Сая сая Энэтхэгчүүд Хинду шашны хамгийн чухал үйл явдлуудын нэг болох гэрлийн баяр болох Дивалиг тэмдэглэж байна.
Жил бүрийн наадам нь аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд болдог боловч Хинду хуанли нь сарны тоололд суурилдаг тул болох он сар өдөр нь өөр өөр байдаг аж.
Энэ жил Дивали баярыг Пүрэв гарагт тэмдэглэсэн ч тус улсын зарим хэсэгт Баасан гарагт тэмдэглэн өнгөрүүлж байна.
Гэрэл нь харанхуйг, сайн нь саарыг ялан дийлснийг бэлгэдэн эл өдөр хүмүүс тосон гэрэл, лаа зэргийг асаадаг.
Дивалигийн өмнөхөн хүмүүс гэр орноо цэвэрлэж эмх цэгцэд оруулах заншилтай. Найз нөхөд, гэр бүл, хөршүүдтэйгээ шинэ хувцас худалдаж авч, чихэр, бэлэг солилцдог.
Олон хүмүүс аз хийморь, эерэг энергийг угтан авахын тулд үүднийхээ өмнө өнглөлөг нунтаг ашиглан хийдэг уламжлалт “ранголи” хэмээх чамин содон хээ угалз зурж байршуулна. Энэ өдөр гэр бүлүүд Хиндугийн эд баялгийн бурхан Лакшми-д мөргөдөг.
Дарь эхийг хүмүүсийн гэрт орох замыг олоход нь туслахын тулд дэнлүү асааж, цонх, хаалгыг нээн онгорхой орхих юм.
Салют буудуулах нь баяр ёслолын томоохон хэсэг боловч сүүлийн жилүүдэд Энэтхэгийн хойд мужууд агаарын бохирдолтой тэмцэж байгаа тул засгийн газар хязгаарлалт тогтоож хориглосон байна.
Наадмын үеэр нийслэл Дели хотод салют худалдаалах, ашиглахыг бүрэн хориглосон бол Харьяна, Пенжаб, Карнатака зэрэг мужууд Дивалигийн үдэш салют ашиглахыг тодорхой цагаар хязгаарласан байна.
Хүмүүс алт, мөнгө, тэр ч байтугай шинэ төмөр сав суулга худалдаж авдаг ба энэ нь гэр бүлд эд баялаг, аз жаргал авчирна гэж үздэг.
Наадмын үеэр гэр орон, албан газар, гудамж талбайг цэцгийн хэлхээгээр өнгө үзэмж оруулан чимэглэдэг байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх