"Анх Өмнөд Солонгосоос ирдэг 995 сорьцтой алт хямд зарж байна гэж "Сак сайхнууд", "Алтаар урс" нэртэй бүлгэмд бичсэн байсан. Хоёр сар болж байж ирдэг болохоос биш найдвартай гэж байв. Жил гаруй тус бүлгэмийг харж, шууд худалдан авахаас хаширлаж байв. Гэтэл саяхнаас олны танил хүмүүс сурталчлаад байхаар нь итгээд захиалсан юм.
Олон дагагчтай, нэр төртэй хүмүүс сурталчилж байгаа юм чинь арай ч хулхидахгүй байлгүй дээ гэж бодсон хэрэг. Миний санаж байгаагаар Г.Чулуунцэцэг, Ш.Жавхлан, А.Алтанхуяг, түүний эхнэр, З.Онон гэх мэт жүжигчид сурталчилж байсан юм. Хэн ч тэднийг худлаа ярина гэж бодохгүй шүү дээ" хэмээн Ц.Оюумаа ярилаа.
Энэ сарын 4-ны өдөр "БНСУ-аас зах зээлийн үнээс хэт хямд үнээр алт, алтан эдлэл авчирч өгнө" гэх зарын дагуу захиалга өгсөн 30 орчим иргэнийг залилж, урьдчилсан байдлаар 3.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байна гэсэн. Цагдаагийн байгууллага тухайн залилсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.
Цахим залиланд өртсөний дараа "Алтаар урс", "Сак сайхнууд" бүлгэм хямд алт зарж байна гэх агуулга бүхий бичлэг хийсэн эдгээр хүмүүсийн тэр үеийн бичлэгийг дахин хайсан боловч олоогүй. Энэ хүмүүсийг залилах сэдэлтэй бичлэг хийсэн гэж бодохгүй байна. Гэхдээ над шиг даган дуурайж, залилуулсан олон хүн байгаа болов уу гэж бодож байна.

Нэг грамм алтыг 444,000 төгрөгөөр худалдаалж байсан. Би нийт 2 сая 664 мянган төгрөгөөр гинж захиалсан юм. Захиалга өгөх гэж байхад олон хүн найдвартай, сайн гээд магтчихсан байв. Гэтэл эхлээд шинэ захиалагч олж өгөөд өөрсдийн захиалгыг хоёр сарын дараа авдаг аалзны тор шиг бүтэцтэй юм билээ" гэв.
Уг хэргийн дараа Санхүүгийн зохицуулах хорооноос алт болон түүгээр хийсэн эдлэлийг цахим орчинд худалдан авах, захиалахдаа тухайн эдлэлд Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг нягтлахыг зөвлөжээ. Мөн худалдаалж буй этгээд нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон үнэт металл, үнэт чулууны болон тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэхийг заавал шалгахыг анхааруулав. Зөвшөөрөлгүй этгээдийн дансанд урьдчилан төлбөр төлөх, аливаа гүйлгээ хийхээс татгалзахыг сануулсан байна.
"ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭЭД НАДАД МАШ САЙН ҮР ДҮН ГАРСАН"
Өдөр тутмын амьдралын хэв маягаа танилцуулах, хошин бичлэг хийх эсвэл зүгээр л олны танил гэх мэтчилэн олон мянган дагагчтай хүмүүс олширсоор байна. Тэднийг инфлюзер буюу нөлөөлөгч гэнэ. Нийгмийн сүлжээ нь өнөөдөр зөвхөн харилцаа холбоо, мэдээлэл солилцох хэрэгсэл байхаа больж, хүмүүсийн хэрэглээний сонголт, худалдан авалтын шийдвэр, нийгэм, улс төрийн талаарх ойлголтод нөлөөлөх чухал орчин болжээ. Цахим орчноор дамжуулан олон нийтэд нөлөөлөл үзүүлдэг этгээд болон контент бүтээгчдийн нөлөө асар хүчтэй болж буй.
Өөрсдийн үзэл бодол, амьдралын хэв маягаа танилцуулаад л Facebook, TikTok, YouTube, Instagram зэрэг платформд олон мянган дагагчтай болсон инфлюзерүүд бий. Тэд өөрсдийн нийтлэл, видео, бүтээгдэхүүний танилцуулгаар дамжуулан өргөн хүрээний үзэгчдэд хүрдэг болсон. "Үүнийг хэрэглээд надад маш сайн үр дүн гарсан", "Саяхан маш гоё бүтээгдэхүүн олсон" гэх мэт бүтээгдэхүүнийг сурталчлах нь хэдийнээ танил болжээ.
Та дэлгүүрт очоод хоёр өөр шүдний оо харлаа гэж бодъё. Нэгийнх нь савлагаан дээр “Шилдэг бүтээгдэхүүн” гэж бичсэн байхад нөгөөг нь таны өдөр бүр үздэг, итгэдэг хүн хэрэглээд “Надад их таалагдлаа” гэж ярьж байна. Та алийг нь сонгох вэ?
