Улс төрчид, бодлого боловсруулагчид, бизнесийн удирдлагууд ганцаараа байхдаа мэргэжлийн байр сууриа сайн илэрхийлж, судалгаа, тооцоонд үндэслэн ярьдаг атлаа хамтын шийдвэр гаргах үедээ яагаад заримдаа муу, бүр нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавартай шийдвэр гаргадаг вэ?
Гаднын зөвлөх, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд Монголд ажиллахдаа нэгэн сонирхолтой зүйл ажигладаг гэх хошин яриа бий. Төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс нь сайн сургууль төгссөн, өндөр боловсролтой, мэргэжлийн түвшинд ярьж, асуудлаа ойлгож байгаа нь илт боловч төрөөс гарч буй шийдвэр, түүний хэрэгжилт, үр дагаврыг харахаар огт өөр дүр зураг ажиглагддаг.
Үүнтэй холбоотой өөр нэг асуудал бий. Мэргэшсэн мэргэжилтнүүдийн судалгаа, анхааруулга, зөвлөмж, санал болгосон шийдлүүд бодлогын болон удирдлагын шийдвэрт хангалттай тусдаггүй. Зарим тохиолдолд мэргэжлийн үндэслэлтэй санал олонхын байр суурь, удирдлагын хүсэл сонирхол, бүлгийн нийтлэг ойлголтын өмнө замхардаг.
Тэгвэл энэ бүхэн зөвхөн мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадварын асуудал мөн үү? Эсвэл хүний сэтгэл зүй, бүлгийн зан үйлтэй холбоотой, шинжлэх ухаанаар тайлбарлагддаг өөр шалтгаан бий юу?
Сэтгэл судлал, зан төлөвийн эдийн засгийн судалгаанууд үүнд сонирхолтой хариулт өгдөг. Жэймс Монтиэр 2010 онд хэвлүүлсэн The Little Book of Behavioral Investing номдоо энэ асуудлыг олон сонирхолтой туршилт, жишээгээр тайлбарласан байдаг. Түүний хөндсөн санаануудыг төрийн бодлого, байгууллагын шийдвэр гаргалтад ч холбон ойлгож болно.
#Олонхын нөлөөнд автах нь: Бид үнэхээр бие даан сэтгэдэг үү?
Үүнийг ойлгохын тулд 1950-иад оноос сэтгэл судлалд өргөн танигдсан нэгэн алдартай туршилтыг авч үзье. Оролцогчдод нэг урттай шугамыг өөр гурван шугамтай харьцуулж, аль нь ижил урттай болохыг хэлэх даалгавар өгсөн байна. Хариулт нь нүдээр харахад илт байсан.
Туршилтад оролцогч найман хүний долоо нь үнэн хэрэгтээ судлаачидтай тохиролцсон хүмүүс байсан бөгөөд жинхэнэ оролцогч үргэлж хамгийн сүүлд хариулдаг байв.
Ийм нөхцөлд оролцогчид нийт хариултынхаа ойролцоогоор 1/3-г олонхын буруу байр суурьтай нийцүүлжээ. Оролцогчдын 3/4 нь дор хаяж нэг удаа олонхийн буруу хариултыг дагасан байна.
Гурав ба түүнээс дээш хүн ижил буруу хариулт өгөхөд олонхийн нөлөө мэдэгдэхүйц нэмэгддэг. Эндээс нэг чухал санаа харагдана. Хүн зөв, бурууг ялгах мэдлэг, чадвартай байсан ч бусдын байр суурьтай зөрчилдөхөөс зайлсхийж, олонхийн саналд нийцүүлэх хандлагатай байдаг. Үүнийг олонхийн нөлөөнд автах хандлага гэж нэрлэдэг.
Хурал дээр хэд хэдэн удирдлага нэг асуудлаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсний дараа өөр байр суурьтай мэргэжилтэн саналаа хэлэхээс татгалзаж болно. Тэр хүн асуудлыг өөрөөр харж байгаа ч олонхийн эсрэг зогсох, эсвэл хамт олондоо таагүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийдэг. Ингэснээр шийдвэр гаргалтад мэргэжлийн үндэслэлээс илүү олонхийн байр суурь давамгайлах эрсдэл үүсдэг.
