Э.Цэндбаатар Дэлхийн аваргад өрсөлдөх эрхтэй боллоо


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-02-17

Мэргэжлийн боксын “WBA” холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar 2025”” тэмцээн энэ сарын 15-нд болж өндөрлөлөө. Онцлох нь Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар нь Мексик улсын тамирчин Педро Родригестой тулалдсан бөгөөд 6 дугаар үед буулган авч ялалт байгууллаа.

Энэхүү ялалтаар Э.Цэндбаатар Төв Азийн хөнгөн жингийн Аваргийн Бүсээ хамгааллаа. Тэрбээр энэ удаагийн тулаанд ялалт байгуулснаар ирэх 5-р сард болох Дэлхийн аваргад өрсөлдөхөөр боллоо.

Монгол Улсад анх удаагаа болсон энэхүү тэмцээнд гадаад дотоодын 14 тамирчин оролцсон юм.

Энэ тулаан болохоос сарын өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэдээлэл хийх үеэрээ  мэргэжлийн боксын өөрийн жингийн аваргын бүс хамгаалах 12 дахь тулаанаа хийх болсноо мэдэгдсэн. Тэрбээр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тэр дундаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авч байсан юм. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн бол энэ удаагийнх Монголд боллоо.

#Э.Цэндбаатар