"Бельвиллийн гурвал" болон "Илбэчин" бүтээлүүдээрээ Оскарын шагналын дөрвөн удаагийн нэр дэвшсэн Францын анимейшн киноны найруулагч Силвэн Шоме өөрийн бүтээсэн Dior брэндийн богино хэмжээний анимейшнд AI ашигласан гэх буруутгалыг эрс няцаажээ. Роберт Паттинсон, Рианна, Жош О’Коннор, ЛаКит Станфилд, Луи Гаррель, Камилл Коттин нарын алдартай жүжигчид уг бүтээлд дуу оруулсан юм.

"Бяцхан хунтайж" киноны продюсер Атон Сумашийн бүтээсэн "Кристиан Диорын өнгөт шөнө" хэмээх сонирхолтой зургаан минутын богино хэмжээний фильм нь цахим орчинд нэлээдгүй маргаан дагуулаад байна. Үзэгчид анимейшны дүрсний зарим доголдол, тухайлбал зургаан хуруутай дүр дүрслэгдсэнийг хиймэл оюун ашигласантай холбоотой гэж үзэж байна.

Dior брэнд 2026 оны баярын улирлын нээлтдээ зориулан "Өнгөт шөнө" бүтээлийг уламжлалт урлалын баяр хэмээн сурталчилж, Шомегийн гараар зурсан анимейшныг загварын ордныхоо нарийн нямбай бүтээлтэй адилтган сурталчилсан тул энэхүү маргаан улам хурцадсан юм.
Гэвч Шоме болон Сумаш нар Variety сэтгүүлд мэдээлэхдээ, уг бүтээлийг уламжлалт 2D анимейшны арга техникийг ашиглан бүтээсэн бөгөөд дүрүүд, дэвсгэр зураг болон гол хөдөлгөөнүүдийг уран зураачид гараар зурсан гэж мэдэгдэв. Хөдөлгөөнийг илүү урсамтгай болгохын тулд зарим дунд үеийн кадруудыг үүсгэхэд автоматжуулсан интерполяцийг ашигласнаа тэд хүлээн зөвшөөрсөн ч, уран зураглалыг бүтээхэд хиймэл оюун огт ашиглаагүй гэж баталжээ.

"Зарим хүмүүс Силвэнтэй хоёр долоо хоногийн өмнө холбогдож, ганц ч зураг зуралгүйгээр бүтэн видеог AI-аар хийсэн гэж буруутгасан. Гэвч бодит байдал дээр энэ видео долоон сарын хугацаанд бүтээгдсэн бөгөөд зураачид бүх зүйлийг гараар зурсан" гэж Сумаш мэдээлээд, уг кинонд 6 анимейтор, мөн кадр төлөвлөгч зураачид, дизайнер, дэвсгэр зураачид, эвлүүлэгч, редакторууд зэрэг 20 орчим хүн ажилласныг нэмж дурджээ.
"Бид үйл явцын маш бага хэсэгт автомат интерполяцийн системийг ашигласан, гэвч бичлэг өөрөө уламжлалт 2D анимейшн юм" гэж Франц продюсер хэлэв.

Сүүлийн бүтээл болох "Гайхамшигт амьдрал" кино нь өнгөрсөн жилийн Каннын кино наадамд нээлтээ хийж, Sony Pictures Classics-аар дамжуулан театруудад гарсан найруулагч Шоме интерполяцийн хэрэгслийг зөвхөн "Кристиан Диорын өнгөт шөнө" бүтээлийн дунд үеийн кадруудыг бүтээхэд туслах зорилгоор ашигласан хэмээн тайлбарлав. "Энэ бол бүтээлч ажлыг биш, анимейшны давтагддаг, механик хэсгийг автоматжуулж буй арга юм" гэж тэр хэлжээ.
"Тоглоомын түүх" киноны асар том амжилтын дараа CGI анимейшн руу шилжих дарамт шахалт байсан ч уламжлалт анимейшндээ үнэнч үлдсэн түүний хувьд энэхүү буруутгал нь маш егөөтэй санагдаж байгааг найруулагч илэрхийлсэн байна.
"Намайг 'Бельвиллийн гурвал' киног хийхээс өмнө 'Тоглоомын түүх'-ийн эрин үе байсан. Disney уламжлалт 2D анимейшнийг мөхсөн, одоо бүх зүйл CGI болно гэж зарлаж байсныг би санаж байна. Гэвч би гараар зурсан кинонуудыг үргэлжлүүлэн хийхээр шийдсэн. Тиймээс өнөөдөр хүмүүс намайг шүүмжилж байгаа нь маш хачин санагдаж байна. Би карьерынхаа туршид зураг зурах урлагт үнэнч байсаар ирсэн. Гэхдээ үүний хажуугаар технологийн бидэнд олгож буй хэрэгслүүдийг би ашиглах болно" гэжээ.