#Олонхын эсрэг зогсох нь яагаад хэцүү вэ?
Энэ нь зөвхөн нийгмийн харилцааны асуудал биш. Тархины үйл ажиллагааг судалсан туршилтууд ч олонхийн эсрэг байр суурь илэрхийлэх нь яагаад хэцүү байдгийг тайлбарлахад тусалдаг. Нэгэн туршилтаар оролцогчдоос гурван хэмжээст дүрсийг таних даалгавар авчээ. Хүмүүс ганцаараа ажиллахдаа бараг 90 хувийн нарийвчлалтай хариулж байсан бол бусдын хариултыг харж ажиллах үед зөв хариултын хувь 59 болж буурсан байна. Өөрөөр хэлбэл, бусдын байр суурь бидний өөрийн дүгнэлтэд нөлөөлж, заримдаа зөв дүгнэлтээсээ хүртэл ухрахад хүргэдэг.
Тархины MRI шинжилгээгээр бусдын хариултыг дагах үед дүрс, орон зайн мэдээлэл боловсруулах болон шийдвэр гаргалтад оролцдог тархины хэсгүүдийн идэвхжил өөрчлөгдөж байгааг судлаачид ажиглажээ. Үүнээс гадна, олонхийн байр суурьтай санал нийлэхгүй байх үед тархины сэтгэл хөдлөл, айдастай холбоотой хэсгийн идэвхжил нэмэгдэж байгааг судалгаагаар харуулжээ.
Бас нэгэн туршилтаар бусад тоглогчид бөмбөгийг хоорондоо шидэлцэж, нэг оролцогчийг тоглоомоос зориудаар хасахад нийгмийн тусгаарлалт үүсгэж байв. Энэ нь үзэл бодол, байр суурь нэгдэхгүй нэгнээ нийгмийн “тойргоос” гаргахтай төстэй. Энэ үед тархины бие махбодын өвдөлт мэдрэхэд оролцдог хэсгүүдийн идэвхжил нэмэгдсэн байна.
Эдгээр судалгаа нэг чухал зүйлийг харуулдаг. Бүлгийн эсрэг байр суурь илэрхийлэх нь зарим хүнд зүгээр нэг санал зөрөлдөөн биш, харин айдас, сэтгэлзүйн таагүй байдал, гадуурхагдах эрсдэл мэт мэдрэгддэг.
Тиймээс байгууллагын хурал дээр өөр санал хэлэхгүй байх, удирдлагын шийдвэрийг шүүмжлэхээс зайлсхийх, мэргэжлийн эргэлзээгээ дотроо хадгалах нь заримдаа мэдлэг дутсанаас бус, нийгмийн дарамтаас үүдэлтэй байдаг.

#Бүлэг яагаад өөртөө таалагдсан мэдээллийг л сонсдог вэ?
Бүлгээр шийдвэр гаргахын гол давуу тал нь гишүүдийн мэдлэг, туршлага, мэдээллийг нэгтгэж, ганцаараа гаргаж чадахгүй илүү сайн шийдвэрт хүрэх боломж юм. Гэвч бодит байдал дээр энэ давуу тал үргэлж хэрэгждэггүй. Судлаачид гурван нэр дэвшигчээс хамгийн сайныг сонгох туршилт зохион байгуулжээ. Өгөгдсөн бүх мэдээллийг нэгтгэн үзвэл А нэр дэвшигч хамгийн сайн сонголт байхаар зохион байгуулсан байв.
Оролцогчид ганцаараа шийдвэр гаргахдаа 67 хувь нь А нэр дэвшигчийг сонгожээ. Бүх оролцогч ижил мэдээлэлтэйгээр бүлгээрээ шийдвэр гаргахад энэ үзүүлэлт 83 хувь болж өссөн байна. Энэ нь бүлгийн шийдвэр ганцаарчилсан шийдвэрээс илүү сайн байж болохыг харуулж байна.
