Хатаж, хагдарсан ирээдүй рүү тэмүүлээд ч байх шиг. Хааяа бас бачуурах юм аа. Хаашаа ч хамаагүй гүйн хамаг бүхнээ уудалж хашхирмаар. Ийшээ харлаа уур бухимдал, тийшээ ч харлаа зовлон зүдгээр. Утаа, түгжрэл, үхэл энэ нийгэмд болж, бүтэж байгаа юм байна уу?
Хэнд хандах вэ, элгээ тэврээд ээждээ юу эсвэл энэ орны эрх баригчид руу юу? Ус, ургамал, цэцэг навч, эх орныг минь тэд хайрлаж байна уу. Хайлаа, харлаа олохгүй юм. Магадгүй асуудал бидэнд ч бий. Гэтэл асуудлаа бид түлхэхээс наадаггүй. Анзаарч нэг хараагүй ч байх, өнгийгөөд нэг харъя л даа. Бид юуг анхааралгүй өнгөрч, юунд төвлөрөх вэ. Энэ бүх эргэцүүллийг Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын “ИРГҮН” бие даасан үзэсгэлэнгээс тольдож болохоор.
Түүний үзэсгэлэнгийн үүдээр орлоо. Баримтат гэрэл зургуудаар дүүрэн өрөө. Эхний сэтгэгдэл гэгээлэг, дулаан юм. Цааш алхаж хоёр дахь хэсэг рүү ороход харин тэс өөр мэдрэмж, харанхуй бас гэрэлтэй. Бид хаана алдаж, хаана унаснаа эргэцүүлэх боломж. Харин гурав дахь хэсгийг уншигч та бүхэнд таавар болгон үлдээе.
Ийнхүү уран бүтээлч, гэрэл зурагчин Баттулгын Бат-Оргилтой ярилцах завшаан тохиов. Үзэсгэлэнгийн талаар болон уран бүтээлүүдийнх нь талаар сонирхож асуулаа.
Тэрээр “Үзэсгэлэнгийн маань эхний хэсэг “Метро Метрополис Меросексуал” гэх нэртэй. 13 жилийн турш хөдөлмөрөө шингээсэн бүтээлүүдээ дэлгэлээ. Энд ОХУ, Герман, БНХАУ руу явах бүртээ авсан баримтат гэрэл зургуудаа толилуулсан бөгөөд хязгаарлагдмал анхны хэвлэлээр хүргэж байна. Хоёрдугаар хэсэгт “Product of Mongolia” консепт гэрэл зургийн инсталяц бүтээл бий.
Ерөнхийдөө, хариуцлагатай уул уурхайн асуудлыг хөндсөн. Манай улсад сүүлийн жилүүдэд ган гачиг, зуд, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон. Гэхдээ эцсийн үр дүндээ юунаас болсон нь тодорхойгүй. Уг асуудлыг бүтээлээрээ илэрхийллээ.
Эл үзэсгэлэнгээ “иргэн” гэж нэрлэсэн. Ер нь иргэний үүрэг гэж юуг хэлдэг юм бэ. Бид өөрсдөө үүргээ мэдэж, шаардлагаа зөв тавьдаг байх шаардлагатай. Жижиг, том гэлтгүй асуудал байвал шаардлагаа тавьж чаддаг байх хэрэгтэй.
Жишээ нь, Манай улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын том байгууллага нийслэлийн төвд парк байгуулсан. Тэг голд нь маш том төрийн далбааг мандуулсан даа. Гэхдээ буруу зураглалтай далбааг мандуулсан байгаа. Манай улсын төрийн далбааны арга билэг нар зөв чиглэсэн байдаг. Гэтэл тэрхүү арга билгийг зөв тэмдэглээгүй байв. Олон улсын томоохон байгууллага улсын маань төрийн далбааг буруу тэмдэглэнэ гэдэг нь этикийн хувьд маш том алдаа.
Эцсийн дүндээ, зураг бүхэн өөрийн гэсэн утга санаатай. Орчин үеийн урлаг ч ямарваа нэгэн зүйлийг шүүмжилж, илэрхийлдэг болсон. Бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжлэхээс илүү илэрхийлж байх нь уран бүтээл ч хүний үүрэг юм болов уу даа” гэлээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 28-ыг дуустал үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцаарай.
Үзэсгэлэнгийн зургуудаас хүргэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!