Хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт анх удаа завсарлагааны үзүүлбэртэй болно


А.Номин | YOLO.MN
2025-03-07

FIFA-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолт анх удаа "halftime show" буюу завсарлагааны үзүүлбэртэй болохыг мэдэгдлээ.

АНУ, Канад, Мексик улс хамтран зохион байгуулах тус тэмцээний финалын тоглолт 2026 оны долоодугаар сарын 19-нд Нью Жерсигийн МетЛайф цэнгэлдэхэд болох юм.

1930 онд эхэлснээс хойш хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд завсарлагааны үзүүлбэр толилуулж байсан удаа байхгүй.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрэмд завсарлагааны хугацаа 15 минутаас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг.

Үзүүлбэртэй холбоотойгоор тоглолтын хуваарьт ямар өөрчлөлт орох нь одоогоор тодорхойгүй байна.

2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-нд Мексикийн Мехико хотын Эстадио Ацтека цэнгэлдэхэд болох юм.

Энэ удаагийн тэмцээнд 48 баг оролцож, 104 тоглолт хийх хуваарьтай байна.

Эх сурвалж: CNN

#FIFA