Гэвч дараагийн туршилтаар нөхцөлийг өөрчилжээ. Мэдээллийн зарим хэсгийг бүх оролцогч мэдэх боломжтой болгож, үлдсэн хэсгийг бүлгийн гишүүдэд тус тусад нь хуваарилсан байна. Ингэснээр нэг гишүүний мэдэж байгаа ч бусад нь мэдэхгүй чухал мэдээлэл бий болжээ.
Энэ нөхцөлд бүлгийн гишүүд бусад хүмүүсийн мэдэж байгаа нийтлэг мэдээллийг дахин дахин ярилцаж, харин өөр өөрт нь байгаа тусгай мэдээллийг нэгтгэхэд хангалттай анхаараагүй байна. Үүний үр дүнд зөв нэр дэвшигч А-г сонгосон бүлгийн эзлэх хувь ердөө 18 хувь болж буурчээ.
Энэ бол хамтын шийдвэр гаргалтад тохиолдож болох томоохон алдаа юм. Энэ асуудал төрийн бодлого боловсруулахад ч хамаатай. Төсөв, мөнгөний бодлого, уул уурхай, эрчим хүч, гадаад худалдааны асуудлыг хэлэлцэхэд оролцогч бүр өөр өөрийн мэргэжлийн мэдлэг, мэдээлэлтэй байдаг. Харин тэр бүх мэдээллийг ил гаргаж, нэгтгэн, хоорондын уялдаа, зөрчлийг нь хэлэлцэхгүй бол шийдвэр гаргагчид асуудлын зөвхөн нэг хэсгийг харсан хэвээр үлдэнэ.
Өөрөөр хэлбэл, бүлэгт хэчнээн их мэдлэг, мэдээлэл төвлөрсөн байх нь бус, түүнийг шийдвэр гаргалтад хэрхэн ашиглаж байгаа нь чухал. Үүнийг нийтлэг мэдээлэлд хэт төвлөрөх хандлага гэж нэрлэдэг.
#Бүлгийн сэтгэлгээ: Буруу шийдвэрт хүргэдэг 8 шинж
Олонхийн нөлөөнд автах нь хувь хүний байр сууринд илэрдэг бол бүлгийн сэтгэлгээ нь бүхэл бүлгийн шийдвэр гаргах үйл явцыг гажуудуулдаг илүү өргөн хүрээний үзэгдэл юм.
Бүлгийн нэгдмэл байдлыг хадгалах, санал зөрөлдөөнөөс зайлсхийх хүсэл нь бодит байдлыг зөв үнэлэх, шүүмжлэлтэй сэтгэх, ёс суртахууны дүгнэлт хийх чадварыг сулруулж, буруу шийдвэр гаргахад хүргэдэг ажээ.
Бүлгийн сэтгэлгээ дараах найман үндсэн шинжтэй:
1. Өөрсдийгөө алдаа гаргахгүй гэж хэт итгэх. Бүлгийн гишүүд өөрсдийн чадвар, шийдвэрт хэт итгэж, эрсдэлийг дутуу үнэлдэг. Ингэснээр шаардлагагүй өндөр эрсдэл хүлээхэд хүрнэ.
2. Бүлгийн шийдвэрийг өөрсдөө зөвтгөх. Анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоомсорлож, өмнөх таамаглал, шийдвэрээ дахин нягталдаггүй.
3. Өөрсдийн үйл ажиллагааг ёс суртахууны хувьд зөв гэж үзэх. Өөрсдийн зорилго, үйл ажиллагааг зөв гэж итгэсэн учраас шийдвэрийн сөрөг үр дагавар, ёс зүйн асуудлыг үл тоомсорлодог.
4. Өөр байр суурьтай хүмүүсийг сөргөөр үнэлэх. Шүүмжлэлтэй хандаж буй хүмүүсийг асуудлыг ойлгохгүй байна, эсвэл өөрсдийн зорилгод саад болж байна гэж үздэг.
5. Санал зөрөлдөгчдөд шууд дарамт үзүүлэх. Бүлгийн нийтлэг байр суурийн эсрэг санал хэлсэн хүмүүст шахалт үзүүлж, өөр байр сууриа илэрхийлэх боломжийг хязгаарладаг.
