Дээрэлхэлт тулгарахад хүүхдүүд сургуулиа солих нь түгээмэл ч энэ нь асуудлыг шийдэхгүй


Т.Онон | YOLO.MN
2024-11-20

Болсон явдал нэг. 12 настай охин шинэ сургуульд шилжиж иржээ. Гэтэл ангийн охид нь дээрэлхэж ганцаардуулан нэг хүүхэдтэй дотно харагдвал тэр хүүхдийг нь айлгаж ичээдэг. Энэ явдлаас болж охин хичээлдээ явах дургүй болж цовоо сэргэлэн, илэн далангүй байхаа больж, ганцаардсан нэгэн болжээ.  

Болсон явдал хоёр. Охины ангийн хөвгүүн "халтар шар", "баян айлын нохой" гэх мэт хэл амаар доромжилдог. Бүр ягаан цүнх рүү нь үзэгний бэх цацжээ.  

Болсон явдал гурав. 14 настай хүү сургуульдаа дээрэлхэлтэд өртсөнөөр дүнсгэр, өөртөө итгэлгүй болжээ. Үүнээс болж сурлага нь муудсаар бүх юманд идэвхгүй, хүсэлгүй, аргацаасан маягтай хүн болж өөрчлөгджээ.  

Болсон явдал дөрөв. 14 настай хүүг нөгөө ангийн хүүхэд нь зоддог, цохидог. Бүр гэрээс нь дуудаж гаргаж ирээд зоддог. Хүүгийн ээж аав нь гадаадад байдаг тул сэтгэл санааг нь зовоохгүй гэсэндээ хэнд ч хэлэлгүй нуудаг байж. 

Эдгээр бүгд бодит явдал юм. Бидний эргэн тойронд энэ мэт дээрэлхэлтийн жишээ олон байгааг дараах жишээнээс ч мэдэж болно. 

Монгол улсад дөрвөн сурагч тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг, 6-12-р ангийн сурагчдын 98.6 хувь нь сургуулийн орчинд ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртдөг ба үйлдэж буй гол хүн үе тэнгийнхэн нь байна. / БШУЯ/

Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл нэмэгдэхэд түүнийг мэдээлэхгүй байх явдал гол нөлөө үзүүлж байна. Хүчирхийллийн асуудлыг мэдээлэхгүй байгаагийн шалтгааныг судалгаанд хамрагдсан эцэх эх, асран хамгаалагчдаас тодруулахад тэдний 38.9 хувь нь мэдээлэх ёстойгоо мэддэггүй гэсэн байна.

Түүнчлэн хүүхдүүдийн 35.7 хувь, эцэг эхийн 24.4 хувь нь хүчирхийлэгч өс санах вий гэдгээс айдаг хүүхдүүдийн 19.2 хувь, эцэг эхийн 16 хувь энэ бол байдаг л асуудал гэж үздэг байна.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 38.7 хувь нь хэнд ч хэлэхгүй нуудаг буюу ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй гэж хариулсан нь ойролцоогоор 3 хүүхэд тутмын 1 нь хүчирхийлэлд өртсөн тохиолдол ямар нэгэн тусламж авч чадахгүй үлдэж байгааг илтгэж байна. /Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх 16 дахь илтгэл-16, 17 ху/

ЗӨВЛӨГӨӨ 

Дээрэлхэлтэд өртсөн үед эцэг эх, асран хамгаалагчдад, багш, нийгмийн ажилтан хэн нэгэн том хүнд заавал мэдэгдэх хэрэгтэй.  Хамгийн гол нь, ганцаараа шийдэх гэж зүтгэхийн оронд найдвартай хүнээс дэмжлэг авах нь дээрэлхэлтээс гарахад ихээхэн тус болдог.  

Таны тусламж хүссэн хүн дээрэлхэлтийг зогсоох талаар юу ч хийгээгүй бол өөр хүнд хэлээрэй. Доромжлолыг тэвчих хэрэгтэй юм байна гэж хэзээ ч бүү бодоорой. 

Өөрийн давуу талаа санаж, өөртөө итгэлтэй бай. Дээрэлхэгчийн үг, үйлдэл нь чиний үнэ цэнийг тодорхойлохгүй гэдгийг сана. Чиний эрхийг хэн ч зөрчих ёсгүй. Чи үнэ цэнэтэй хүн гэдгээ үргэлж санаж, өөртөө итгэх итгэлээ хадгалаарай. 

Мэдээлэлтэй байх нь чухал. Ямар хүүхдүүд, яагаад, яаж, хаана энэ бүх буруу зүйлийг үйлдээд байна вэ гэдэг тухай мэдээллийг сайн цуглуулж  түүнийгээ энэ бүхнийг зогсооход ашиглах хэрэгтэй. Огноо, цаг, байршил, текст, мессеж гэх мэт аливаа нотлох баримт зэрэг дээрэлхсэн тохиолдлуудын бүртгэлийг хөтөл. Томчууд хүүхдүүдийн дунд болж буй зүйлсийг тэр болгон бүрэн сайн мэдэхгүй байдаг тул чиний өгөх ямар ч мэдээлэл үнэ цэнтэй гэдгийг битгий мартаарай.  

ЧИ БУСДЫГ ДЭЭРЭЛХДЭГ БОЛ... 

Бусдыг дээрэлхэхээр чамд сайхан санагдаж магадгүй, гэхдээ энэ нь зөв шийдэл биш юм. Хүмүүст хүндэтгэлтэй хандах нь тэдний хүндлэлийг буцааж авах замыг нээдэг.  

Бусдад тусалж, эерэг үлгэр дуурайлал болох нь чамд илүү их хүч, аз жаргал авчирна. Бусдыг дээрэлхэх нь тэдэнд хэрхэн хүндээр тусахыг төсөөлж, тэдний оронд өөрийгөө тавиад үзээрэй. Чиний үг, үйлдэл бусдын амьдралыг сайнаар эсвэл муугаар өөрчилж чадна. Аль замыг сонгохыг чи өөрөө шийддэг. 

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир:

Бүх байгууллагууд хүүхэд хамгааллын бодлоготой байхын зэрэгцээ энэ чиглэлд нийт төсвийнхөө нэг хувийг зарцуулна гэж хуульчилсан. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтад өртсөн, үл хайхралд өртсөн, гэр бүлийн хүчирхийлэлд амьдардаг хүүхдүүдийг ажиглаж, илрүүлэхэд  багш, нийгмийн ажилтнууд маш сайн ажиллах хэрэгтэй.

Боловсролын сургалтын байгууллага үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн болон хохирогч хүүхэдтэй хэрхэн харилцах, сургуулийн удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэлбэрийг өөрчилсөн. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийж, түүнд зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зохицуулалтыг тусгасан.

Мөн боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвд суралцаж байгаа хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын нөхцөл байдлын тандалт судалгааг гурван жил тутам боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага хийх зохицуулалтыг оруулсан болно.

#Дээрэлхэлт #гадуурхалт