Шалгалтаа амжилттай өгөхийг хүссэн хүн бүрд хэрэгтэй зөвлөмжүүд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2024-11-20

Бүх оюутан, сурагчдын дунд шалгалт гэдэг томоохон сорилтуудын нэг  байдаг. Шалгалтдаа бэлдэх  явцад стресс, цагийн менежмент, төвлөрөл гээд олон асуудал гарч ирдэг. Гэхдээ зөв арга замуудыг ашиглавал шалгалтанд бэлдэх нь илүү хялбар, үр дүнтэй болох боломжтой. Тиймээс таньд шалгалтаа юунаас ч эмээлгүй өгөхөд туслах  чухал зөвлөмжүүдийг хүргэж байна.

Гар утас ашиглах цагаа хуваарилах

Шалгалтандаа бэлдэх үед хамгийн том сатаарал болдог зүйл бол утсаа хэт удаан хэрэглэж, үнэ цэнэтэй цагийг алдах явдал. Гар утас нь таныг хэтэрхий алсруулж, фэйсбүүк, инстаграм эсвэл тикток орохоос гадна шалгалтын бэлтгэлээ үр дүнтэй хийх боломжгүй болгоно. Тиймээс гар утсаа хичээл хийхдээ ирэх мэдэгдлүүдийг унтраах, эсвэл утсаа хол тавих нь чухал.

Цагийн хуваарь гаргах

Хийх зүйлсээ төлөвлөн цагийн хуваарь гаргах нь  хэдэн цагийг аль зүйлд зарцуулж байгаагаа ойлгоход туслаад зогсохгүй цэгцтэй хэвшилд дадахад тусладаг. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх цаг, нийгмийн сүлжээ ашиглах, найз нөхөд, хичээлдээ зарцуулах цагийг хувааж, өдөр тутмын төлөвлөгөөгөө гаргана. Тиймээс хуваариа гарган биелүүлэх зүйлсийнхээ цагийг тэнцвэртэй байлгаарай.

Жижиг зорилтуудыг тавих

Холын биш ойрын зорилтуудыг тавих нь үр дүнтэй арга юм. Зорилтуудаа, бодитой байлгах хэрэгтэй. Таны зорилт бага багаар биелэх үед мэдрэх сэтгэл ханамж нь таныг илүү олон зорилт руу хөтөлнө.

Тулсан цагт биш эртнээс бэлд

Олон оюутан, сурагчид хамгийн том алдаа гаргадаг хэсэг нь бэлдэж эхлэх хугацаан дээр алддаг. Ихэнх нь тулгаж бэлддэг. Амархан сэдвүүдийг хичээл орж байх үед тогтоохыг хичээх нь чухал. Дараа нь цөөхөн удаа хараад л тогтоох учраас цагийг тань маш их хэмнэнэ. Мөн сэтгэл санаа сэргэг үедээ төвлөрч анхаарал шаардсан хичээлүүдээ эхлүүлэх нь хамгийн зөв арга юм.

Бэлдэх зохицуулалт

Доорх зүйлсийг хэвшүүлээрэй.

  • Бүх сэдэв болон хичээлийг жагсаана.
  • Сэдвийг жижиг хэсгүүдэд хуваана.
  • Тухайн үед хамгийн чухал эсвэл төвөгтэй сэдвийг эхлээд судална.

Төвлөрөхдөө анхаарах

Өнөө үед амархан төвлөрч чадахгүй байх асуудал газар авсан шүү дээ. Ихэнх судалгаанаас харахад хүний анхаарал 20 минут орчим үргэлжилдэг гэж үздэг. Тиймээс энэ 20 минутын дараа амралт авах шаардлагатай. Тэгээд 5 минут амрах. Дараа нь дахин 20 минутын хугацаатай судалгаагаа үргэлжлүүлээрэй. Энэ аргыг помодоро арга гэж ихэнх хүн мэдэх байх.

Яагаад энэ нь үр дүнтэй вэ? Помодоро арга нь таны судлах хугацааг богино хэсгүүдэд хувааж өгдөг. Энэ нь таныг илүү төвлөрч, амархан сэтгэл зүйн хямралд орохгүй байхад тусалдаг. Түүнчлэн, тогтмол завсарлага авах нь оюун санаа тань сэргэж, суралцахад илүү үр дүнтэй болгодог.

Картаар цээжлэх арга

Та зайлшгүй олон удаа давтаж үзэх хэрэгтэй сэдвүүдийг оруулаад, тухайн хичээлүүдийн талаар картуудыг хийж болно. Картууд нь таны санах зүйлийг амархан хадгалж, анхаарлыг тань төвлөрүүлж туслах болно. Энэ арга миний хувьд их үр дүнтэй байдаг. Утасны апплекейшн татаад өөрөө картуудаа зохион ашиглаж болно.

Урам зориг өгөх видеонууд үзэх

Хүмүүс урам зоригоо хаанаас олдог гэж бодож байна вэ? Шинэ үеийн урам зориг өгөх видеонууд нь YouTube, подкаст зэрэг газруудад ихээр цацагддаг. Хамгийн чухал нь өөрийн итгэл даахуйц гэж дүгнэсэн хүнийхээ бичлэгийг олж үзээрэй. TED Talks эсвэл амжилттай оюутнуудын түүхийг уншиж, тэдний амжилттай байхын тулд хэрхэн тэсвэр тэвчээртэй байсан тухай сонирхож болно.

Амралт авах цаг гаргах

Шалгалт дээр анхаарлаа төвлөрүүлэхэд бодол, сэтгэл зүйгээ аль болох амрааж, таагүй байдлаас гаргах нь чухал. Өдрийн сүүлчийн цагийг өөртөө зориулж, нэг зүйл хийж амрах хэрэгтэй. Өөртөө зориулсан цаг гаргах хэрэгтэй. Жишээ нь алхах, таалагдсан дуугаа сонсох, дасгал хийх, дуртай спортоороо хичээллэх зэрэг. Гэхдээ  амралтаа гар утаснаас хол байлгаарай.

Бусадтай хичээлээ ярилцах

Мэдээллээ сэргээж санах нь таны оюун санаанд илүү сайн суух бөгөөд шалгалтын үед мэдэхгүй зүйлсийг амархан санагдуулна. Түүнд туслах арга нь ярих. Бусдад хичээлээ ярих нь бусдад ч тусална. Мөн таньд ч дараа нь санахад хэрэгтэй учраас туршаад үзээрэй.

Дасгал хөдөлгөөн

Биеийн хөдөлгөөн нь таны тархийг цусны эргэлт сайжруулах замаар төвлөрөл, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Тиймээс өдөр болгон дасгал хийхийг хичээгээрэй. 10 минут алхах, сунгалт хийх эсвэл биеийн хүчний дасгал гээд дуртайгаа хийгээрэй.

Тайван байж, урам зоригтой байгаарай

Шалгалтууд хүнд хэцүү санагдаж болно. Гэхдээ зөв судлах арга барилаа олоод бага багаар хийсаар байвал стресс ч үүсэхгүй, өөрийгөө ч бага ядраана. Тийм учраас дээрх аргуудаас өөртөө хэрэгжүүлээд урам зоригоор дүүрэн эрч хүчтэй нь байгаарай.

#шалгалт #зөвлөгөө