Турк улсад 15 нас хүрээгүй хүүхдүүд олон нийт сүлжээ ашиглахыг хориглосон шийдвэр 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ.
Тус улсын Гэр бүл, нийгмийн албаны хэрэг эрхэлсэн сайд Махинур Гекташ мэдэгдсэнээр 15 нас хүрээгүй хүүхдүүд олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх боломжгүй болох бол олон нийтийн сүлжээнд одоо ашиглагдаж буй хаягуудыг шалгах ажил 2027 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Шалгалтын явцад 15 нас хүрээгүй хүүхэд олон нийтийн сүлжээнд бүртгүүлсэн нь илэрвэл хаягийг хаах аж.
Шинэ журам хэрэгжсэнээр хэрэглэгчид олон нийтийн сүлжээнд нэвтрэхийн тулд төрийн үйлчилгээний систем рүү нэвтрэн, иргэний насыг баталгаажуулсан код авах юм байна.
Хэрэглэгч 15 нас хүрээгүй бол олон нийтийн сүлжээнд нэвтрэх эрхгүй, 15-18 насныхан сүлжээнд бүртгүүлэх боломжтой ч зөвхөн найзуудынхаа хаяг руу зурвас бичих боломжтой, харин шууд дамжуулалт хийх боломжгүй мөн насанд хүрэгчдэд зориулсан сурталчилгаа энэ насны бүлэгт харагдахгүй байхаар зохицуулахаар болжээ.
Энд дуулгахад, дэлхийн бусад орнууд ч хүүхдүүдийг олон нийтийн сүлжээний нөлөөллөөс хамгаалах хууль журам боловсруулсаар байна.
Тухайлбал, Австрали улс 16 нас хүрээгүй хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжүүлснээрээ энэ төрлийн хориг тавьсан анхны улс болсон юм. Үүний араас Малайз 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд бүртгүүлэх насны босгыг 16 гэж тогтоосон байна.
Түүнчлэн Грек улс 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 15 хүртэлх насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглохоор төлөвлөж байгаа бол Их Британи, Норвеги улс 16 хүртэлх насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд нэвтрэхийг хориглох хуулийн төслийг боловсруулж байгаа аж.
Эх сурвалж: Anadolu, РБК, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн


157











