ЗАХИДАЛ: Дөрөвдүгээр сарын захидлын хариу №6


ССҮТөв | YOLO.MN
2020-04-24

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.


АСУУДАЛ: Би тэр тэтгэлгийг авна гэдэгтээ итгэлтэй байсан

Сайн уу? Би зөвлөгөө авах гэсэн юм. Би энэ жил 12-р ангиа төгсөнө. Яг 1 жилийн өмнөөс жил бүр зарлагддаг нэгэн тэтгэлгийн талаар мэдээлэл аваад тэр тэтгэлэгт шалгалт өгнө гээд шаргуу бэлдэж эхэлсэн. Гэтэл коронавирусээс болоод энэ жил тэр тэтгэлэг маань зарлагдах үгүй нь мэдэхгүй юм. Уг нь тэр тэтгэлгийг авна гэдэгтээ их итгэлтэй байсан юм. Харин одоо юу хийхээ мэдэхгүй байна. Энэ жил зарлагдахгүй бол би юу хийнэ ээ гэж бодохоор сэтгэл санаагаар унаад байна. Надад тохирсон ямар нэгэн зөвлөгөө байвал өгөөч. Баярлалаа!

ЗӨВЛӨГӨӨ: Дараагийн алхмаа бодоорой

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Биднээс хамаарах боломжтой, хамаарах боломжгүй үйл явдал гэж байдаг. Энэ тэтгэлэг зарлагдах эсэх нь чамаас шууд хамааралгүй. Нийгмийн нөхцөл байдлаас хамаарна. Үнэхээр чиний хүчин чармайлтаас ангид зүйл байна шүү дээ. Хүлээлт болон бодит байдал хоёр хоорондоо тохирохгүй байгаа үед бид ихээхэн бухимдаж, сэтгэлээр унаж эхэлдэг. Тэгвэл энэ үед яах вэ? Чамаас юу шалтгаалах боломжтой вэ?

  • Хүлээн зөвшөөрөх
  • Хүлээцтэй байх
  • Дараагийн алхмаа бодох

Ямар ч шийд гарсан эхний ээлжинд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хүлээцтэй байж дараа дараагийн алхмаа бодоорой. Энэ тэтгэлэг биш юм аа гэхэд өөр тэтгэлгүүд олдохгүй гэж үү? Дараа дараагийн боломжууд чамд гарч ирэх болов уу. Одоо нийгмийн нөхцөл байдлаас болж олон үйл ажиллагаа зогсонги байдалд орлоо шүү дээ. Чамд тохиолдож байгаа зүйл маш олон хүнд тохиолдож байгаа гэдгийг санаарай. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Шинэ ангийнхантайгаа дасахад хэцүү байна

Сайн байна уу? Би 15 настай, эмэгтэй. Би энэ жил 10-р ангид орсон юм л даа. Сурагчдыг 9-р ангиа төгсөхөд хичээл сонголтоор өөр өөр ангид хуваарилдаг. Би ч бас энэхүү журмын дагуу сонгосон хичээлээрээ өөр ангид орсон. Гэтэл одоо хүртэл шинэ ангийнхантайгаа дасахад хэцүү байна. Өмнөх ангийн хүүхдүүд маань их нийтэч, бүгд л бие биенээ гэсэн сэтгэлтэй, нэгдмэл анги байсан. Харин энэ ангид орж ирэхэд бүх хүүхдүүд нь хувиа боддог, бие биенийгээ элдэв янзаар хэлдэг нь бүр хэвийн үзэгдэл болчихсон. Тэдний энгийн юм шиг ярьж байгаа зүйлс миний сэтгэлийг дэндүү их эмзэглүүлдэг.

Хэзээ ч энэ ангид байх хугацаандаа чөлөөтэй байж үзээгүй. Үргэлж тэднийг юу гээд хэлчих бол гэж боддог. Бас тэд бие биенийгээ үргэлж араар нь муулдаг. Тэр үгнүүдийг нь сонсоход сэтгэл шимширмээр. Намайг ч бас тэгж ярьдаг болов уу гэж маш их санаа зовдог. Өмнө нь би хичээл дээрээ буруу ч байсан хэнээс ч айлгүйгээр үгээ хэлж чаддаг байсан. Харин одоо маш их айж байна.

