Мэргэжил сонгоё: Програм хангамжийн инженер М.Мягмарсүрэн


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Yolo.mn сайт нь мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залуусдаа дэмжлэг болох үүднээс мэргэжил болгоны төлөөллүүдтэй ярилцаж тухайн мэргэжлийн онцлог, давуу болон сул талын талаар мэдээлэл өгдөг билээ.Энэ удаа  Програм хангамжийн инженер мэргэжлийг онцолж байна.  

"Монгол Контент" ХХК-ийн Програм хангамжийн инженер М.Мягмарсүрэнтэй ярилцлаа. 

Програм хангамжийн инженер М.Мягмарсүрэн  мэргэжлээрээ 12 дахь жилдээ ажиллаж байна.

- Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ гэдгээс яриагаа эхлэе. 
- Дунд сургуульд байхад аав ээж хоёр маань компьютер авч өгч байсан юм. Анхандаа хөзөр тоглохоос цаашилдаггүй байж билээ. Гэтэл манай хамаатны хоёр ах оюутан болж хөдөөнөөс ирээд манайд амьдрахаар болсон. Тэр хоёр ах зураг, дуу, тоглоомнууд суулгаж өгч байсан юм. Дээр үед YouTube хэрэглэдэггүй компьютер дээрээ дуунуудаа хадгалдаг байлаа. Ах нар IT мэргэжилтэй хүмүүс байсан учир тэдний нөлөөгөөр энэ мэргэжил гоё юм байна гэдэг ойлголт авсан.  

-Та ямар сургууль төгссөн бэ?
Миний үед одоогийн ШУТИС-ын харъяа КТМС гэж сургууль байсан юм. Тухайн сургуулийн Програм хангамжийн инженерийн ангийг 2012 онд төгссөн.

- Ямар хичээлээр шалгалт өгч байв? 
- Инженер болохын тулд математик, физикээр шалгалт өгөх хэрэгтэй. Нэмээд англи хэл гэсэн гурван шалгалт өгч байсан. 

- IT буюу мэдээллийн технологийн мэргэжил ямар зан ааштай хүнд тохирох бол?
Хүмүүсийн дийлэнхи нь програм код бичээд сууна гэхээр интроверт маягийн эсвэл төлөвшсөн, шатар тоглодог, сууж сурсан хүн гэж боддог. Гэтэл IT салбарт код бичихээс гадна маш олон мэргэжил байдаг. Жишээ нь хэлний мэдлэг сайтай байвал bridge engineer хийх боломжтой.  

Хөгжүүлэгч, төслийн менежер, bridge engineer, product owner, UI, UX зэрэг олон мэргэжил бий. Компьютерт дуртай, шинэ юм судлах сонирхолтой хүмүүст тохиромжтой мэргэжил юм болов уу.  

-IT-р их сургуулийн диплом эзэмшээгүй хүн ч ажиллах боломжтой байдаг уу? 
- IT-ын салбарт диплом шаардахгүй гэх чиг хандлага явдаг. IT-ын боломж, сурах мэдлэг нь англи хэлтэй л байвал интернэт орчинд байна. Өөрсдөө бие даагаад сурах бүрэн боломжтой. Монголд ч гурван сар, зургаан сарын эрчимжүүлсэн сургалтууд байдаг. Өөрийгөө дайчлаад биеэ даагаад сурч, өөрийгөө хөгжүүлж чадвал энэ мэргэжлээр ажиллаж болно.

Хувь хүн хамгийн гол нь өөрөө энэ салбарт маш их сонирхолтой байх хэрэгтэй. Түүнээс IT гоё, тренд болсон, ирээдүйд хиймэл оюун ухаан хөгжихөөр IT салбар үлдэж магадгүй гэх мэт хандлагаас болж энэ салбарт орвол ирээдүй багатай.  

- Мэргэжлийн давуу болон сул талаас дурдвал? 
- Давуу талаас дурдвал олон байна. Мэргэжилдээ дурлаад сайн байвал бүх л салбарт ажиллах боломжтой. Бидний хэрэглэж ашиглаж байгаа бүх зүйлийн ард IT програмистууд ажиллаж байдаг. Хөрвөх чадвар сайтай мэргэжил юм даа. Салбар болгон дэргэдээ IT ангитай болж байна. Хөдөө аж ахуйн сургуулийн IT анги нь хөдөө аж ахуйн техник технологийг автоматжуулах, Санхүү эдийн засгийн сургуулийн IT ангид сурвал санхүү финтекийн бүтээгдэхүүнүүд дээр ажиллах гэх мэтээр нарийн мэргэшиж байгаа болов уу.  

Нэг вэб юмуу аппикэйшн хийгээд ажиллуулсны дараа хүмүүс түүнийг ашиглах үед маш гоё бодитой мэдрэмж төрдөг. Миний хийсэн зүйл хэр сайн ажиллаж байна вэ гэдгийг тэр дор нь хараад явах боломжтой. Мэдээж бүх л салбарт их цагаар сууж ажиллах  нь бий. Миний хувьд мэргэжилдээ дуртай болохоор ажилаа хийж гүйцэтгэсний дараа маш их таашаал авдаг.  

Мөн 100 хувь зайнаас ажиллах боломжтой мэргэжил бол энэ салбарт байна. Ур чадвар, хэлний мэдлэгийн түвшин сайн байвал гадаадын компанид өндөр цалингаар хаанаас ч ажиллах боломжтой. IT-ийн инженер, программистуудад ажлын байр олдоц ихтэй байдаг. 

