Агаар салхинд гарахдаа хачигт халдвараас сэргийлээрэй


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-05-18

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

Монгол Улсын 21 аймаг есөн дүүрэг, бүх сумдад халдварын голомттой учраас ойн болон бэлчээр малын хачиг хамгийн элбэг байдаг. Монголд хачгаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байна.

Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Халдвартай хачигт хазуулах, хачгийг няцлах үед цусаар нь халдвар дамждаг. Хачигт хазуулахад төрлөөсөө шалтгаалж хэд хэдэн шинж тэмдэг илэрнэ.

Хачигт энцефалитыг үүсгэдэг хачиг ихэвчлэн ойт хээрийн бүсэд байдаг бөгөөд халдвар авч хүндэрвэл хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Хачигт хазуулсны дараа ихэвчлэн нууц үе 3-21 хоногт бие суларч, толгой хүчтэй өвдөх, хэл цайвар өнгөртэй болох, хүзүү хөших, нүүр, гар, хөл зэрэг эрхтэн мэдээгүй болж саажих, удаан хугацаагаар унтах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Зарим тохиолдолд ухаан алдаж унадаг.

Хачигт боррелиоз нь бэлчээрийн хачгаар дамждаг бөгөөд хүний мэдрэлийн тогтолцоо, арьс, зүрх судас, үе мөч, тулгуур зэрэг эрхтэн системийг сонгомлоор гэмтээдэг хор хөнөөл ихтэй. Хачигт хазуулсны дараа бие сулрах, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, зүрх, үе мөчөөр өвдөх, арьсаар цагирган хэлбэрийн том, цөөн тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хачигт энцефалитаас яаж сэргийлэх вэ?

- Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй битүү хамгаалах өмсгөл хэрэглэх

- Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах

- Хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх. Хувцсандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэх

- Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм. Дархлаажуулалтын гурван тунг хийлгэсэн байх шаардлагатай. Голомтот нутгийн хүн ам эхний тунг 9-11 сард хийлгээд хоёр дахь тунг 14-30 хоногийн дараа хийлгэнэ. Давтан дархлаажуулалтыг жилийн дараа хийлгэнэ.

Хачигт хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ:

- Хачигт хазуулсан тохиолдолд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авч, битүү саванд хийгээд шинжилгээнд хамруулах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандах

- Хачгийн тос түрхэх

- Хачиг хазсан хэсгийн газрыг спирт эсвэл марганцын сул уусмалаар угаах

- Хүйтэн жин тавих

- Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

#Зөвлөгөө #Эрүүл мэнд #Хачиг