“Сайн иргэн” аяны нээлтийн үйл ажиллагаа Ерөнхий Боловсролын 23-р сургууль дээр боллоо.
Сурагчид өөрсдөө санаачлан эхлүүлсэн тус аяны нээлтийг Боловсролын сайд П.Наранбаяр эхлүүллээ. "Баатарлаг үйлс гэхээр их том юм бодогдож байгаа байх. Хүн том юм бодчихоор хэрэгжүүлэхэд хэцүү байдаг.
Пүүзээ өмсөөд өглөөний зургаан цагт гүйхээр гарч ирэх нь хүртэл баатарлаг үйлс юм. Өдөр болгоны жижиг үйлдлүүдээ хүн анхаараад сайн тал руу нь өөрчлөхөд их том зориг үүсэж байдаг.
Хамгийн том баатарлаг үйлс бол эерэг тал руу өөрийгөө өөрчлөх, алхам бүрээ хайрладаг байж, бусдын төлөө сэтгэлтэй байх юм. Эр зориг гэдэг бусдын төлөө гэх сэтгэлээс ундарч гарч байдаг. Ингээд баатарлаг үйлсийн эзэн байхыг ерөөе" гэсэн юм.
Хүний орхиод явсан зүйлсийг буцааж өгч байсан түүхүүдээсээ хүүхдүүдтэй хуваалцаж, юмаа алдсан хүний зүйлс маш жижиг зүйл байж болох ч тухайн эзэндээ үнэ цэнэтэй, шударга байснаараа насан туршдаа өөрөөрөө бахархдаг талаар Авилгатай тэмцэх газрын төлөөлөл Жамъянчойжил илтгэлээ.
Хүүхдүүд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх улмаар хэвлэн нийтлэх боломжтой "Өнөөдрийн хүүхдүүд" гэсэн сонинтой болжээ. Өөрсдийн баатарлаг түүхээсээ бичээд илгээж болох тус сонин нь Дашдоржийн Нацагдоржийн байгуулсан Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг угтан гарч байгаа юм байна.
"Хүүхдийн эрх бусад хүүхдийн эрхээр хязгаарлагдаж байдаг. Улс орны хөгжил хүний хөгжлөөс, хүний хөгжил хүүхдийн хөгжлөөс хамаарна. Хүүхдүүд та нар эерэг зөв байвал бид илүү сайхан ирээдүйг цогцлоож чадна. Хүүхдийн эрхийг зөрчвөл хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсаар холбогдоорой" гэж Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Т.Энхтамир илтгэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр:
- Энэ аян хүүхдүүдийн өөрсдийн санаачилгаар эхэлсэн болохоор амжилттай болно гэж найдаж байна. Шударга ёсыг боддог, баатарлаг үйлсийг өөрсдийнхөө хэмжээнд ойлгодог болох нь их чухал. Бодлоос үг, үйлдэл эхэлдэг. Тиймээс зөв бодлуудыг суулгаж өгөх нь өнөөдрийн хүн болгож хүмүүжүүлэх төлөвшүүлэх ажил чухал байдаг. Өнөөдрийн арга хэмжээний гол зүйл нь сэтгэл дотор шударга ёсны модыг ургуулж эхэллээ гэж ойлгож болно.
Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар н.Жамъянчойжил:
- Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн томоохон ажлын нэг нь хүүхдийн шударга ёсыг хамгаалах юм. Хүүхэд төрөхдөө шударга төрдөг. Энэ шударга байдлыг хамгаалах нь бидний гол зорилго оршиж байна. Ирээдүйн нийгмээ илүү шударга байлгахын төлөө өнөөдөр бид боловсролын салбараас эхэлж байна. Энэ аян маань улам өргөжнө гэж гэдэгт итгэлтэй байна.
23-р сургуулийн 9в ангийн сурагч: О.Тамир
- Өнөөдрийн үйл ажиллагаа маш гоё боллоо. Яагаад гэвэл хүүхдүүдэд үлгэр дуурайлал үзүүлэх, сайн үйл хийх, бусадтай сайхан харьцах талаар ярьсан. Энэ хүүхдүүдэд их хэрэгтэй гэж бодож байна.
Миний хувьд би найзууддаа хичээл хийхэд нь тусалдаг. Хүүхдүүд хичээлээс хоцорвол тэмдэглэлээ явуулж тусалдаг. Хөгшин настай хүнд юмыг нь өргөж өгдөг, хүүхэд төөрчихсөн байвал эцэг эхийг нь олж өгдөг.
23-р сургуулийн 9а ангийн сурагч Н.Мөнхзаяа
- Зарим нэг зүйлийг үнэхээр сайн ойлгож авсан. Аав ээж бусад томчуудаас сонсож байгаагүй зүйлээ саяны сургалтаас ойлгож сурч авлаа. Жишээ татаж авч ярьж байгаа үйл явдлууд нь үнэхээр сонирхолтой, амьдралд ойрхон байсан.
Хүний их мөнгөтэй цүнхийг буцааж өгвөл зөв юм байна, надад ч гоё санагдах юм байна. Тэр хүний талархлын үгийг сонсоход надад ямар байх бол оо гэсэн бодол төрсөн.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх