Залуучууд хосын харилцаандаа хамтрагчийнхаа цахим хяналт, бусадтай харилцах харилцааг нь хязгаарлах, санхүүгийн хувьд хараат байлгах зэрэг үйлдлийг хайр, халамж гэж ойлгох тохиолдол байна.
Улмаар хүчирхийллийн шинж тэмдгийг танихгүй, харилцаагаа үргэлжлүүлэх нь сэтгэл зүйн сайн сайхан байдалд нь сөргөөр нөлөөлж байгааг судлаач Б. Түвшинжаргал онцоллоо. Тэрбээр “Залуучуудын дунд илэрч буй дотно хамтрагчийн хүчирхийллийн сэтгэл зүйн сайн сайхан байдалд үзүүлэх нөлөөг жендэрийн үүднээс шинжлэх нь” илтгэлээ танилцууллаа.
Судалгаанд нийт 185 хүн хамрагдсан бөгөөд тэдгээрээс дотно хамтрагчийн хүчирхийлэлд өртсөн зургаан хүн сайн дурын үндсэн дээр оролцжээ. Тэдний дөрөв нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй байв. Судалгаанд оролцогчдын гэрлэлтээ батлуулаагүй хосын харилцаа найман сараас найман жил хүртэл үргэлжилсэн байна.
Судлаачийн тайлбарласнаар, дотно хамтрагчийн хүчирхийлэл нь зөвхөн нэг хүйс, нэг бүлэгт хамаарах үзэгдэл биш. Хувь хүний өссөн гэр бүлийн орчин, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйл хүчирхийллийг хэвийн зүйл мэт хүлээн авахад нөлөөлдөг.
Судлаач Б. Түвшинжаргал:
Эрэгтэйчүүд хүчирхийлэлтэй харилцаанд байхдаа ч өөрсдийгөө хүчирхийлэлд өртөж байна гэж мэддэггүй. Ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэрсэн ч хариу үйлдэл үзүүлдэггүй. "Энэ л хайр юм чинь" гэх мэтээр асуудал болгож хардаггүй. Харилцаа нь дууссаны дараа "би чинь хүчирхийлэлтэй харилцаанд байсан юм биш үү" гэж анзаардаг.
Ярилцлагад орохоор ирэхдээ хүртэл "Би хамт байсан эмэгтэйгээ муулаад байгаа юм шиг санагдаад байна" гэх мэтээр хариу үйлдэл үзүүлдэг. Үүнээс ажиглахад эрэгтэйчүүдэд тулгаж байгаа нийгмийн хэм хэмжээ, "эрэгтэй хүн байж шалчигналаа" гэх хандлага нь өөрт тохиолдож буй хүнд нөхцөл байдлын талаар бусдаас дэмжлэг авахад хүртэл саад болж байна.
Харин эмэгтэйчүүд харилцаанд ямар нэг зүйл болохгүй байгааг мэдээд өөрийнхөө зүгээс юу өөрчлөх вэ, эсвэл сэтгэл зүйчид хандах уу гэх мэтээр илүү идэвхтэй үйлдэл хийдэг. Эмэгтэйчүүд ч мөн хүчирхийллийн хэлбэрүүдэд өртдөг. Харин авч буй арга хэмжээ нь өөр.”
ХҮЧИРХИЙЛЭЛ ҮҮ? ХОРТОЙ ХАРИЛЦАА ЮУ?
Хосуудын харилцаанд санал зөрөлдөх, үл ойлголцох асуудал гарах нь бий. Гэвч үүнийг хүчирхийлэлтэй адилтгаж болохгүй. Судлаачийн тайлбарласнаар, хүчирхийлэл нь хүний аюулгүй, тайван байх орчинд халдаж, нийгмийн дэмжлэгийн хүрээллээс нь тусгаарлах, үнэт зүйл, хувь хүний мөн чанарт нь халдах байдлаар илэрдэг.
Энэ нь тухайн хүний аюулгүй, тайван байх орчинд нь халдаж буй хэрэг. Өдөр тутамдаа тайван байх нөхцөл байдлыг нь заналхийлж байна уу гэдэг талаас харах хэрэгтэй.
Хүмүүс "хортой харилцаа" гэж ярьдаг. Гэхдээ хортой харилцаа гэдэг нь хүн болгон дээр ялгаатай. Шууд л таарч тохироод харилцаа үүсчихгүй. Үүний тулд хөдөлмөрлөх, хамтдаа цаг хугацаа өнгөрүүлэх гэх мэт олон хичээл зүтгэл гаргадаг. Тэр бүхний явцад ойлголцохгүй зүйл гарахыг хортой гэж тодорхойлж болно.
