AI чатботуудыг залуус дан ганц мэдээлэл хайх, хичээл хийхэд ашиглахаас гадна сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэл хөдлөлийн дэмжлэг авах зорилгоор ашиглах нь нэмэгдэж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулах болжээ.
JAMA Pediatrics сэтгүүлд 2026 зургаадугаар сард нийтлэгдсэн судалгаагаар 12-21 насны залуусын 19.2 хувь нь 2025 онд AI чатботоос сэтгэлзүйн зөвлөгөө авч байсан нь тогтоогджээ. Уг судалгаанд 1,009 залуу хамрагдсан бөгөөд залуусын нийт хүн амд төлөөлүүлэх байдлаар үр дүнг тооцсон байна.
Залуус AI chatbot-оос хэр их зөвлөгөө авч байна вэ?
Судалгаанд оролцогчдын 42.8 хувь нь AI чатботоос сэтгэлзүйн зөвлөгөөг сард дор хаяж нэг удаа авдаг гэж хариулсан байна. Мөн зөвлөгөө авсан залуусын 91.7 хувь нь өгсөн зөвлөгөөг “тодорхой хэмжээгээр” эсвэл “маш их” хэрэг болсон гэж үнэлжээ. Харин 63.3 хувь нь AI-аас сэтгэлзүйн зөвлөгөө авдгаа бусад хүнд хэлээгүй байна.
Судалгаа авсан судлаачид AI чатбот залуусын сэтгэлзүйн мэдээлэл, дэмжлэг авах орчны нэг хэсэг болж эхэлснийг онцлон тэмдэглэжээ.
Энэ үзэгдэл зөвхөн 18-аас дээш насныхнаар хязгаарлагдахгүй байна. Pew Research төвийн 2026 оны хоёрдугаар сард нийтэлсэн “How Teens Use and View AI” судалгаанд АНУ-ын 13-17 насны 1,458 өсвөр үеийнхэн болон тэдний эцэг, эхийг хамруулжээ.
Судалгаанд оролцсон өсвөр үеийнхний 12 хувь нь чатботыг сэтгэл хөдлөлийн дэмжлэг эсвэл зөвлөгөө авахад, 16 хувь нь энгийн, хувийн яриа хийхэд ашиглаж байсан гэж хариулжээ.

AI-г илүүд үзэх болсон шалтгаан
AI чатбот нь хэрэглэгч хүссэн үедээ шууд харилцах боломжтой, тодорхой цаг товлох шаардлагагүй бөгөөд зарим тохиолдолд мэргэжлийн зөвлөгөө авахтай холбоотой санхүүгийн болон хүртээмжийн саадыг багасгадаг.
Мөн судлаачдын үзэж байгаагаар AI чатботын хувийн, интерактив байдлаар хариулт өгөх боломж нь залуусыг сэтгэлзүйн асуудлаа хуваалцахад татах нэг хүчин зүйл байж болох юм. Гэхдээ энэ нь AI-ийн өгсөн зөвлөгөө мэргэжлийн сэтгэлзүйн тусламжтай адил гэсэн үг биш юм.
AI сэтгэлзүйчийг орлож чадах уу?
AI чатбот нь хэрэглэгчийн бичсэн мэдээлэлд үндэслэн хариулт, санал өгөх боломжтой ч мэргэжлийн сэтгэлзүйчийг бүрэн орлох зориулалттай хэрэгсэл биш.
Сэтгэлзүйн мэргэжилтэн тухайн хүний нөхцөл байдал, түүх, зан төлөв болон бусад хүчин зүйлсийг харгалзан асуудлыг үнэлдэг бол AI чатбот нь хэрэглэгчийн өгсөн мэдээлэлд тулгуурлан хариулт боловсруулдаг.
Тиймээс чатботоос авсан мэдээлэл буруу эсвэл тухайн хүнд тохиромжгүй байх эрсдэлтэй. Ялангуяа сэтгэлзүйн хүнд асуудал, өөртөө гэмтэл учруулах эрсдэл зэрэг ноцтой нөхцөлд AI-д найдахын оронд мэргэжлийн тусламж авах шаардлагатай.

AI чатботуудын хэрэглээ цаашид нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг сэтгэлзүйн дэмжлэгт хэрхэн аюулгүй ашиглах, ямар үед мэргэжлийн тусламжид шилжих шаардлагатай вэ гэдэг асуудал улам чухал болж байна.
Эх сурвалж: JAMA Pediatrics



193






