“Явцгүй чат”-наас яаж зайлсхийх вэ?


Краштайгаа яриа өрнүүлэх нь битгий хэл зурвас бичих нь заримдаа яг л шатар нүүхтэй ижил хэцүү байдаг. Ингэж асуугаад, тэгэж хариулбал болох болов уу гэсэн хөнгөн болгоомжлолоор харилцан яриа үргэлжилсээр нэг мэдэхэд л “Аан, ммм” гэсээр дуусгачихдаг. Тэгвэл энэ үед яах ёстой вэ? Хичээл зүтгэл гаргаад хүчээр ч хамаагүй цааш нь бичсээр байх уу? Эсвэл бууж өгөөд, явцгүй харилцаагаа дуусгах уу? Эдгээр асуултад хариулахаар энэ удаагийн нийтлэлээ хүргэж байна. “Явцгүй чат”-ыг хэрхэн таниж, яаж зайлсхийх вэ?

ЯВЦГҮЙ ЧАТ ГЭЖ ЮУ ВЭ?

“Dry texting” гэдгийг монгол хэлэнд “явцгүй чат” гэж тодорхойлъё. Хэн нэгнээс тэр дундаа шохоорхдог хүн рүүгээ сэтгэл гарган урт зурвас явуулсан боловч “Аан, ммм, тхх” гэсэн хариулт авч байсан уу? Хэт богино үгээр, чиний яриа сонирхолгүй байгаа мэтээр ингэж хариулах нь явцгүй чатын хамгийн тод жишээ. Энэ талаар Text Weapon вэбсайтын үүсгэн байгуулагч, хосын харилцааны мэргэжилтэн Claudia Cox “Явцгүй чат ихэнхдээ “Сайн уу, юу байна даа? гэж эхэлдэг. Гэхдээ санаа зоволтгүй. Ямар ч харилцаанд явцгүй чат ямагт байдаг” гэж хэлжээ. 

ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Тэгвэл явцгүй чатыг танихын тулд зөвхөн богино хариулт авахаас гадна цөөнгүй хэдэн зүйлийг анзаарах хэрэгтэй. Жишээлбэл, харилцан яриа эхлээ ч үгүй байхад “seen”-дүүлж, явуулсан зураг, мийм, бичлэг дээр чинь зөвхөн reaction дарж, хэзээ ч түрүүлж зурвас бичихгүй байгаа бол та хоёрын харилцаанд “явцгүй чат” нэгэнт ноёрхжээ. 

ЯАЖ ЗАЙЛСХИЙХ ВЭ?

Шалтгаанаа олохыг хичээ

Магадгүй чиний краш зурвас бичих бус нүүр тулсан уулзалтыг илүүд үздэг байж болох юм. Аль эсвэл сургууль, ажил дээрээ ид завгүй байснаас болоод чатыг чинь харалгүй удах, богино хариулт өгөх зэргээр гарцаагүй нөхцөл байдалд байж ч болно. Гагцхүү энэ үйл явдал хэр олон удаа давтагдаж байгааг анзаарах нь чухал.

Арга барилаа өөрчил

Дөнгөж танилцаад удаагүй байгаа хүнтэй харилцахад амархан байхгүй нь мэдээж. Ямар үзэл бодол, зан ааштайг нь мэдэхгүйн улмаас та хоёрын харилцаа нэг л явцгүй санагдаж ч болно. Энэ талаар хосын харилцааны мэргэжилтэн Alexis Germany хэлэхдээ “Өнөөдөр чамд гоё үйл явдал тохиосон уу? гэх мэтээр асуултаа тодорхой тавих нь чухал. Тэр дундаа харилцаж буй хүнийхээ хариултыг мэдэрч асуух хэрэгтэй” гэжээ. Мөн хэтэрхий урт зурвас явуулах хэрэггүйг онцлов.

БУУЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Хосын харилцааг бий болгохын тулд аль нэг талын хичээл зүтгэл илүү байх нь зүйн хэрэг. Гэвч хоёр хүн хоёулаа тухайн харилцаанаас аз жаргал, сэтгэл хөдлөл, баяр хөөр мэдрэх нь чухал шүү дээ. Өөрөөр хэлбэл, бие биенээсээ таатай мэдрэмж авч байж харилцаа цаашид үргэлжлэн гүнзгийрэх үү гэдэг нь мэдэгдэх учиртай. Alexis энэ тухай “Хэрэв чи нөгөө хүнийхээ мэдэрч буйд итгэлтэй биш байгаа бол түрүүлж зурвас бичилгүй ажиглах хэрэгтэй. Нөгөөтээгүүр та хоёрын харилцаа хөгжилтэй биш ядаргаатай, ойлгомжгүй, стресстэй санагдаж байгаа бол бууж өгөх цаг нь болжээ” гэж зөвлөсөн юм.


Яг одоо өөрөөсөө асуугаад үзээрэй. Харилцаж байгаа хүн чинь чамайг гонсойлгосоор байна уу?

Эх сурвалж: Cosmopolitan

#Сонин хачин #Харилцаа #Зөвөлгөө