Хэзээ ч уншихгүйг нь мэдсээр байж аккаунтуудруу нь чат бичдэг


YOLO.mn | YOLO.MN
УРЖИГДАР

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.

ЗАХИДАЛ: 

Сайн байна уу. Би яг хэнд хэлэхээ мэдэхгүй аргаа бараад танайх руу асуудлаа бичиж үзэхээр шийдлээ.

Би одоо 19 настай, эмэгтэй.

Миний найз залуу амиа хорлочихсон. Ингэж бичих хүртэл маш итгэмээргүй хэцүү хачин санагдаж байна гэхдээ л ийм юм болчихсон. Үүнээс хойш 7 сар өнгөрлөө миний байгаа байдалд гавьсан юм алга. Энэ бүхэн яагаад болсоныг мэдэх юм алга, би одоо ч сайн ойлгодоггүй ухаж бодох ч зориг байдаггүй байх л даа. 

Бид хоёр хосуудад байдаг шиг л тунирхаж муудалцдаг байсан хамгийн сүүлд бас л хэсэг муудаад 3,4 хоног харилцаагүй уулзаачгүй байсан үе. Нэг өглөө надруу танихгүй хүн бичиж энэ мэдээг дуулгасан би тэр өдрийг юутай ч зүйрлэшгүй нь.

Аймшиг. Мэдээж тэр өдрүүд бол ярих ч юм биш би секунд бүрийг яаж өнгөрөөхөө бодож ядан толгойгоо эргэтэл уйлдаг байсан.

Би анх удаа л үерхэж үзсэн минь энэ. Анхны удаа сэтгэлд таарсан хүн минь байсан юм. Харин одоо хагасаас илүү жил өнгөрлөө цаг хугацаа эдгээдэг гэсэн хаа ч байгаа юм. Би өөрийгөө галзуурах вий ч гэж бодох шиг.

Би зүгээр байдаг, маш зүгээр, гаднаас харж байгаа хамт байгаа хүмүүстээ яг л байсан шигээ л байгаа. Гэхдээ энд тэнд нууцаар уйлна. зүүдэлнэ, бодно, маш их санана.

Би найзууддаа хэлж үзсэн, гэрийнхэн маань ч мэдсэн, тэдний аль нь ч тус болоогүй. найзууд минь надаас зайлсхийж тусалж чадахгүй болохоороо надаас эмээгээд байдаг, тэгдэг тухайгаа ч надад хэлсэн, би ч ойлгодог.

Гэхдээ л надад ямар нэг тусламж хэрэгтэй байна. Гэр бүлдээ ч хэлж үзсэн тэд ч бас яахаа мэдээгүй одоо намайг зүгээр л гэж боддог бас надад хэцүү байгааг харж уйлсанаас нь болсон байх би дахиж энэ сэдвээр тэдэнтэй ярьж чадахгүй.

Аав ээж минь нас ахиад санаа нь зовдог нь бүүр ч ихэссэн, би тэднийгээ ингэж зовоож чадахгүй ээ. Яг үнэндээ хэн ч юу ч хийж чадахгүй шүү дээ.  Тэд нар бүгд л найз залууг маань буруушаадаг. Надад ч тэр бодлоо илэрхий харуулдаг.  Бурхан минь энэ нь надад намайг хэзээ ч ойлгохгүй улсууд гэдгийг сайн ойлгуулсан юм даа...

Би маш завгүй байж үзсэн. Ядарч үхтлээ ажилласан.  Энэ л намайг одоо амьд байлгаж байгаа зүйл байх. Найзуудаа ч өөрөөсөө хөндийрүүлмээргүй, гэр бүлээ ч зовоомооргүй, өөрөө ч ингэж зовмооргүй байна.

Би янз бүрээр үзсээр л байгаа гэхдээ л дээрдэж өгөхгүй байх шиг. 7 сарын өмнөөс эхлээд л хэзээ ч уншихгүйг нь мэдсээр байж, утгагүй гэдгийг мэдсээр байж эзэмшдэг байсан аккаунтуудруу нь чат бичдэг, хайртайгаа санаж байгаагаа бичсээр л байдаг болсон. Бичихгүй гэж бодсон ч маш бага ч гэсэн дээрдэх юм шиг санагддаг. Мөн өөртөө дургүй хүрдэг, юу хийж байгаагаа гайхдаг, хэвийн биш зүйл хийгээд байгаагаа мэддэг ч би ЯГ ЯАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА. Надад туслаарай гуйя.  Хамаг дурсамжаа утаснаасаа устгах зориг хүсэл алга.

ЗАХИДЛЫН ХАРИУ: 

Өдрийн мэнд. Бидэнд хандаж захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад чамайг хүнд үеийг туулж байгааг ойлгож байна аа. Бидний амьдралд баяртай, жаргалтай, уйтгар гунигтай мэдрэмжийг төрүүлэх олон үйл явдал тохиох хэдий ч ойр дотно, хайртай хүнээ алдсан уй гашуу бол бидний амьдралд тохиолдох хүнд хэцүү даваануудын нэг.

Энэ үед хүмүүс уй гашуугийн мэдрэмжээс гадна харуусал, бухимдал, гэм буруу, бусдаас тусгаарлагдах, сэтгэлийн хямрал, уйтгар гуниг, ганцаардал зэрэг сэтгэл хөдлөлийн олон таагүй мэдрэмжийг мэдэрдэг. Танд төрж буй эдгээр мэдрэмжүүд бол уй гашууг даван туулах үеийн хэвийн хариу үйлдэл юм шүү.Тиймээс өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг үгүйсгэж бусдаас нуухын оронд түүнийг хүлээн авч илэрхийлдэг байх нь хэрэгтэй юм.

Уй гашууг даван туулах үеийн дээрх мэдрэмжүүд нь түр зуурын сөрөг сэтгэл хөдлөл / бусдад гомдох, уурлах г.м / мэдрэмжтэй харьцуулахад харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг бөгөөд удаан хугацаанд үргэлжлэх сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмж нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй бие сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Тиймээс мэргэжлийн сэтгэл судлаачид хандан ярилцаж, сэтгэл зүйн тусламж авах нь хэрэгтэй байдаг.

Таны хувьд эдгээр асуудлыг анхаарч үүнээс гарах олон алхмуудыг хийсэн боловч  энэ нь тийм ч үр дүнтэй байгаагүй бололтой. Бидний биед үүссэн хөнгөн хэлбэрийн гэмтэл бэртлийг ( хуруугаа эсгэх ) бид өөрсдөө болон ойр дотны бусад хүмүүсийн тусламжтайгаар эмчилж чаддаг шүү дээ. Мөн зарим нь харьцангуй богино хугацаанд биеийн дархлааны системийн тусламжтайгаар өөрөө эдгэрдэг. Харин хүндэрсэн үед нь мэргэжлийн эмчид хандан эмчлүүлэх нь хамгийн зөв байдаг. Үүнтэй ижил танд тохиолдоод байгаа уй гашуу, сэтгэл зүйн асуудал таныг өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэхэд саад болж байгаа бол, тэрийг шийдэх оролдлого хийсэн ч нэг л болохгүй байгаа тохиолдолд шаардлагатай тусламж үйлчилгээг мэргэжлийн хүнээс авах хэрэгтэй гэсэн үг юм.

Тиймээс мэргэжлийн сэтгэл судлаачид хандан ярилцаж, сэтгэл зүйн тусламж авахыг санал болгож байна. Иймд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг зарим сэтгэл зүйн төвүүдийн мэдээллийг үлдээе. Танд амжилт хүсье.

  • Сэтгэл Судлалын Үндэсний Төв – 77324233
  • Focus On The Family – 88834343  
  • Монгол Өрх Сэтгэлзүйн хүрээлэн – 70145145
  • Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн – 77208998
  • Positive Dadal – 75071100  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач А.Энхжавхлан

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#захидал #захидлын хариу