Сурагчдын бие даалтын 7 хоног: Бүх музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой


Б.Азбаяр | YOLO.MN
2024-10-25

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгааг хийжээ.

Судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулсан бөгөөд 81.1 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмждэг, бидэнд хэрэгцээтэй хэмээн хариулжээ.

Тиймээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 3 сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ.

НБГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Г.Мөнхбилэг “Уг төсөлд НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Жишиг сургууль” төслийн хүрээн дэх 8 сургуулийн 5000 орчим хүүхдийг хамруулж байна.

Ингэхдээ Улаанбаатар хотын нутгийн захиргааны болон үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагаатай сурагчдыг танилцуулж, аялуулах, төр нийгмийн зүтгэлтэн, олон нийтэд нөлөөлөгч хүмүүстэй хийх уулзалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулна. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой” гэлээ.

Мөн ирэх даваа гарагаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

#Бие даалт #долоо хоног #музей