Meta компани хэрэглэгчдэд өөрийн хувцсанд тулгуурлан хувцаслалтын санаа, зохицлын хослол санал болгодог Style Sketch нэртэй хиймэл оюунд суурилсан шинэ аппликэйшнээ гаргажээ.
Тус аппликэйшн нь Инстаграмтай холбогдож, хэрэглэгчийн нийтэлсэн зургуудыг ашиглан виртуал хувцасны шүүгээ үүсгэх боломжтой функцийг багтаасан байна. Мөн хэрэглэгчид хувцас бүрийнхээ зураг авах, богино хэмжээний видео бичих эсвэл утасныхаа зургаас оруулан ямар хувцас өмсөх тухай санал хүсэлт авах боломжтой.
Style Sketch нь хэрэглэгчийн хувцасны сонголт, хувийн хэв маягт тохируулан өөр өөр хувцасны хослол санал болгоно. Үүгээр зогсохгүй тухайн хувцаслалтыг хэрэглэгчийн биеийн хэлбэр, арьсны өнгөнд тохирсон бодит мэт харагдах виртуал загвар дээр туршиж үзэх боломжтой гэж аппликэйшний тайлбарт дурджээ.

Энэхүү шинэ аппликэйшнийг сошиал медиа зөвлөх Matt Navarra анх санааг нь боловсруулжээ. Одоогоор тус аппликэйшн Индонез, Сингапур, Тайланд улсад iOS болон Android үйлдлийн системд ашиглах боломжтой байна. Meta компани бусад улс оронд нэвтрүүлэх эсэх нэвтрүүлэх талаар одоогоор мэдээлэл өгөөгүй байна.
Хиймэл оюун ашиглан хэрэглэгчдийн хувцасны шүүгээг цахим хэлбэрт шилжүүлж, шинэ загварын хослол санал болгодог аппликэйшнүүд зах зээлд аль хэдийн бий болсон. Жишээ нь, Alta зэрэгтэй адил стартап бизнесүүд энэ чиглэлээр ажиллаж байгаа бол Google Photos ч мөн хэрэглэгчдийн хувцасны зургийг ашиглан цахим хувцасны шүүгээ үүсгэх, шинэ хослол туршиж үзэх боломжуудыг санал болгох функцтэй.

Тиймээс Meta-ийн хувьд Style Sketch-ийн гол давуу тал нь шинэ санаа гэхээсээ илүү Инстаграмтай холбогдож буй функц юм. Учир нь хэрэглэгчид Инстаграмд нийтэлсэн зургаараа дамжуулан өөрсдийн хувцаслалт, хэв маягийн талаарх мэдээллийг аль хэдийн бүрдүүлсэн байдаг.
Мөн хэрэглэгчид аппликэйшний санамсаргүй санал болгосон хослолуудаас сонгохоос гадна хувцасны шүүгээнээсээ тодорхой нэг хувцсыг сонгож, түүнд тохирох шинэ хослолуудыг гаргуулж авах боломжтой гэнэ.
Түүнчлэн аялалд зориулсан хувцаслалтын төлөвлөгөө гаргах функцтэй. Хэрэглэгч очих газар, аяллын үргэлжлэх хугацаа болон хийхээр төлөвлөсөн үйл ажиллагаагаа оруулснаар тухайн өдрийн цаг агаарын мэдээ, аяллын хөтөлбөрт тохирсон хувцаслалтын санал авах боломжтой юм.
Style Sketch нь Meta-ийн сүүлийн саруудад танилцуулсан хиймэл оюунд суурилсан олон аппликейшний нэг юм. Тус компани хамгийн сүүлд хиймэл оюун ашигласан Tamagotchi-той төстэй Waddle World аппликэйшнийг танилцуулсан. Үүнээс гадна тоглоом бүтээх боломжтой Pocket болон хиймэл оюунаар видео үүсгэх Vibes аппликейшнүүдийг зах зээлд гаргаад байна.

Эдгээр шинэ аппликэйшн нь Meta-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн илүү өргөн хүрээний стратегийн чухал хэсгүүд болон хөгжүүлэгдэж байна. The Wall Street Journal-ийн энэ оны эхээр мэдээлснээр, компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг ажилтнууддаа өмнөхөөсөө илүү олон шинэ аппликэйшн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Учир нь хиймэл оюуны тусламжтайгаар бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц илүү хурдан, хялбар болсон байна.
Эх сурвалж: techcrunch



202











