Дэлхийн хэмжээнд үйлдвэрт суурилуулсан роботын тоо 2023 онд 4.3 саяд хүрчээ


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2024-09-25

Үйлдвэрийн роботуудын 70 хувь нь Азид, талаас илүү хувь нь БНХАУ-д байна.

Дэлхий даяарх үйлдвэрүүдэд суурилуулагдсан роботын тоо гурав дахь жилдээ дараалан 500 мянгыг давж, 2023 оны сүүлийн байдлаар нийтдээ 4.3 саяд хүрсэн болохыг Олон улсын роботын холбооноос мэдээллээ.

Шинээр суурилуулагдсан роботын 70 хувь нь Азид, 17 хувь нь Европт, 10 хувь нь Америк тивд, тэр дундаа АНУ-д байгааг тус байгууллага тайландаа онцолсон байна. Цар тахлын дараа дэлхийн хэмжээнд автоматжуулалт хурдацтай тэлсэн ч өнгөрсөн онд зарим улсад саарч эхэлснийг тайланд дурджээ. Жишээлбэл, БНХАУ-ын өнгөрсөн оны нийт суурилуулалтын тоо 2022 онтой харьцуулахад 5 хувиар буурсан байна. Гэсэн ч дэлхийн аж үйлдвэрлэлийн нийт роботын талаас илүү хувь нь тус улсад ногдож буй.

Мөн Энэтхэг зэрэг хөдөлмөрийн зах зээлийн нөөц хангалттай орнууд ч робот ашиглалтаа нэмэгдүүлж эхэлсэн байна. Тус улсын аж үйлдвэрлэлийн роботын тоо 2018 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд л 59 хувиар өсөж 8510 нэгжид хүрснийг Олон улсын роботын холбоо онцолжээ.

#robot #робот #роботын тоо