6. Өөрийгөө цензурдэх. Бүлгийн гишүүд өөрсдийн эргэлзээ, санал зөрөлдөөнөө илэрхийлэхээс татгалздаг.
7. Бүгд санал нэгтэй гэсэн хуурмаг ойлголт. Хэн ч эсэргүүцээгүй учраас бүгд санал нийлж байна гэж үздэг. Гэвч бодит байдал дээр зарим гишүүн дотроо эсэргүүцэж байж болно.
8. “Сэтгэлгээний хамгаалагчид” бий болох. Зарим гишүүн бүлгийн удирдлага болон бусад гишүүдэд таалагдахгүй, эсвэл шийдвэртэй нь зөрчилдөх мэдээллийг хүргэхгүй байх үүргийг өөртөө авдаг.
Эдгээр шинжийг төрийн байгууллага, улс төрийн нам, бизнесийн удирдлагын багийн үйл ажиллагаатай харьцуулан бодоод үзээрэй.
Жишээлбэл, бодлогын шийдвэрийн сөрөг үр дагаврыг мэргэжилтэн анхаарууллаа гэж бодъё. Гэтэл түүний саналыг судалгаа, тооцоогоор няцаахын оронд “ингэж харж болохгүй”, “бидний зорилгыг ойлгохгүй байна”, “одоо энэ асуудлыг хөндөх шаардлагагүй” гэх мэтээр хүлээн авдаг бол бүлгийн сэтгэлгээний зарим шинж илэрч байж болох юм.
Ийм орчинд мэргэжлийн байр суурь илэрхийлэх нь байгууллагад хувь нэмэр оруулахын оронд тухайн хүний хувьд эрсдэл болж хувирна. Улмаар мэргэжилтнүүд дуугүй байхыг, удирдлагатай санал нийлэхийг илүүд үздэг болно. Эцэст нь хэн ч эсэргүүцээгүй учраас гаргасан шийдвэрийг бүгд дэмжсэн гэж андуурах аюултай.
#Бид өөрсдийгөө бусдаас илүү бие даасан гэж боддог
Энэ асуудлын бас нэг сонирхолтой тал нь бид бусдын нөлөөнд автах хандлагаа төдийлөн анзаардаггүй. Сэтгэл судлаачдын судалгаагаар хүмүүс бусдын үйлдлийг тэдний зан чанар, дотоод мөн чанартай холбон тайлбарлах хандлагатай байдаг бол өөрсдийн үйлдлийг тухайн үеийн нөхцөл байдалтай холбон тайлбарлах нь элбэг. Үүнээс гадна, бид өөрсдийгөө бусдаас илүү бие даан сэтгэдэг гэж үнэлэх хандлагатай.
Нэгэн туршилтаар iPod хэрэглэгчдээс өөрсдийн худалдан авалтад бусдын нөлөө хэр их байсныг үнэлэхийг хүсжээ. Үнэлгээний таван онооны дундаж нь 3.3 байсан нь хүмүүс бусдын нөлөөг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байсныг харуулна. Гэвч хүмүүс бусдын сонголтыг тайлбарлахдаа нийгмийн нөлөөг өөрсдийн сонголтоос илүү чухал гэж үзэх хандлагатай байв.
Өөрөөр хэлбэл, бид бусдын шийдвэрт гаднын нөлөө байгааг амархан анзаардаг атлаа өөрсдийн шийдвэрт ийм нөлөө байгааг төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй. Бид бусдын шийдвэрийг бүлгийн дарамт, улс төрийн ашиг сонирхол, албан тушаалын нөлөөтэй холбон тайлбарлаж чаддаг атлаа өөрсдөө хамтын шийдвэр гаргахдаа яг ийм нөлөөнд автаж байгаагаа анзаарахгүй байж болно.
#Тэгвэл сайн шийдвэр гаргахын тулд яах ёстой вэ?
Олонхын эсрэг байр суурь баримтлах нь амаргүй. Гэхдээ сайн шийдвэр гаргахын тулд заавал олонхийн эсрэг байх шаардлагагүй. Харин олонхийн санал зөв эсэхийг бие даан нягталж, үндэслэлтэй өөр байр суурийг чөлөөтэй илэрхийлэх боломжтой орчин бүрдүүлэх нь чухал.
