К-ПОП оддыг хэрхэн шалгаруулж авдаг вэ?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-07-04

Сүүлийн жилүүдэд өмнөд Солонгос улсын К-поп давалгаа дэлхий нийтийг хамруулж, асар хурдацтайгаар Ази төдийгүй баруунд хүчээ авсаар байна. Үүнийг дагаад К-поп-д дуучин болохыг хүссэн залуус ч цөөнгүй байдаг аж. Энэ удаад та бүхэнд Өмнөд Солонгосын агентлагууд хамтлаг дуучдаа хэрхэн сонгож авдаг талаарх сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ.

Шалгаруулалт:
Албан бус шалгаруулалт: Өмнөд Солонгост маш олон төрлийн телевизийн нэвтрүүлгүүд байдаг. Үүн дотроос урлагийн чиглэл нь түлхүү хөгжжээ. Телевиз бүр өөрсдийн нэрийн хуудас болсон дууны тэмцээн, хөгжмийн нэвтрүүлгүүдтэй байдаг. Тиймдээ ч тэндээс алдартай дуучид төрөн гарах магадлал маш өндөр. Янз бүрийн нэвтрүүлгүүдэд оролцож, ялагч болсон ч, ялагч болоогүй байсан ч том энтэртайменттэй гэрээ байгуулсан дуучид маш олон байдаг. Жишээлбэл алдарт дуучин Lee Hi болон Akdong Musician хамтлаг ‘K-pop star 2’ шоунд оролцож YG энтэртайментаас урилга авсан байдаг.

Албан ёсны шалгаруулалт: Өмнөд Солонгосын энтэртайментууд жил бүр шалгаруулалт явуулж, маш олон төрлөөр дадлагажигчдаа сонгон авдаг. Энэхүү шалгаруулалт нь тогтсон хугацаагүй бөгөөд тухайн энтэртайментаас тусгайлан баталж, өөрсдийн сонгосон орнууддаа очиж албан ёсны шалгаруулалт хийдэг. Ингэхдээ уг энтэртайментийн алдартай хамтлаг эсвэл дуучид нь шүүгчээр суух тохиолдол олон байдаг.

Өмнөд Солоносын “BIG 3” гэгддэг YG, SM, JYP энтэртайментууд ихэвчлэн дэлхий даяар шалгаруулалт явуулдаг. Дийлэнх хүмүүс Кпоп урсгалыг цөөн тооны хүмүүс сонсдог гэж ойлгодог боловч 2015 онд SM-ээс Европ, АНУ-д шалгаруулалт явуулахад 80,000 гаран залуус оролцож байжээ. Тэдний 2015 онд болсон шалгаруулалт есөн орны 28 хотод зохион байгуулагдсан бөгөөд эдгээрт Монгол улс багтаж байсан юм.

Зөвхөн дуучин шалгаруулж авдаг гэдэг нь ташаа ойлголт юм. Энтэртаймент бүр тухайн жилдээ шаардлагатай тоогоор дуучин, жүжигчин, хөтлөгч, загвар өмсөгч, хөгжмийн зохиолч, бүжигчин гэх мэт төрлөөр шалгаруулалтаа явуулдаг.

Шалгаруулалт болох өдрийг хэрхэн мэдэх вэ?
Шалгаруулалт зөвхөн нэг өдөр болоод өнгөрөхгүй бөгөөд улс орон бүрт хэд хоногоор үргэлжлэхийг албан ёсоор зарладаг. Харин зарлагдах товыг тухайн энтэртайментийн албан ёсны хуудаснаас харах боломжтой.

Жишээ нь:
SM энтэртаймент
JYP энтэртаймент
YG энтэртаймент

Энтэртайментууд шалгаруулалт хийхдээ юуг харгалзан үзэх вэ?  /нийтлэг шаардлага/
Өмнөд Солонгосын дийлэнх энтэртаймент шалгаруулалтанд оролцогчдыг царайны зөв төрхтэй, биеийн зөв пропорцтой байхыг шаардана. Кпоп хамтлагуудад, ялангуяа эмэгтэй хамтлагт  илүүдэл жинтэй гишүүд байх нь маш ховор үзэгдэл. Учир нь агентлагууд шалгаруулалт хийхдээ өндөр жинг тодорхой заачихсан байдаг аж.

Мэдээж хамгийн чухал нь авъяас. Дуулах, жүжиглэх, загвар өмсөх гэх мэт төрөл бүрийн авьяастай бол энэ нь давуу тал болдог. Учир нь нэгэнт к-поп хамтлагт орсон бол цаашид дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд л төрөл бүрийн салбарт хүч үзэх шаардлага тулгарна.

Хэлний мэдлэг. Солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг, бичдэг байхаас гадна англи болон япон хэлийг зайлшгүй мэддэг байх ёстой. Учир нь Өмнөд Солонгосын ихэнх хамтлагууд дуугаа англи болон японоор дуулах төдийгүй японд үйл ажиллагаа явуулах нь энгийн үзэгдэл юм.

Хувь хүний соёл. К-поп урсгалын нэг хэсэг болсон л бол заавал ёс суртахуунтай байх ёстой.Үүгээрэ эбарууны хөгжмөөс эрс ялгардаг байна. Өмнөд Солонгост өөрөөс нь түрүүлж дуучин болсон хүнийг “сонбэ” хэмээн хүндэтгэн харьцдаг бөгөөд, өөрөөс нь сүүлд дуучин болсон хүнийг хүбэ хэмээн мөн хүндэтгэж дууддаг аж. Танидаг, танидаггүй нь хамаагүй, нэр алдар муутай, олонд танигдаж амжаагүй байсан ч заавал өөрөөсөө ахмад дуучинтай хүндэтгэлийн үгээр харьцах ёстой.

