Амжилтад хүрсэн ч өөрийн чадвартаа итгэж чаддаггүй хүн цөөнгүй. Бусад хүн таныг чадвартай хэмээн үнэлж, магтаж байсан ч өөрийн амжилтад эргэлзэж, өөрийгөө дутуу үнэлэх нь бий. Гаргасан амжилтаа өөрийн мэдлэг, чадвар, хөдөлмөрийн үр дүн гэхээсээ илүү аз тохиосон хэрэг мэтээр хүлээн авах энэхүү мэдрэмжийг сэтгэл судлалд Imposter синдром буюу өөрийн амжилтад эргэлзэх сэтгэлзүйн үзэгдэл гэж нэрлэдэг.
АМЖИЛТАА ӨӨРИЙНХ НЬ ГЭЖ ХҮЛЭЭЖ АВЧ ЧАДДАГГҮЙ НЬ
Imposter синдром гэсэн ойлголтыг сэтгэл судлаач Pauline Clance, Suzanne Imes нар 1978 онд анх дэвшүүлжээ. Тэд өндөр амжилт гаргасан эмэгтэйчүүдийн дунд энэ үзэгдлийг судалсан ч хожим нас, хүйс, мэргэжлээс үл хамааран олон хүнд тохиолдож болохыг судалгаанууд харуулсан байна. Энэ нь албан ёсны сэтгэцийн эмгэгийн онош биш, харин сэтгэлзүйн үзэгдэл юм.
Ийм мэдрэмжтэй хүн амжилтаа мэдлэг, чадвар, хөдөлмөрийнхөө үр дүн гэж хүлээн авахад бэрхшээлтэй байдаг. Шалгалтаа сайн өгсөн оюутан “Би сайн бэлдсэн” гэхийн оронд “Асуулт амархан таарсан” гэж бодож болно. Магтаал сонссон хүн “Намайг сайн мэдэхгүй болохоор л ингэж хэлж байна” хэмээн эргэлзэх тохиолдлуудаар илэрдэг.

ЯАГААД БИД ӨӨРТӨӨ ЭРГЭЛЗДЭГ ВЭ?
Төгс байх гэсэн хүлээлт, алдаа гаргахаас айх айдас, бусдын үнэлгээнд хэт ач холбогдол өгөх, өөрийгөө бусадтай харьцуулах зэрэг нь ийм мэдрэмж төрөхөд нөлөөлж болно. Ялангуяа оюутан, шинэ ажилтнуудын хувьд шинэ орчинд мэдэхгүй зүйлтэй тулгарах нь хэвийн ч үүнийгээ өөрийн чадваргүй байдлын нотолгоо мэт хүлээн авах үе бий.
Сошиал медиа ч энэ мэдрэмжийг улам нэмэгдүүлж болно. Бид бусдын амжилттай мөчүүдийг хардаг ч тэдгээрийн цаана байсан алдаа, бүтэлгүйтэл, эргэлзээг тэр бүр мэддэггүй. Тйимээс өөрийн өдөр тутмын бэрхшээлийг бусдын хүрсэн үр дүнтэй харьцуулж, өөрийгөө хангалтгүй гэж дүгнэх нь бий.

ӨӨРИЙГӨӨ БАТЛАХ ГЭЖ ЯДРАХ НЬ
Энэ мэдрэмж хүний үйлдэлд хоёр янзаар илэрч болно. Зарим хүн чадвараа батлахын тулд хэт их ажиллаж, бүхнийг төгс хийхийг хичээдэг бол зарим нь бүтэлгүйтэхээс айсандаа шинэ боломж, сорилтоос зайлсхийдэг.
Мөн тусламж хүсэхийг чадваргүйгээ хүлээн зөвшөөрч буй хэрэг мэт бодох, жижиг алдааг хэт томоор хүлээн авах нь бий. Гэвч өөртөө эргэлзэж байгаа нь чадваргүй гэсэн үг биш.
ҮҮНЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Эргэлзсэн бодлоо баримтаар шалгах.
“Би хангалттай чадваргүй” гэж бодох үедээ өмнө нь даван туулсан бэрхшээл, сурсан зүйл, гаргасан амжилтаа эргэн санаарай. Эхэндээ хэцүү санагдсан хичээлээ ойлгосон, анхны илтгэлээ амжилттай тавьсан, өмнө нь шийдэж чадахгүй байсан асуудлаа даван туулсан зэрэг жижиг ахиц ч үнэ цэнтэй. Долоо хоног бүр хийж бүтээсэн гурван зүйлээ тэмдэглэж хэвших нь эргэлзэх үедээ бодит ахицаа эргэн харахад тусална.

Бусадтай биш, өмнөх өөртэйгөө харьцуул.
Сошиал медиа дахь бусдын амжилт ихэвчлэн урт хугацааны хөдөлмөрийн үр дүн байдаг. Бусдын ямар нэг амжилтад хүрсэн түвшнийг өөрийн өнөөдрийн байдалтай харьцуулах нь бий. Үүний оронд гурван сарын өмнөх өөрийгөө эргэн санаарай. Тэр үед юу мэддэггүй байсан, юунаас айдаг байсан, одоо юу сурч, юуг даван туулсан бэ? Өөрийн ахиц дэвшлийг анзаарах нь бусдын амжилтад төвлөрөхөөс илүү бодитой хэмжүүр юм.
Тусламж хүсэхээс бүү ай.
Шинэ орчинд бүхнийг мэддэг байх албагүй. Асуулт асуух, зөвлөгөө авах нь чадваргүйгийн шинж биш гэдгийг санаарай. Энэ нь эсрэгээрээ суралцах үйл явцын нэг хэсэг юм. Мэдэхгүй зүйлээ нуухын оронд асууж тодруулах нь өөрийн чадварыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Шаардлагатай үед бусадтай ярилц.
Өөртөө эргэлзэх мэдрэмж үе үе төрөх нь хэвийн байж болох ч удаан үргэлжилж, байнгын түгшүүр, нойрны асуудал үүсгэх эсвэл хичээл, ажил, өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэлбэл сэтгэл зүйчтэй зөвлөлдөхийг бодолцоорой. Итгэдэг хүнтэйгээ мэдрэмжээ хуваалцах нь тустай.



242