Үүний тулд гурван үндсэн зарчим хэрэгтэй:
1. Өөр байр суурь илэрхийлэх зориг. Төрийн бодлого, бизнесийн шийдвэр гаргалтад ч энэ зарчим адилхан үйлчилнэ. Удирдлагын саналтай санал нийлэхгүй байсан ч судалгаа, тооцоо, бодит үндэслэлд тулгуурлан өөр байр сууриа илэрхийлэх боломжтой байх ёстой. Гэхдээ өөр байр сууриа илэрхийлэх зориг нь байгууллагын зүгээс түүнийг хүлээн зөвшөөрч, хамгаалдаг орчинтой хослох ёстой.
2. Шүүмжлэлтэй, бие даасан сэтгэлгээ. Бусдын саналтай санал нийлэх эсэхээс илүү тухайн санал ямар үндэслэлтэй, ямар эрсдэлтэй, ямар үр дагавартайг үнэлэх нь чухал. Ялангуяа шийдвэр гаргагчид зөвхөн өөрсдийн үзэл бодлыг батлах мэдээлэл сонсох бус, харин өөрсдийн таамаглалыг няцааж болох мэдээлэл, судалгаа, хувилбарыг зориуд эрэлхийлэх хэрэгтэй.
3. Зарчимдаа тууштай байх. Бен Грэмийн онцолсноор амжилттай үнэ цэнийн хөрөнгө оруулагч болоход суут ухаан бус, боломжийн сайн оюун ухаан, үйл ажиллагааны зөв зарчим, хамгийн гол нь зан чанарын бат бөх чанар хэрэгтэй. Энэ санаа зөвхөн хөрөнгө оруулалтад бус, мэргэжлийн болон төрийн албанд ч хамаатай.
Мэргэжлийн үндэслэлтэй байр сууриа түр зуурын ашиг сонирхол, олонхийн шахалт, удирдлагын таашаалд нийцүүлэхийн тулд орхиж болохгүй. Гэхдээ сайн шийдвэр гаргах нь зөвхөн хувь хүний зориг, зан чанараас хамаарахгүй. Байгууллагын тогтолцоо ч адилхан чухал.
Шийдвэр гаргахын өмнө эсрэг байр суурийг сонсох, мэргэжлийн санал дүгнэлтийг тусад нь авах, эрсдэлийн үнэлгээ хийлгэх, шийдвэрийн хувилбаруудыг харьцуулах, санал зөрөлдөөнийг хурлын тэмдэглэлд тусгах зэрэг арга нь бүлгийн сэтгэлгээний эрсдэлийг бууруулж чадна.
#Ухаалаг хүмүүсийн цуглуулга бус, ухаалаг шийдвэр гаргах тогтолцоо хэрэгтэй
Мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвар нь сайн шийдвэрийн чухал нөхцөл боловч дангаараа хангалтгүй. Ухаалаг хүмүүс ч олонхийн нөлөөнд автаж, өөрт таалагдсан мэдээллээ сонсож, алдаатай шийдвэрээ хамгаалж болно. Тиймээс төрийн байгууллага, бизнесийн удирдлагын багийн хувьд гол асуулт нь хэн хамгийн өндөр боловсролтой, хэн хамгийн их туршлагатай вэ гэдэгт бус, харин өөр байр суурь, мэргэжлийн шүүмжлэл, анхааруулгыг шийдвэр гаргах явцад үнэхээр сонсож, харгалзан үздэг үү гэдэгт оршино.
Бие даасан сэтгэлгээтэй хүмүүсийг цуглуулах нь нэг хэрэг. Харин тэднийг бие даан сэтгэх, санал зөрөх, үнэнийг хэлэх боломжтой тогтолцоонд ажиллуулах нь огт өөр хэрэг.
Эх сурвалж: Montier, J. (2010). The Little Book of Behavioral Investing: How Not to Be Your Own Worst Enemy. John Wiley & Sons, Inc.


247