Есдүгээр сарын 1-нд энэ ангид анх орж ирэхдээ "Одоо миний сонгосон хичээлээр шилэгдмэл сайн хүүхдүүдтэй хамт сурна. Тиймээс хичээж сурах ёстой шүү" гэж өөрийгөө зоригжуулж, хичээлээ уйгагүй хийж, ангийнхаа хамгийн онц сурдаг сурагч болсон. Хичээлийн эхэнд тэд надтай гайгүй л харьцаж байсан юм. Надаас хичээл асууж ирдэг байсан. Бүр шалгалтан дээр хуулуулахыг ч гуйдаг байсан. Би хичээлийг нь зааж өгч хэд хэдэн шалгалтан дээр хуулуулж ч байсан. Тэрний хариуд надад нэг нь ч баярлалаа гэж хэлж байгаагүй. Тэгээд тэдэнд хуулуулахаа больсон. Шалгалтан дээр бусад бүх хүүхдүүд ард суугаад хуулж байхад би л ганцаараа урд сууж, хэнд ч туслахгүй хэнээр ч туслуулахгүй шалгалтаа өгдөг болсон. Гэтэл манай ангийн нэг охин "Энэнээс чинь болоод тэд нар чамтай харьцахгүй байгаа юм" гэж хэлсэн. Би яг яах ёстойгоо мэдэхээ байчихаад байна. Би ангийнхаа групп чат дээр ч юм бичихээс айдаг. Ганц нэг удаа юм асуух үед надтай арай л гайгүй харьцаатай байдаг хэдхэн хүүхэд л хариу өгдөг.

Манай ангийн дарга ч бас намайг бусад хүүхдүүдээс илүү зуугаад байх нь ажиглагддаг. Зарим хүүхдүүд нь намайг "Чи их шүрүүн харцтай. Ямар нэг юм асуух гээд очиход харцнаас чинь айгаад больчихдог юм" гэж хэлж байсан. Би яг яах ёстойгоо мэдэхгүй байна. Би ганцаардаж байна. Өөрийгөө яаж ойлгуулахаа үнэхээр мэдэхгүй байна. Ангийнхантайгаа дотно болох гэж оролдохоосоо айгаад байна. Хэрэв тэгэх гэж оролдвол тэд намайг "Чи хэзээ ийм болчихсон юм", "Чи зүгээр л сүнс за юу!" гэх мэтээр хэлэх вий гэхээс айж байна. Өмнө нь ч тэдэнтэй ярих гэж оролдох бүрд тэд нар нэг их тоодоггүй, үл тоомсорлосон байдалтай л байдаг байсан. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Аль болох эелдэг зан, хандлага гаргаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Шинэ орчин, шинэ анги, шинэ хүмүүстэй дасан зохицоход хүнд хэцүү зүйлтэй тулгардаг. Яагаад гэвэл бид шинэ сургууль, шинэ ангид ороход өмнөх ангийнхантайгаа одоо байгаа ангийнхныгаа харьцуулж эхэлдэг. Одоо байгаа нөхцөл байдал чиний өмнөх амьдралын туршлагаас ялгаатай байгаа тул сэтгэл санааны тогтворгүй байдалд ороод байгаа юм. Сэтгэл санаа тогтворгүй, таагүй үед биднээс таагүй харилцаа, хандлага гардаг. Тэгээд шинэ ангийн сурагчидтай муухай харилцах гээд байдаг. Тиймээс шинэ ангидаа дасахад хэцүү байсан ч аль болох эелдэг зан, хандлага гаргаарай. Чамайг ширүүн харцтай гэж хэн нэгэн хэлж байсан байна. Үүнд эмзэглэлгүй харин яаж харцаа зөөлрүүлэх дээр төвлөрвөл үр дүнтэй. Хүн болгонд засаж, сайжруулах дутагдалтай талууд байдаг шүү дээ.

Өөрийн мэддэг зүйлээ бусдад зааж, хэлж өгч тусалж байгаа чинь сайн байна. Бусдад зааж өглөө гээд бусдад хуулуулах ёстой гэсэн үг биш. Сурах, ойлгох, шалгалтаа өгөх нь сурагч бүрийн үүрэг юм. Энд чиний буруу байхгүй юм шүү. Чамд амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Сэтгэл дотор нэг л хоосон

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 18 настай, эрэгтэй. Үеийнхэн маань үерхэж үзсэн, үзээгүй, тийм юм тоодоггүй гээд янз янз байдаг байх л даа. 1 удаа бүтэлгүйтсэнээсээ хойш бууж өгөөд 20 хүртлээ хичээл, хоббиндоо л анхаараад өөрийгөө хөгжүүлье гэж бодож байсан ч хэдэн сарын өмнөөс сэтгэл дотор нэг л хоосон санагдаад, тэр талаараа найзуудтайгаа ярилцахаар тоглоом болоод өнгөрдөг л дөө. Өөр зүйлд төвлөрч мартах гэсэн ч нэг л мэдэхэд бодогдож эхэлдэг. Өсвөр насанд иймэрхүү сэтгэлийн тогтворгүй байдал байдаг ч хичээлийн бүтээмж буураад, нэг л эрч хүчгүй, өөртөө итгэлгүй болж өөрийгөө голох зэрэг асуудал гарах юм. Энэ эмзэглээд байгаагаа яавал дээр бол? Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Энэ мэдрэмжээ хэн нэгэнд илэрхийлээрэй

