Хүн амьдралынхаа туршид олон хүнтэй уулзаж, тэдний дундаас хамгийн дотно, чин сэтгэлийн найзаа олж, заримтай нь насан туршдаа нөхөрлөж чаддаг. Гэхдээ амьтад яадаг юм бол? Тэдэнд насан туршдаа найзлах сайн найз гэж байдаг болов уу? Өнөөдрийн нийтлэлээр бид амьтдын нөхөрлөлийн тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
Амьтад ямар шалтгаанаар нөхөрлөдөг вэ?
Амьтад зөвхөн өөрийн төрөл зүйлтэйгээ бус, заримдаа огт өөр амьтадтай хүртэл дотно нөхөрлөж чаддаг. Судалгаагаар амьтад хоорондоо нөхөрлөх нь хэд хэдэн шалтгаантай болохыг тогтоожээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, амьтад хамгаалалт, ганцаардал, бие биеэ асрах, хамтдаа тоглох зэрэг шалтгаанаар нөхөрлөдөг байна. Зарим амьтад өөрөөсөө тэс өөр төрлийн амьтдыг өөрийн гэр гэр бүл шигээ хүлээн авч, тэжээж, хамгаалдаг тохиолдол цөөнгүй байдаг.
Ганцаардсан амьтад бусадтай нөхөрлөж чадсанаар сэтгэл зүйн байдлаа тогтвортой байлгаж чаддаг гэнэ. Тэгэхээр яг л хүний нөхөрлөлтэй адилхан сэтгэл хөдлөлийг мэдэрч, найзууд болдог байх нь ээ.
Амьтдын нөхөрлөл насан туршдаа үргэлжилдэг болов уу?
Амьтдын нөхөрлөл тэдний төрөл зүйл, орчин нөхцөлөөс шалтгаалан өөр өөр хугацаанд үргэлжилнэ. Зарим амьтад нэг л найзтайгаа насан туршдаа нөхөрлөж чаддаг бол зарим нь тодорхой хугацааны дараа шинэ бүлэг, шинэ орчинд орохдоо өмнөх нөхөрлөлийн холбоог тасалдаг байна.
Заан бол төрөлхийн үнэнч амьтан учир найзыгаа үхсэний дараа ч түүнийг дурсаж байдаг. Харин зэрлэг амьтад насанд хүрэх үедээ өөрийн төрөл зүйлд татагдаж, өмнөх найзуудаа орхих тохиолдол бий.
Гэсэн хэдий ч амьтдын нөхөрлөл нь зөвхөн биологийн хэрэгцээнээс гадна сэтгэлзүйн хувьд чухал үүрэгтэй. Тиймд нөхөрлөлийн үргэлжлэх хугацаа тухайн амьтны сэтгэл зүйн онцлогоос хамаардаг болохыг мэргэжилтнүүд хэлж байна.
Амьтад найз болж буйгаа хэрхэн илэрхийлдэг вэ?
Амьтад хүн шиг үгээр нөхөрлөлөө илэрхийлдэггүй ч өөрсдийн өвөрмөц зан байдал, үйлдлээрээ найз гэдгээ харуулдаг.
Судлаачдын үзэж байгаагаар амьтад дотно харилцаагаа илэрхийлэхдээ хамтдаа цаг өнгөрөөх, бие биеэ цэвэрлэх, хамт идэш тэжээл хайх, бүр хамгаалж халамжлах зэрэг үйлдэл хийдэг байна.
Жишээлбэл, заанууд хошуугаараа бие биеэ зөөлөн илж, сэтгэлээ илэрхийлдэг бол нохой, муур зэрэг тэжээвэр амьтад хамт тоглож, нэгнийхээ хажууд тайван амрах нь найзын харилцааг илтгэдэг аж.
Харин шувууд хамтдаа нисэж, хоолоо хуваалцах нь тэдний нөхөрлөлийн илрэл болдог байна. Тэгэхээр амьтдын нөхөрлөл зөвхөн бие махбодын ойр дотно харилцаанаас гадна, итгэлцэл, халамжаар илэрдэг байх нь.