Уг фильм нь Dior-ын түүхийн хэд хэдэн бүлгээс, тухайлбал загвар зохион бүтээгчийн Марлен Дитрихтэй тогтоосон нөхөрлөл, Холливудтай холбогдох холбоос болон 1949 оны алдарт Жүнон даашинзыг бүтээсэн түүхээс сэдэвлэжээ. Мөн энэ нь Dior-ын бүтээлч захирал Жонатан Андерсоны Cruise 2027 цуглуулгын анхны санаануудын нэг болох кино урлаг хар цагаанаас олон өнгө руу шилжсэн үйл явдлаас санаа авсан байна.

Түүхэнд Дитрихийг Лос-Анжелест кино зураг авалтад бэлдэж байтал найруулагч нь гэнэт өнгөтөөр авахаар шийдэж буйг дүрсэлжээ. Жүжигчин бүсгүйд зориулж өнгөлөг Dior даашинз авчруулахаар Парис руу яаралтай залгаж, Кристиан Диор болон түүний оёдлын баг цаг хугацаатай уралдан ажиллаж эхэлнэ.
Паттинсон киноны хүүрнэгчээр ажилласан бол Гаррель Кристиан Диорын дууг оруулж, Коттин Дитрихийн дүрд дуу оруулжээ. О’Коннор ярьдаг сандлын дууг, Рианна Диорын азын одыг, харин Станфилд Холливудын найруулагчийн дүрд дуу оруулсан байна. Нин д’Урсо, Надиа Терешкевич, Грета Ли нар гурван зөгийн дүрд дуу оруулжээ.

Сезарын шагналт "Бяцхан хунтайж" бүтээлээрээ алдаршсан Сумаш карьерынхаа ихэнх хугацаанд CGI дээр ажиллаж байгаад Жоанн Сфарын "Бяцхан цус сорогч", мөн сүүлийн үеийн Францын алдарт зохиолч, найруулагч Марсель Паньолын намтар кино болох "Гайхамшигт амьдрал" зэрэг бүтээлүүдээр уламжлалт анимейшн руу эргэн орсон юм.
"Силвэн бид хоёр уламжлалт 2D анимейшныг маш урт хугацааны турш хамгаалж, дэмжиж ирсэн. Dior Силвэний маш онцгой зурах хэв маягийг хүссэн тул бидэнд хандсан" гэж Францын "Шавьж ахайтан ба муур баатар" бүтээлийг туурвисан продюсер хэлэв.
Зураачид одоо цаасны оронд дижитал таблет ашиглаж байгаа ч Dior-ын богино киноны үйлдвэрлэлийн үйл явц нь зураг дээр суурилсан байна.

Шоме мөн цахим орчинд маргаан дагуулаад байгаа зургаан хуруутай гарын тухайд хариулахдаа "Энэ бол гар дэвүүр шиг дэлгэгдэж буй хөдөлгөөн юм. Ийм төрлийн зураглалд хөдөлгөөнийг илэрхийлэхийг хичээж байгаа тул зургаа эсвэл долоон хуруу харагдаж болно" гэж тэр хэлэв. Тэрээр уламжлалт анимейшнд үүнээс ч дор алдаануудыг харж байснаа хэлжээ.
Богино хэмжээний кино нь Dior-той хийж буй өргөн хүрээний хамтын ажиллагааны нэг хэсэг болж бүтээгдсэн бөгөөд Андерсон санааг гаргаж, Мартин Лэтэм зохиолыг хөгжүүлэхэд тусалсан байдаг.
"Би ялангуяа Мартинтай маш ойр ажилласан. Бид зохиолыг хамтдаа хөгжүүлж, дараа нь кадр төлөвлөгөө, түүх, дүрүүдийн санаагаа танилцуулсан. Энэ хугацаанд бидний санаа маш олон удаа өөрчлөгдсөн" гэж Шоме хэлэв.
Шоме Disney-н 1961 оны классик "101 гөлөг" киног өөрийн үргэлж эргэн очдог, онгод оруулдаг "Прустын мадлен" хэмээн тодорхойлжээ.

"Би фильм хийх бүрдээ үүнд тэрхүү яруу тансаг чанар, зураглалын гоо сайхан байна уу гэж өөрөөсөө асуудаг" гэж тэр хэлэв. "Бид тухайн үед Disney-н өгүүлж байснаас тэс өөр түүхийг хийж байж болох ч тэрхүү гоо сайхныг хадгалж үлдээж чадна. Уламжлалт зүйлийг хадгалахын тулд технологийг ашиглан миний үргэлж хийхийг хичээж ирсэн зүйл бол энэ юм."
Эх сурвалж: Variety



144