Өдрийн мэнд! Захиа илгээсэнд баярлалаа. Чиний сэтгэл хоосон оргиод хэцүү санагдаад байвал энэ мэдрэмжээ илэрхийлэх нь зөв. Чамайг сонсох, ойлгох нэг л хүн байхад хангалттай. Чамайг сонсоод суух найз байгаа байх. Найзуудтайгаа ярилцах гэж оролдтол тоглоом болгоод өнгөрсөн гэж байна. Магадгүй анхнаасаа яриагаа эхлүүлэхдээ нухацтай биш эхэлсэн байж магадгүй юм. Чамайг сонсох хэн нэгэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн хэн нэгнийг хайрлахаасаа, хэн нэгэнд сэтгэлээ илчлэхээс битгий шантарч зугтаарай. Дуучин Adele-ийн дууны үгэнд “хайр сэтгэл гэдэг цөөн тохиолдолд л тогтвортой үерхэл, харилцаа болдог бол ихэнхдээ бидний сэтгэлийг өвтгөөд дуусдаг... гэсэн ч би чамд хамгийн сайн сайхныг хүсэж байна, би яг чам шиг хэн нэгнийг олох болноо...” гэсэн хэсэг байдаг. Хүн болгон хайр сэтгэл бүтэлгүйтэх, сэтгэл шархлах үеийг даван туулдаг шүү дээ. Заавал би 20 нас хүртлээ үерхэхгүй гэж өөртөө хатуу шаардлага тавих хэрэг байна уу гэдгийг бодоод үзээрэй.

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Инстаграмын найзууд маань бүгд л өөрсдийгөө хөгжүүлж байна

Сайн байна уу? Би 16 настай. Карантин гээд Фэйсбүүк болон Инстаграмын найзууд маань бүгд л өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйлд суралцаж байгаагаа нийтлэх юм. Үүнийг нь хараад “би эд нараас юугаараа дутдаг юм” гэж бодоод шинэ зүйл сурч мэдэж эхлэх гэхээр хаанаас, юунаас яаж эхлэхээ мэдэхгүй юм. Уг нь Youtube-ээс зөндөө юм мэдэж авдаг ч хэрэгжүүлж чадахгүй байна. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Цахим ертөнцөөс хол байсан нь дээр

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Instagram, Facebook, Twitter гэх мэт цахим орчинд харагдаж байгаа зүйлсэд шууд итгэх хэрэггүй болов уу. Хүн бүр орчин, нөхцөлөөсөө хамаарч өөрчлөгдөж байдаг. Сургууль дээр байгаа "би" нэг өөр. Гэрийнхэнтэйгээ хамт байгаа "би" нэг өөр. Найзуудтайгаа байгаа "би" нэг өөр байдаг. Энэ бол би олон ааштай гэсэн үг биш юм шүү. “Би” нь хэзээ, хаана, хэнтэй байгаагаас шалтгаалж өөрийгөө илэрхийлэх байдал ондоо болж, өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Тэгэхээр цахим ертөнцөд өрнөж байгаа үйл явдал хэр үнэн зөв бол?

Цахим ертөнцөд хүмүүс өөрийнхөө сайн, давуу талыг л харуулахыг илүү их хүсдэг. Цахим ертөнц хүнийг бүрэн гүйцэд илэрхийлдэг зүйл биш юм. Сайхан зүйлс харах сайхан. Тэднийг хараад “би хичээх хэрэгтэй” гэсэн сэдэл авсан бол сайн байна. Гэвч зарим үед хэт сайхан зүйл хараад байхаар өөрийн амьдралыг бусдынхтай харьцуулж эхэлдэг. Бусад хүмүүсийн амьдрал чиний амьдралаас илүү байгаа юм шиг санагдаж эхлэх үед өөрийн үнэлэмж унах гээд байдаг. Хэрвээ ийм мэдрэмж төрж байвал цахим ертөнцөөс хол байсан нь дээр. Чиний хувьд “би юугаараа дутахав” гэж бодсоноос “би юу хийхийг хүсэж байна” гэдэгт төвлөрөөгүй бололтой. Тиймээс одооноос “би юунд дуртай вэ”, “би цагаа яаж өнгөрөөмөөр байна” зэргээр хүний амьдралд биш өөрийнхөө амьдралд төвлөрөөрэй. Чи гадаад хэл сурмаар байна уу? Бүжиг сурмаар байна уу? Өгүүллэг бичмээр байна уу? Эсвэл бүр бүгдийг нь хийж үзмээр байна уу? Эхлээд хүслээ тодорхой болгочихвол тэрнийхээ дагуу интернетээс зааварчилгаа бичлэгүүд үзэж болно шүү дээ. Амжилт хүсье!

