Өнгөрсөн шөнө Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр НАСА агентлаг Спитцер сансрын дуран авайн тусламжтай дэлхийтэй хэмжээгээр ойролцоо долоон гариг бүхий нарны аймгийг илрүүлсэн гэдгээ мэдэгдлээ.
“Ердөө” 40 гэрлийн жилийн зайд байгаа эдгээр гаригуудын гурав нь “Алтан дундаж” буюу амьдрал тэтгэх боломжтой зайд оршдог аж. Энэ нь сансар судлаачид хэмжээгээр манай дэлхийтэй ойролцоо долоон гариг бүхий өөр нэгэн нарны аймгийг илрүүлсэн анхны тохиолдол юм.
Хамгийн сонирхолтой нь долоон гариг бүгдээрээ агаар мандал нь тохиромжтой бол ус шингэн төлөвт орших боломжтой аж.
Цаашдын судалгааны ажил нь эдгээр гаригуудын агаар мандалд хүчилтөрөгч, метан, озон болон нүүрс хүчлийн давхар исэл байгаа эсэхийг нягтлах юм.
Ингэснээр тэнд амьдрал байж болох магдлал 99 хувийн найдвар төрүүлнэ гэж судалгааны ажлыг ахалсан Майкл Гиллон хэлжээ.
Шинээр нээсэн Траппист-1 одны систем нь Бумбын ордны орчимд буюу манай дэлхийгээс 376 их наяд километрийн алсад байрладаг бөгөөд долоон гариг бүгдээрээ манайхтай ижил хатуу гадаргуутай байж магадгүй юм.
Гаригууд эх од болох хүйтэн одой одыг тойрон эргэдэг бөгөөд хамгийн дотор талын гариг бүтэн тойрохын тулд манай дэлхийн цагаар 1,5-2,4 өдөр, зургаа дахь гариг 12 өдөр, хамгийн гадна талын гариг 20 өдөр зарцуулдаг аж.
Энгийнээр манай Бархасбадь гаригтай ойролцоо хэмжээтэй эх одоо тойрон эргэж буй эдгээр гаригуудын хувьд нэг жил гэдэг манай нэг сартай ч тэнцэхгүй богино юм.
Түүнчлэн гариг хоорондын зай нь манай дэлхий сар хоёрын зайнаас бага болохоор аль нэг гариг дээрээс нь нөгөө гаригийнхаа гадаргууг харах боломжтой гэсэн үг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх