$250,000 шагналын сантай "MESA Nomadic Masters"-т оролцох эхний баг тодорлоо


А.Эрхэмбаяр | YOLO.MN
ӨЧИГДӨР

MESA (Mongolian Electronic Sports Association)-аас энэ онд Улаанбаатар хотод зохиох хэд хэдэн том тэмцээн төлөвлөсний эхнийх нь CS2-ын "MESA Nomadic Masters: Spring 2025" байх юм.

$250,000 (867.6 сая төгрөг) шагналын сантай уг тэмцээнд найман баг оролцохоос дөрвийг нь Valve-ын дэлхийн чансаагаар урина. Харин гурав нь Ази, Хятад, Монголын сонгон шалгаруулалт, үлдсэн нэг нь MESA-ийн өөрийн дотоодын лигийн тэмцээнээс эрхээ авах учиртай.

Тэгвэл $10,000 (34.7 сая төгрөг) шагналын сантай "MESA League Season 4" тэмцээн өчигдөр өндөрлөж "Chinggis Warriors" баг аваргалснаар MESA Nomadic Masters: Spring 2025-т оролцох эхний багаар тодров.

Тэмцээний нээлтийн тоглолтод "Nomads" багт хожигдсон ч "The QUBE Esports", "Yaarmag House" багуудыг хожин хагас шигшээд шалгарсан Chinggis Warriors баг "IHC Esports"-ыг 2-0, финалд "The Huns Esports"-ыг 3-2 харьцаагаар хожсоноор $5,000 (17.3 сая төгрөг) шагналыг авсан юм.

"carnage" дасгалжуулагчтай Chinggis Warriors хоёр долоо хоногийн өмнө "PGL Bucharest 2025" тэмцээний эрх олгох "MESA Asian Masters 2025" тэмцээнд Хятадын "Rare Atom" багт хожигдон 3-р байр эзлээд байв.

Тэд маргааш буюу гуравдугаар сарын 18-д "ESL Challenger League Season 49: Asia" тэмцээний 5-р тойргийн тоглолтоо Rare Atom багийн эсрэг эхлүүлнэ.

MESA Nomadic Masters: Spring 2025 тэмцээнд оролцох Хятад болон Монголын сонгон шалгаруулалт ирэх сарын 7-8-ны хооронд болно. Харин Азийн сонгон шалгаруулалтын хуваарь тодорхойгүй байна.

Шууд урих дөрвөн багийг энэ сарын 25-ны Valve-ын чансааг үндэслэн урих аж.

#CS2