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М. Анир


АСУУДАЛ: Дандаа ад үзэгдэж байна

Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Ойрын үед дандаа ад үзэгдэх болсон. Том жижиг нүд, ам, намхан хамар, биеийн өндөр гэх мэт маш олон зүйлс дээр шоолуулдаг. Өөрөө өөртөө нэг л таалагдахгүй болоод байна. Гэр бүлийнхэн маань ч гэсэн намайг тэгж хэлдэг. Тэр байтугай эгч маань намайг юу ч болсон тэгдэг. Хажуугаар нь шүргэхэд чи ингэлээ, тэглээ, тэгээ биз дээ, ийм юм байж, чи угаасаа тийм, арчаагүй амьтан, зайл (бусад хараалын үг), ичээч, гажиг гэх мэтээр хэлж доош нь хийдэг. Үүнээс болж үхэхээс ч айхгүй боллоо. Үхвэл бүх зүйл сайхан болох юм шиг байна. Дандаа л ийм, өдөр бүр ингэж хэлүүлэхээс залхаж байна. Хийсэн зүйлийг минь ч гэсэн тэгдэг. Чадахгүй юм байж, олигтойхон хийгээч гэх мэт. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийн давуу хэсэгт төвлөрөөрэй

Сайн байна уу? Бидэнд итгэж захидал илгээсэнд баярлалаа. Чамд ямар хэцүү байгааг ойлгож байна. Мэдээж байнга гоочлоод, янз бүрээр хэлээд байвал хэнд ч таатай санагдахгүй. Тусламж эрж хайж байгаа чинь маш сайн хэрэг. Эгчтэйгээ ярилцаж байсан уу? Эгчээсээ яагаад ингээд байгааг асууж үзсэн үү? Эгч нь их стресстэй байдаг байж магадгүй юм. Бас чамд ингэж хэлэх бүрдээ ямар хэцүү мэдрэмж өгч байгаагаа мэддэггүй байх. Тиймээс чи эгчдээ мөн гэрийнхэндээ чамд ямар хэцүү байгааг тодорхой хэлж, албан ёсоор тусламж хүсэх хэрэгтэй. Цэгийн оронд нөхөж бичээрэй: “.... намайг ...., ...., ..., гэж хэлэхэд надад ...., ..., ...., гэж санагдаж .... мэдрэмж төрдөг. Надад хэцүү байна. Би үхэхээс ч айхгүй боллоо. Тиймээс надад дахиж .... гэж хэлж доромжлохгүй байхыг хүсэж, гуйж байна”.

Үүнийг хүн тус бүрд хандан бичсэн ч болно. Тэгээд хэлж чадахгүй байвал захидал болгож өгч болно. Бас тэдний сайн сайхан талыг дурдаж, баярлаж талархсан зүйлээ ч хэлэх юм бол чиний хүсэлтийг хүлээж авах магадлал нь улам их байна. Нэг удаа хэлээд эсвэл захиа өгөөд бүх зүйл өөрчлөгдөнө гэж битгий найдаарай. Хүнийг өөрчлөхийн тулд маш олон арван, зуун удаа хэлэх хэрэгтэй байдаг юм.

Хүн бүхэнд маш сайн хийж чаддаг, тааруухан хийдэг эсвэл бүр хийж чаддаггүй зүйлс гэж байдаг. Тиймээс чамд маш сайн хийж чаддаг зүйл байгаа. Тэрийгээ ч сайн хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн хүн бүрийн гоо зүйн мэдрэмж өөр. Тиймээс бид угаасаа хүн бүхэнд хөөрхөн, сайхан харагдахгүй. Чамайг хөөрхөн гэж харах хүн байхад царай муутай гэж харах ч хүн байгаа. Хүмүүс чамайг гоочлох бүрт миний юу гоё билээ? Би юу хийж чаддаг билээ? гэх зэргээр өөрийнхөө давуу хэсэгт төвлөрч өөрийгөө улам илүү хайрлаж байгаарай. Бусдын хэлж буй үгэнд автахгүйг хичээж өөрийгөө хамгаалж сураарай. Дахин захидал бичихийг хүсвэл бичээрэй. Бид дуртайяа хариу илгээх болно. 

- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г. Отгонцэцэг


Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#ССҮТ #Захидал #Letter