Хүссэн хүн бүхэнд үл үзэгдэх энэ жигүүртэн нь далайн түвшнээс дээшээ 2000-2500 метрийн өндөр ууланд амьдардаг. Хойлог шувуу нь нутаг сэлгэн нүүдэлдэггүй нэг газартаа насан туршдаа амьдардаг суурин шувуу юм. Уг шувуу нь нар мандах шингэх үед олноор цуглаад адуу янцгаах мэт дуугардаг.
Хойлог нь нисэх үедээ газрын өөд явгалан гүйж өндөрт хүрээд далавчаа хэд хүчтэй дэвж хүчээ аваад дахиж дэвэлгүй халин нисэж нэг уулын оройгоос нөгөө уулын оройд хүрдэг. Их нуугдмал амьдралтай хойлог нь үдийн нар хөөрөх үед уулын ар цармаар сүрэглэн идээшлэдэг ба нэгээс хоёр нь харуулын үүрэг гүйцэтгэдэг.
Тухайн харуул нь ангууч амьтдын бараа харагдмагц дуу авиагаараа бусаддаа дохио өгнө. энэ үед сүргийн бусад гишүүд уулын оргил өөд явгалан гүйх нь сонирхолтой.
Хойлог нь янгир ямаатай хоршиж амьдрахын зэрэгцээ нэг нэгэндээ аюулын дохио дамжуулдаг. Тухайлбал янгир аюул осолтой тулгарсан үедээ хад тогшиж часхийтэл турхирна. Харин хойлог чангаар дуугарна. Ийнхүү тэд нэгнийхээ чимээг сонсоод аюулгүй газар руу зугтааж амиа хамгаалдаг байна.
Хойлог шувууд нь гурван сарын сүүл дөрвөн сарын эхээр ороо нь эрт ордог. Энэ үед өвлийн сүрэг тарж эр эм хойлог шувууд үржлийн хос үүсгэнэ. Ингээд хос хойлог шувууд уулын задгай энгэр хад чулууны хоорондох нөмөр газарт үүрээ засдаг байна.
Үржилд орсон эм хойлог 5 сарын сүүлээр өндөглөөд ойролцоогоор 28 хоногийн турш +42 хэмийн биеийн дулаанаар өндгөө бүлээцүүлэн бойжуулдаг. Чингис хаан хойлог шувууг алж болохгүй зарлиг буулгасан байдаг. Энэ нь монголчууд эрт дээр үеэс хойлог шувууг ихэд хүндлэн хайрлаж хамгаалж ирсний илрэл юм.
Хойлог шувуу нь уулын эко системд чухал нөлөөтэй. Тухайлбал иддэг өвс ургамлынхаа үрийг газарт тарааж цацдаг нь өвс ургамлын ургалтад сайнаар нөлөөлж сангас нь байгальд маш сайн бордоо болдог.
1953 оноос агнахыг хуулиар хориглож Монгол улсын улаан номд ховор амьтнаар бүртгэгдсэн. Алтайн хойлог шувууг хууль бусаар ангнасан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хуульд зааснаар Тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсвэл Эрүүгийн хуулийн 24.5 -д зааснаар 1-5 жилийн хорих ял эдлүүлнэ.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!