Б.Ариунзаяа: Улсынхаа Төрийн ордонд ажиллах үнэхээр азтай хэрэг байлаа


Т.Онон | YOLO.MN
2025-02-14

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийлээ. Хөтөлбөр ажлын 20 хоног үргэлжилсэн бөгөөд их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан хамрагдсан юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 1600 хүүхдээс шалгарч, нэг сарын хугацаанд бүтээлч ажилласан оюутнуудад амжилт хүсэж үг хэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулж, дадлагажигч оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажилласан юм. Мөн оюутнууд УИХ-ын гишүүдийн ажиллаж буй Байнгын хороод, ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд боловсруулсан зөвлөмжөө өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвад хүлээлгэн өглөө.

Япон Улсын Хитоцүбаши их сургуулийн оюутан Г.Өсөхбаяр:


-Улсынхаа хууль тогтоох дээд байгууллагад ажиллах боломж олгосон Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын оюутны холбоонд талархал илэрхийлье. Нэг баг болон асуудлыг хамтдаа судалж, шийдвэрлэсэн найзууддаа баярлалаа. Миний цээжинд яг одоо “Гайхалтай” бас “Хурдан” гэсэн хоёрхон үг байна. Олон зүйл сурч, мэдэж авлаа. Хүн бүр өөрийн гэсэн асуух асуулттай орж ирээд түүндээ хариулт авсан байх. Бид энэ хөтөлбөрийн анхдагч учир хариуцлагатай байж, дараа дараагийн оюутан залууст боломж олгоё. Зүгээр нэг хөтөлбөрийн төгсөгч биш хариуцлагатай иргэн байя гэлээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа:

-Өөрийн үеийн хамгийн идэвхтэй 99 оюутантай хамт байлаа. Оюутан бүр нийгэм болон өөртөө, бусдадаа санаа сэтгэл тавьдаг хүмүүс байсан. Улсынхаа Төрийн ордонд ажиллах үнэхээр азтай хэрэг байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

#Нээлттэй парламент #оюутны дадлагажих хөтөлбөр