Мэдрэлийн ховор эмгэгтэй ДҮҮГИЙНХЭЭ ХАМТ триатлоны тэмцээнд оролцдог 11 НАСТАЙ АХ


Сондор | YOLO.MN
2018-05-16

Мэдрэлийн ховор хэлбэрийн эмгэгтэй төрсөн Лукас Алдрихыг хэзээ нэгэн өдөр триатлоны уралдаанд оролцоно гэж хэн ч санаагүй байх. Гэхдээ том ах Ноагийнхаа хамтаар ах дүү хоёр ямар ч саадыг давахад бэлэн гэдгээ харуулсаар байна.

11 настай Ноа Алдрих, “Дүүг маань төрөхөд эмч нар түүнийг ярьж, алхаж чадахгүй гэж ээж аавд минь хэлсэн. Түүнийг бүр 10 нас ч хүрэхгүй байж магад гэсэн. Өнөөдөр түүний 10 насны төрсөн өдөр болоход хэдхэн сар дутуу байхад бид хоёр 15 дахь удаагаа триатлоны уралдаанд оролцох гэж байна.” хэмээн ярьжээ. 

Ах дүү Ноа, Лукас хоёрын ээж Алисса Алдрихын ярьснаар ярьж, явж, өөрийгөө хооллож чадахгүй ч 9 настай Лукас тэдний мэдэх хамгийн аз жаргалтай хүүхдүүдийн нэг гэнэ. 

Ноа Алдрих 8 настайдаа дүүтэйгээ хамт тэмцээнд орж байгаа нь

4 жилийн өмнөөс Ноа, Лукас хоёр хамтдаа триатлоны тэмцээнд оролцох болжээ. Ноа, “Усанд сэлэлтийн үеэр би Лукасыг завин дээр суулган чирж явдаг. Дугуйн тэмцээний үед Лукасыг арын чиргүүлэн дээр суулган авч явдаг. Харин гүйлтийн үеэр би түүнийг урдаа түрэн гүйдэг. Би энэ бүгдийг Лукасын төлөө хийдэг. Яагаад гэвэл тэр бидэн шиг спортоор хичээллэж чадахгүй шүү дээ. Бид хоёр одоо энэ амралтын өдрүүдээр болох триатлоны уралдаанд оролцохоор бэлдэж байна.

Тэмцээний өмнө би их сандардаг. Би Лукасыг өвтгөчихвий гэж айдаг. Уралдаанд түрүүлэх эсэх нь хамаагүй, Лукас л зүгээр байх ёстой.” хэмээн ярьсан байна. 

Алисса Алдрихын ярьснаар уралдааны өмнө Лукас маш “чухал” царай гарган, уралдахад бэлэн гэдгээ илэрхийлдэг гэнэ. Эхлээд Ноа дүүгээ завин дээр суулган 180 м гаруй замыг сэлж дуусгадаг. Үргэлжлүүлээд Лукасыг дугуйны зориулалтын  чиргүүлд суулган 5-8 км уралддаг байна. Ингээд хамгийн сүүлд Ноа дүүгээ тэргэн дээр суулган түрж 1.6 км үргэлжлэх замыг туулдаг аж. 

Ноа, Лукас хоёрын аав Брайан Алдрихын хэлж байгаагаар Ноа биеийн болон сэтгэл зүйн маш их бэлтгэлтэй гэнэ. Учир нь Ноа энэ бүхнийг дүүгийнхээ төлөө хийж байгаатай холбоотой аж.  

Брайаны хэлж байгаагаар тэдэнд өдөр бүхэн үнэ цэнэтэй байдаг аж. Ноа, Лукас хоёр хэр олон удаа триатлоны тэмцээнд орохыг хэн ч тааж мэдэхгүй ч ах дүү хоёр аав ээжийнхээ бахархал болоод зогсохгүй бусдад саад бэрхшээлийг давах эрч хүч, урам зориг, итгэлийг өгсөөр байна.

#Neurotic #Younger #Brother