Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох зарлигаа цуцлав


А.Номин | YOLO.MN
2024-12-04

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны орой 23:00 цагт БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн ч 3 цаг хорин минут орчмын дараа 04:20 цагт уг шийдвэрээ цуцалжээ.

Түүнийг ийм шийдвэр гаргасны дараа Үндэсний ассамблейн 190 гишүүн шийдвэрийг нь хориглох санал хураалт явуулсан.

Улмаар Ерөнхийлөгч Юн "Цэргийн онц байдал зарласан шалтгаан нь төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, чөлөөт ардчиллын дэг журмыг зөрчих гэсэн эсрэг хүчнүүдээс улс орноо аврах арга хэмжээ байсан. 

Гэхдээ цэргийн дэглэмийг цуцлах Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цэргүүдийг эргүүлэн татаж байна” хэмээн мэдэгджээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг сөрөг хүчнээс гадна эрх баригч нам ч буруу гэж үзэн хориглоно гэдгээ мэдэгдэж байсан. 

Энэ явдлын дараа Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэй байгаагаа сөрөг хүчний Ардчилсан намаас мэдэгдээд байна. 

Мөн БНСУ-ын хамгийн том буюу нэг сая гаруй гишүүнтэй үйлдвэрчний эвлэлийн холбоо Ерөнхийлөгчийг огцортол ажил хаялт зарлахыг гишүүддээ уриалж байгаа аж.

Түүнчлэн цэргийн онц байдал зарлах зарлиг гаргасны дараа олон зуун хүн Үндэсний Ассамблейн гадаа цугларч, эсэргүүцэл зарласан бөгөөд цуцлах шийдвэрийг баяр хөөртэйгээр хүлээж авчээ. 

Цэргийн онц байдал нь яаралтай үед цэргийн удирдлагад шилжиж, иргэний эрхийг түдгэлзүүлэх юм. Өмнө Солонгос 1987 онд ардчилалд шилжсэнээс хойш ийм дэглэмд шилжих шийдвэр гарч байгаагүй. 

Эх сурвалж: Yonhap

#Өмнөд Солонгос