Мөн мансууруулах бодис, согтууруулах ундаатай холбоотой асуудалд орооцолдвол тухайн хүний карьерт арилшгүй том толбо болон үлдэнэ. Хамтлаг дуучдын хувьд тэргүүн эгнээнд үзэгчдийг тавих ёстой, хэрэв үзэгчдээ хүндлээгүй, үзэгчдээс шүүмж сонсвол заавал уучлалт гуйдаг. К-поп дуучид шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйсан хэдэн зуун мянган тохиолдол бий. Жишээлбэл хүмүүсийн сайн мэддэг Bigbang хамтлагийн гишүүн Taeyang нэгэн шоуны үеэр “F...k You” гэсэн бичигтэй цамц өмсөж гарч ирсэнд, үзэгчдээ хүндлээгүй хэмээн олон нийт дургүйцсэн бөгөөд удалгүй нэвтрүүлгийн багийнхан болон дуучин маань уучлалт гуйсан юм. Зөвхөн дуучид гэлтгүй жүжигчид ч мөн уучлалт гуйсан тохиолдол маш олон.

Жишээлбэл жүжигчин Паг Шинхе “Эмч нар” (Doctors) кинонд тоглож байхдаа хумсандаа өнгөгүй лак түрхсэн байжээ. Үүнийг хүмүүс нэгэнт анзаарсан тул эмчийн дүрд тоглож байхдаа хумсаа будсан хэмээн түүнийг шүүмжилж, тэрээр олон нийтээс уучлалт гуйж байсан аж.

Яагаад Өмнөд Солонгост  дуучин болохыг хүсдэг вэ?
Кпопын зах зээл маш том. Өмнөд Солонгост хамтлагийн дуучин эсвэл энгийн нэг дуучин болсон ч өөрийн өдөр тутмын хэрэглээний мөнгийг хангалттай олчих боломжтой.  Хэрвээ сайн агентлагт орвол илүү их цалинтай байдаг аж. Хараахан олонд танигдаж амжаагүй энтэртайментууд нь маш их хичээл зүтгэл, урт удаан хугацааны хөдөлмөр шаардах бол алдартай энтэртайментэд орох нь таныг анхны цомгоо гаргасны дараа л олны танил болгочихно.

Дээр дурьдсанчлан зөвхөн дуулах бус кинонд тоглох, алдартай нэвтрүүлгүүдэд хөтлөгч хийх, энтэртаймент шоунд шүүгчээр суух, алдартай брэндийн нүүр царай болох гэх мэт маш олон төрлийн ажил хийж болно. Жишээлэхэд 2016 онд Bigbang хамтлагийн рэппэр T.O.P сард авдаг цалингийнхаа 95%-ийг дуудлага худалдаанаас урлагийн бүтээл худалдан авахад зарцуулдаг ба үлдсэн 5% нь түүний амьдралд хангалттай хүрэлцдэг хэмээн ярьсан нь олны анхаарлыг татсан юм. Өөрөөр хэлбэл Кпоп дуучид сард олж буй орлогынхоо 5%-иар л тухайн сарынхаа хэрэгцээг хангачих боломжтой байдаг гэсэн үг юм.

Хамгийн чухал нь зөв сонголт хийх. Сүүлийн үед залуус маань Өмнөд солонгост дуучин болохыг маш ихээр хүсэх  болов. Гэвч дуучдын амьдралыг өөрсдийн үздэг клип, нэвтрүүлэг, уншдаг мэдээгээр төсөөлж болохгүй. “Korean idol”гэх нэрний ард асар их хөдөлмөр, хичээл зүтгэл бас золиос байдаг. Шаардлагатай үед чамд мэс засал хийхийг санал болгоно, өдөрт 1-2 цаг унтана, дадлагажигч болвол сургуулиа орхино. Өөрийнхөө олон зүйлийг золиослож дадлагажигч болсон ч ирээдүйг тааварлашгүй тул эрүүл мэндтэй холбоотой асуудал гарна. Маш бага идэж, үргэлж дэглэм барих шаардлагатай байдаг тул ухаан алдах нь энгийн үзэгдэл болно. Зарим тохиолдолд та тухайн агентлагтаа бэлтгэгдсэнийхээ төлөө мөнгө төлөх шаардлага гарна. Сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлөх бөгөөд дуучин болсныхоо дараа олсон орлогынхоо дийлэнхийг энтэртайментдаа өгнө. Унших нэг өөр, хийх нэг өөр тул уншихад “болчих, бүтчих” юм шиг санагдаж байгаа ч бодит байдал дээр бодсоноос тань тэс өөр байх болно. Олон жил гэрээ хийж бэлтгэгдчихээд дуучин болж чадалгүй буцсан хэдэн зуун мянган охид залуус байдаг.

“Шантрах”-аас өөр маш олон асуудал бий, гэр бүлээс нь дэмжихгүй байх эсвэл эрүүл мэндийн асуудал гарах гэх мэт. Болохгүй, бүтэхгүй талаас нь харж байж болох ч энэ нь дуучин хүнд заавал тохиолдох бэрхшээл юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

#Kpop #star