Бодит амьдрал дээрх амьтдын нөхөрлөлийн түүхүүд
Баавгай, арслан, бар гурвын насан туршийн нөхөрлөл
2001 онд АНУ-ын нэгэн хууль бус циркт Балу/баавгай/, Лео/арслан/, Шер Хан/бар/ гэсэн гурван араатан хүнд нөхцөлд амьдарч байсныг цагдаа нар илрүүлжээ. Эдгээр араатнууд туранхай, аймшигтай бохир орчинд байсны зэрэгцээ бага наснаасаа зэрлэг байгальд бус, хүний хяналт дор өссөн учраас өөрсдийн төрөл зүйлийн зөв совинг ч бүрэн хөгжүүлж чадаагүй олдсон байна.
Цагдаа нар тэднийг авран амьтдын хамгаалах төвд шилжүүлсэн байна. Гайхалтай нь тэднийг тусгай хамгаалалтын дор тус тусад нь өсгөх гэсэн боловч энэ нь бүтээгүй аж. Балу, Лео, Шер Хан гурав нэгнээсээ огт салахгүй байнга хамт байж, харилцан нэгэндээ тусалж байгааг нь ажиглагдсан тул хамгаалагчид тэднийг хамт байлгахаар шийдсэн байна.
Тэд хамт байхдаа хэзээ ч хоорондоо зодолдож, өрсөлдөж байгаагүй. Ихэнхдээ хамт хэвтэж, бие биеэ дулаацуулж нэгнийхээ үсийг цэвэрлэж, хоол амьдрах орчноо хуваалцдаг байв.
Тэднийг олох үед баавгай хамартаа хүнд гэмтсэн байсан ба хагалгаа хийлгэх шаардлагатай болсон байна. Түүнийг тур хугацаагаар тусгаарлахад арслан, бар хоёрын сэтгэл түгшиж, ихэд санаа зовсон, тогтворгүй ааш зантай болж байжээ.
Тэдний нөхөрлөл 15 жил үргэлжилсэн бөгөөд Лео арслан 2016 онд, Шер Хан бар 2018 онд таалал төгссөн байна. Балу баавгай ганцаараа үлдсэн ч найзуудынхаа дурсгалыг үргэлж санаж, амьдралынхаа сүүлийн жилүүдийг чимээгүй өнгөрөөсөн гэдэг. Энгийн нөхцөл байдал дээр эдгээр гурван араатан уулзах боломжгүй, өрсөлдөгчид байх магадлал өндөртэй. Гэвч бага наснаасаа хамт өссөн тэд нөхөрлөлийн үнэ цэн, амьтад хүртэл бие биеэ хамгаалж, хайрлаж чаддагийг харуулсан хамгийн тод жишээ юм.
Заан ба нохой хоёрын үнэнч нөхөрлөл
Тара бол The Elephant Sanctuary-д амьдардаг аварга биетэй заан. Харин Белла бол тэнд аж төрж байсан золбин нохой аж. Тара бусад заантайгаа нээх дотно биш бөгөөд нэг л өдөр Белла нохойтой найзалж эхэлснээр, хамгийн сайн найзууд болцгоосон юм.
Тэд өдөр бүр хамтдаа алхаж, тоглож, цаг хугацаа бүрийг хамтдаа өнгөрөөнө. Белла нохой нэг өдөр нуруугаа хүнд гэмтээж, эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон байна. Энэ үед Тара найзынхаа биеийн байдлыг мэдсэн мэт хамгаалах байрны ойролцоо хэдэн хоногийн турш хөдлөлгүй сууж, найзыгаа хүлээжээ. Хоёр өдрийн дараа Белла эмнэлгээс гарахад Тара байрнаасаа огт хөдлөөгүй байсан бөгөөд найзыгаа хараад тэд хоёул баяртай байжээ.
Энэ хоёр амьтан насан туршдаа дотно харилцаатай байсан юм. Белла 2011 онд нас барсан ч Тара олон жилийн туршид түүнийг хайсаар байжээ. Тэдний нөхөрлөлийн түүх нь амьтад ч гэсэн хүний адил хайрлаж, үнэнчээр нөхөрлөж чаддагийг дахин нотолсон гайхамшигтай жишээ болсон юм.
Эх сурвалж: CBS news, Intelligent Living
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!