр дурлалын хөнгөн хэмнэлтэй олон дууг хит болгож, монголын хөгжмийн урлагийг шинэ өнгө төрхөөр гэрэлтүүлж буй залуус бол Enkhe, Erkhem нар юм. Тиймдээ ч “Хайрын дууны ханхүү нар” хэмээн нэрлэгдээд буй.
Yolo.mn энэ удаагийн нийтлэлдээ залуу үеийн төлөөлөл болсон “Enkhe x Erkhem” хамтлагийг онцлон хүргэж байна.
“Enkhe x Erkhem” хамтлаг нь Н.Судар-Эрхэм /Erkhem/, Э.Энх-Амгалан /Enkhe/ гэх хоёр гишүүнээс бүрдэнэ. Тэд арван жилдээ нэг сургуульд сурч байсан бөгөөд арваннэгдүгээр ангидаа хөгжмийн beat зохиож, дууны үг бичиж эхэлснээр өнөөдрийн алдарт хит дуунууд гарах эхлэл тавигдаж байжээ.
Э.Энх-Амгалан /Enkhe/ “Би 7 - 9 анги хүртлээ гэртээ ганцаараа амьдардаг байсан. Тэр үед надад компьютер, спикер хоёроос өөр зүйл байгаагүй. Youtube-ээс хөгжмийн beat олчхоод би ер нь яагаад дуу хийж болдоггүй юм гэж бодоод Typac зэрэг хүмүүсийг дуурайгаад үглэж үзсэн. Эрхэмээ бас тэр үед дууны үг бичих гэж оролддог байсан. Маргааш нь бид хоёр ярьж байгаад дууны үгээ, аятайгаа нийлүүлээд дуулж үзэхэд үнэхээр их таалагдсан. Тэгээд л дуугаа хийж эхэлсэн дээ.
Хоёулаа хамт дуулахын гоё зүйл нь миний хувьд би нээх тэгж дуулах биш, үглэх сонирхолтой. Эрхэмээтэй хамт дуулахаар миний дутуу хэсгийг нөхөж өгч байгаа юм шиг санагддаг”
Одоогийн байдлаар нийтдээ 30 гаруй дууг үзэгчдийн хүртээл болгожээ. Үүнээс “Чиний тухай” дуу нь youtube хуудаснаа 17 сая буюу тэдний хувьд хамгийн их үзэлттэй дуу нь болж байгаа юм. Мөн “Хүснэ” дуу 16 сая, “Бяцхан Үлгэр” дуу нь 13 сая, “Түүнийгээ бодоход” 10 сая зэрэг бусад дуунууд ч өндөр үзэлттэй байна.
Н.Судар-Эрхэм /Erkhem/ “Хамгийн анхны дуу маань нэг сая үзэлт авахад үнэхээр баярласан. Бид хоёр гэртээ хамт байж байтал гэнэт хаалга тогшоод найзууд маань хүрээд ирсэн. Нэг сая гэсэн тоотой, торт бариад ороод ирсэн нь үнэхээр мартмааргүй байсан шүү.
Youtube-ийн дууныхаа сэтгэгдлүүдийг унших дуртай. Дэмжиж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг харахаар урам аваад, гоё санагддаг”
Монголд хүмүүс хайрын дууг ихэвчлэн сонсдог. Ямар ч насныхан бүгд л өөрийн гэсэн цаг хугацаанд хайр дурлалтай учирч явсан болохоор их сонсдог байх. Тийм болохоор хайрын дуунууд ихэвчлэн хийдэг гэнэ. Гэхдээ дан ганц хайрын дуу биш, олон төрлөөр хийхээр ажиллаж байгаа юм байна. Харин дуугаа хийхдээ өөрсдөдөө тохиолдож байсан зүйлс, болсон явдлаас санаа авч хийдэггүй. Ихэвчлэн хийсвэрээр төсөөлж, зохиож дууныхаа үгийг бичдэг аж.
“Enkhe x Erkhem” хамтлаг дуугаа ихэвчлэн клипгүй, lyrics хэлбэрээр цацдаг. Сонсогчид тэдний дууг сайн мэдэхээс биш хараад тэднийг таних тохиолдол цөөн байдаг байна. Тиймээс ирээдүйд дуугаа чанартай клипжүүлэх, цомог хийх зорилготой ажиллаж байгаа аж.
“Enkhe x Erkhem” хамтлагаас онцлох 5 дуу
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!