Зураач Пүрэвсүхийн Байгалийн “ДЭЭД ЭС” бие даасан үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 16-нд Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнгийн нээлт: 2026 оны 10 дугаар сарын 16-нд 16:00 цагт
Үргэлжлэх хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 16 – аас 11 сарын 6
Байршил: Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хот
Энэхүү үзэсгэлэн нь Монголын уламжлалт бэлгэдэл, буддын шашны мандалын гүн ухаан, нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзлийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр эргэцүүлэн илэрхийлсэн уран бүтээлийн цогц юм.
Үзэсгэлэнгийн үзэл санаа
“ДЭЭД ЭС” хэмээх нэр нь хүний оршихуйн мөн чанар, оюун санааны дээд түвшин, үл үзэгдэх атлаа оршихуйн гүнд оршдог хүч, эрчим, холбоо хамаарлыг эрэн шинжлэх уран бүтээлчийн сэтгэлгээтэй холбогдоно.
Зураач Байгалийн бүтээлүүдэд мандал нь зөвхөн шашин, зан үйлийн дүрслэл бус, харин орчлон ертөнцийн бүтэц, дотоод төв, эмх цэгц, бүхний харилцан шүтэлцээг илэрхийлэх сэтгэлгээний орон зай болон хувирчээ. Тэрээр уламжлалт дүрслэлийн бэлгэдлийг шууд давтахын оронд геометрийн хэлбэр, хэмнэл, өнгө, орон зайн харилцаагаар дамжуулан өөрийн уран сайхны ертөнцийг бүтээж байна.
“ДЭЭД ЭС” үзэсгэлэнгийн бүтээлүүдийг холбох нэгэн чухал санаа нь хот мандал юм. Хот мандлыг орчлон ертөнцийн зохион байгуулалт, төв ба захын харилцаа, хүн ба байгаль, харагдах ба үл харагдах ертөнцийн огтлолцол хэмээн тайлбарлаж болно. Энэхүү сэтгэлгээ нь үзэгчийг зөвхөн дүрслэлийг харахаас илүүтэйгээр өөрийн оршихуй, дотоод ертөнц, амьдралын утга учрын талаар эргэцүүлэхэд урин дуудна.
Зураачийн хувьд мандал бол дүрслэлийн бэлэн загвараас гадна, сэтгэх, танин мэдэх, дотоод ертөнцөө нээх уран бүтээлийн арга юм. Түүний бүтээлүүдэд уламжлал ба шинэчлэл, эртний бэлгэдэл ба орчин үеийн хийсвэр сэтгэлгээ харилцан нэвчиж, шинэ дүрслэлийн орон зайг бий болгожээ.
Уран бүтээлчийн тухай
Пүрэвсүхийн Байгаль нь Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээл, судалгаа, сургалтын чиглэлээр олон жил ажилласан зураач, урлаг судлаач юм. Тэр бээр 1986-1990 онд ДУДуС-ийг зураасан зургийн мэргэжлээр, 2000 онд МУИС-ийг урлаг судлаач, багш мэргэжлээр төгссөн. Улмаар 2003 онд МУИС-д урлаг судлалын ухааны магистр, 2008-2012 онд БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуульд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа Б.Шаравын нэрэмжит Хэвлэл чимэглэлийн үйлдвэрээс эхэлсэн бөгөөд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, МУЭХ, СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургууль зэрэг байгууллагуудад зураач, дизайнер, урлаг судлаач, багш, тэнхимийн эрхлэгч албан тушаалуудад тус тус ажиллаж байв. 2020 оноос Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирлаар ажиллаж байна.
Түүний уран бүтээлийн эрэл хайгуулд монгол ахуй, үндэсний уламжлал, бэлгэдэлт сэтгэлгээ, хүний дотоод ертөнцийн асуудал чухал байр суурь эзэлдэг. “Салхины аялгуу” (2005), “Сэтгэлийн цэцэрлэг” (2008), “Өвгөдийн шүтээн” (2011, Хөх хот), "Сэндэн" (2014), “Дээд үүд” (2019) зэрэг бие даасан үзэсгэлэн нь түүний уран бүтээлийн үзэл санааны хөгжлийг илтгэнэ.
Зураачийн хувьд бүтээл туурвих нь зөвхөн харагдах ертөнцийг дүрслэх үйл явц биш, харин уламжлалт мэдлэг, бэлгэдэл, хүний сэтгэлгээний гүнд нэвтрэх танин мэдэхүйн эрэл юм.
Уламжлал ба орчин үеийн уулзвар
“ДЭЭД ЭС” үзэсгэлэн нь уламжлалт монгол сэтгэлгээний өвийг орчин үеийн дүрслэх урлагийн хэлээр дахин тайлбарлахын зэрэгцээ урлагийн бүтээлийг олон утгат, нээлттэй эргэцүүллийн орон зай болгон санал болгож байна.
Энэ үзэсгэлэнгийн үнэ цэн нь зөвхөн өнгө, дүрс, зохиомжийн шийдэлд бус, тэдгээрийн цаана орших утга санаа, дотоод холбоо, оюун санааны эрэлд оршино. Үзэгч бүр бүтээлтэй харилцахдаа өөр өөрийн асуулт, мэдрэмж, тайлбарыг олж нээх боломжтой.
“ДЭЭД ЭС” бол оршихуйн гүнд нэвтрэх, дотоод төвөө эрэх, уламжлалт өвийн утга агуулгыг өнөө цагийн сэтгэлгээгээр дахин нээх уран бүтээлчийн урилга юм.


117