лтгэлд дурдсанаар, залуучууд 18-20 насандаа харилцаа эхлүүлэх үедээ хүчирхийллийн шинж тэмдгийг анзаарахгүй өнгөрөөх нь бий. Хамтрагч нь уучлалт гуйх, өөрийн үйлдлийг өнгөрсөн үеийн шарх, сэтгэл зүйн асуудалтайгаа холбон тайлбарлахад итгэж, харилцаагаа үргэлжлүүлэх тохиолдол ажиглагджээ.
Мөн цахим хяналтыг хайр гэж эндүүрэн өөрийн зан үйл, өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөх нь бий. Энэ нь нэг удаагийн үйлдлээр хязгаарлагдахгүй, хүний өдөр тутмын амьдрал, санхүүгийн бие даасан байдлыг системтэйгээр хязгаарлах үйл явц болж байгааг судалгаанд тэмдэглэжээ.
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хувьд эрэгтэй оюутнууд эмэгтэйчүүдээс илүү өртсөн дүн гарсан байна. Энэ нь цахим хүчирхийллийг зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог үзэгдэл гэж үзэх боломжгүйг харуулж байгаа юм.
Цахим орчин, онлайнаар болзох нь харилцааг хурдан хугацаанд гүнзгийрүүлж, итгэлцэл бий болгохын зэрэгцээ хяналт, дарамт үүсэх нөхцөл болдог. Түүнчлэн цахим болон бие махбодын хүчирхийлэл нь тусдаа бус, хоорондоо нягт холбоотой үргэлжилдэг гэж судлаачид дүгнэжээ.
ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ ТУСЛАМЖ АВАХАД СААД БОЛДОГ
Дотно хамтрагчийн хүчирхийлэл нь түгшүүр, сэтгэл гутрал, айдас, өөрийгөө буруутгах хандлагыг нэмэгдүүлж, хүний сэтгэл зүйн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа жендэрийн хэвшмэл ойлголт нь хүчирхийллийг таних, даван туулахад саад болдог байна.
Эрэгтэй хохирогчдын хувьд сул дорой харагдахаас эмээх, нийгмээс тулгасан эрэгтэйлэг байх хүлээлтээс шалтгаалан бусдаас тусламж хүсэхэд хүндрэлтэй байдаг. Харин эмэгтэй хохирогчид өөрийн болон хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах уу, эсвэл гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хадгалах уу гэсэн нийгэм, сэтгэл зүйн сонголттой тулгардаг талаар илтгэлд дурджээ.
Судалгаанд оролцогчдын нэгний хувьд хосын харилцаанаас өөрийн үнэ цэнийг хамааруулж, өдөр тутмын амьдралынхаа төлөвлөгөөг хүртэл хамтрагчаасаа хамааруулдаг болсон байна. Улмаар харилцааны явцад амиа хорлох бодол төрж, оролдлого хийсэн тохиолдол ч байсныг судлаач ярилцлагадаа дурдсан юм.
Илтгэлд хүчирхийллийн нөхцөл байдлыг хувь хүн, хосын харилцаа, олон нийтийн орчин, нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн макро түвшинд авч үзжээ. Тухайлбал, “Хайртай бол хартай” гэх ойлголт, эрэгтэй хүн сул дорой харагдаж болохгүй гэсэн нийгмийн шахалт нь хүчирхийллийг хэвийн мэт хүлээн авахад нөлөөлдөг байна. Мөн найз нөхдөөс нь тусгаарлах, өөрийгөө хохирогч мэт харуулах, нөхөн үржихүйн асуудлыг барьцаалах зэрэг зан үйл илэрч байгааг судалгаанд тэмдэглэжээ.
НҮБ-ын Хүн амын сангаас 2017 онд Монгол Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хамтрагчтай эмэгтэйчүүдийн 30-31 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл, 40 гаруй хувь нь сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн гэжээ. Харин эмэгтэйчүүд хамтрагчдаа бие махбодын түрэмгийлэл үзүүлсэн тохиолдлын 49.7 хувь нь нэг удаа, 38.1 хувь нь 2-5 удаа үйлдэгдсэн байжээ.
Судлаач Б. Түвшинжаргалын үзэж буйгаар, хүчирхийлэлтэй харилцаанаас гарахад тухайн нөхцөл байдлыг таньж мэдэх, бусдаас дэмжлэг авах, өөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих нь чухал юм.
“Хүчирхийлэлтэй харилцаанаас гарч болох ганц зам бол салах. Өөрийгөө хайрлах хэрэгтэй” гэж судлаач онцоллоо.


2380