Шинэ технологи, хөгжүүлэлтийн чиг хандлага гарч ирэхэд судлахгүй өөрийгөө шинэчлэхгүй явбал хоцрогдоод, технологи нь байнга шинэчлэгдээд өөрөө ард нь үлдэх зэрэг нь сул тал мэт боловч нөгөө талаасаа гарч ирсэн шинэ зүйл болгоныг туршаад өөртөө туршлага болгон хуримтлуулаад ур чадвараа нэмэгдүүлээд явах нь тухайн хүний үнэлгээг өсгөж байдаг. Жишээ нь шинэ технологи болгон дээр хүн болгон орж амжаагүй байдаг түүнийг нь хийж чаддаг байх нь илүү үнэлэгдэх боломжтой.  

- IT хүн яг ямар ажил хийдэг вэ? 
- Манай компанийн хувьд вебсайт хөгжүүлэх, хийгдсэн вебсайтуудын өөрчлөлт сайжруулалтыг цаг тухай бүрт оруулах, мобайл аппликейшныг хөгжүүлэх зэрэг ажлууд хийдэг. Хэн нэгэн хүн цаас ашиглах ч юмуу эсвэл үйл ажиллагаа нь хэтэрхий гар ажиллагаа ихтэй болхи зүйл хийгээд байхад түүнийг нь автоматжуулаад тохирсон систем, програм, веб хийж өгдөг.

Жишээ нь надтай хамт ажилладаг байсан хоёр залуу цаг бүртгэлийг гар утасныхаа аппликейшнээр хийх систем хийсэн. Тэр нь цаг бүртгэл дээр хүний биометрик мэдээллийг авч болохгүй гэсэн хуультай давхцаад маш олон хэрэглэгчидтэй болж их амжилттай болсон тохиолдол бий. Бидний өдөр тутам ашиглаж байгаа програм болгоны ард программистууд хөгжүүлэгч нарын ажил явагдаж байдаг. 

- Салбарын эрэлт хэрэгцээ хэр их байна гэж үзэж байна вэ? 
- Бүх салбарт хийгдэх ажил маш их байна. Эмнэлгээр үзэхэд би үзүүлдэг байсан эмнэлгээ солиход л өмнөх эмнэлгийн мэдээлэл байхгүй болчихдог. Гэтэл өмнөх үзүүлж байсан бүх түүхүүд шууд нэгдсэн байдлаар бүгдэд харагддаг байх систем хийдэг ч юмуу.  

- Энэ чиглэлээр суралцвал аль улсад суралцвал давуу талтай вэ? 
- Мэдээж Америкийн MIT гэх мэт том сургуулиуд байна. Хямд бөгөөд ойрхон гэвэл Хятадад том сургуулиудын салбарууд байдаг. Монголын магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд бол дэлхийн стандарт адил байгаа гэсэн үг. Сүүлийн үеийн мэргэжлүүдийн анги хүртэл Монголд нээгдсэн байна. Жишээлбэл AI, security гэх мэт.  

Хамгийн өндөр үнэлгээтэй хамгийн гоё ажлын байртай Silicon Valley Америкт байдаг. Тиймээс мэдээж боломжтой бол Америкт сурвал гоё.  

- AI-ийн талаар технологийн хүний бодлыг сонсоё.
Сүүлийн нэг хоёр жил AI маш хүчтэй орж ирлээ. AI ашигласнаараа гурван хүний хийх ажлыг нэг хүн хийх боломжтой болсон. Мэдээж мэргэжлийн хүнийг бүрэн орлох болоогүй ч цаг маш хөнгөвчилж, хүний туслах болж чадаж байна. Сүүлийн үед бидний өмнө ашигладаг байсан хөгжүүлэлтийн програмууд хажуудаа AI -г ашиглах боломжтойгоор давхар хөгжүүлэгдэн шинэчлэгдсэн. AI -тай хамт код бичдэг болсноор хажуудаа дуулгавартай, түргэн шуурхай, залхуурдаггүй туслагчтай болсон мэт мэдрэмж төрдөг.  

- IT мэргэжлийг сонирхон судалж байгаа хүүхдүүдэд хандан юу хэлэх вэ?
Тренд болж байгаа, цалин мөнгө гэсэн шалтгаанаас болж битгий сонгоорой. IT-н маш олон хичээл, влогууд англи хэл дээр байдаг учраас англи хэлдээ сайн байх шаардлагатай. Компанид ажилд орохоор ирэхэд чиний хийсэн веб, application юу байна, үүнийг хийж чадаж байна уу, энэ асуудлыг яаж давж байсан бэ, хийж үзсэн үү гэдэг зүйл л чухал байдаг.  

- Мэргэжлийн онцлогийн талаар дурдвал?
Бүх салбар луу хөрвөх боломжтой. Уул уурхай, сэтгүүлзүй, IP TV хаана ч ажиллах боломжтой. Бүх салбарт IT технологи, программистийн хэрэгцээ байдаг. 

- IT мэргэжлийн хүмүүс дунджаар ямар цалин авдаг вэ?
-
Өөрийгөө маш сайн хөгжүүлээд гадаадын улсын компаниудад ажиллавал доллараар цалинжих боломжтой. Монголдоо бол сард дунджаар 3-4 сая төгрөгний цалин авдаг. Дөнгөж төгссөн бол сая гаруй төгрөгний цалин авдаг.  

- Ярилцлага өгсөнд баярлалаа.

#мэргэжлээ сонгох #програм хангамжийн инженер