Мэдээж хүн бүр өөр өөр сонголт хийнэ. Гэхдээ бидэнд танил, итгэл төрүүлдэг хүний үг сонголтод маань нөлөөлөх нь бий. Сошиал медиа дахь инфлюзерүүдийн хүч чухам үүнтэй холбоотой.
Олон улсын шинжлэх ухааны хэвлэлийн байгууллага Springer Nature-ийн платформд нийтлэгдсэн нэгэн судалгаанд инфлюзерийн сурталчилгаа хүмүүсийн худалдан авах хүсэлд хэрхэн нөлөөлдгийг нарийвчлан судалжээ. Journal of the Academy of Marketing Science сэтгүүлд хэвлэгдсэн уг судалгаанд 135 туршилтын судалгааны 44,210 хүний мэдээллийг нэгтгэн шинжилсэн байна.
Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнээ компани өөрөө магтахаас илүүтэй хүмүүсийн итгэлийг олсон нэгэн танилцуулах нь тухайн бүтээгдэхүүнийг сонирхох хүслийг нэмэгдүүлж болох аж. Гэсэн хэдий ч аливаа инфлюзерийн сурталчилгаа бүх бүтээгдэхүүн аль эсвэл бүх хүнд ижил нөлөө үзүүлдэггүй гэв.
Судалгаанд дурдсанчлан инфлюзерийн сурталчилгааг үзсэний дараа тухайн зүйлийг худалдаж авах сонирхол, бодол, хүсэл нэмэгдэж байдаг хэмээн дүгнэжээ.
ИНФЛЮЗЕРИЙГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭНЭ НАМАР ХЭЛЭЛЦЭХГҮЙ
2025 оны байдлаар Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.9 саяыг давж, нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо нийт хүн амын 80 гаруй хувьтай тэнцжээ. Цахим хэрэглээ өргөжихийн хэрээр TikTok, Facebook, Instagram зэрэг платформд суурилсан контентын зах зээл жил бүр хурдацтай тэлж байна. Гэвч инфлюзерийн сурталчилгаа, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө, үйл ажиллагаанаас үүдэх хариуцлагыг зохицуулах эрх зүйн орчин бүрэн тодорхойгүй талаар ЭНД дурдсан юм.
Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтээс санал авсан ч одоог хүртэл "Боловсруулж буй төсөл"-ийн шатанд явж буй.
Энэ намрын УИХ-д өргөн мэдүүлсэн болон боловсруулж буй хуулийн төсөлд дээрх төсөл хараахан байхгүй байна.
Уг хуулийн төслийн 3.1.1. “инфлюзер” гэж олон нийтэд нөлөөлөх зорилго бүхий контент тогтмол нийтэлж, үзэгч/дагагчтай харилцан үйлчлэл бий болгосон бөгөөд тухайн үйл ажиллагаагаараа шууд/шууд бус орлого олдог хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ хэмээн тодорхойлжээ.
Мөн цахим платформуудын үүрэг, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх ажиллагаа, контентын хяналтын механизмыг журмаар нарийвчлан зохицуулах шаардлагатай болно.
Иймд хуулийн төсөл нь инфлюзер буюу олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд нөлөөлөл үзүүлдэг этгээдийн үйл ажиллагааг тодорхой эрх зүйн хүрээнд зохицуулах зорилготой.
Төсөлд:
- инфлюзерийн эрх зүйн тодорхойлолтыг бий болгох,
- төлбөртэй болон ивээн тэтгэсэн контентыг ил тод тэмдэглэх,
- худал, төөрөгдүүлсэн сурталчилгааг хориглох,
- хүүхдийн оролцоотой контентод тусгай шаардлага тогтоох,
- эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, мөрийтэй тоглоом, эмчилгээний бүтээгдэхүүний сурталчилгааг зохицуулах,
- платформ болон контент бүтээгчийн хариуцлагыг тодорхой болгох,
- орлогын ил тод байдлыг сайжруулах,
- хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх механизмыг бий болгох зэрэг үндсэн зохицуулалтыг тусгана.
Хуулийн төсөл нь инфлюзер, контент бүтээгч, зар сурталчилгаа захиалагч, платформ эзэмшигч болон хэрэглэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд цахим орчин дахь сурталчилгааны ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ.
24 дүгээр зүйл. Инфлюзер захиалагчийн гэрээ
24.1. Арилжааны хамтын ажиллагаа нь бичгээр (цахим хэлбэрийг оролцуулан) гэрээгээр баталгаажна.
24.2. Гэрээнд дор дурдсан заалтыг заавал тусгана:
24.2.1. төлбөр, өгөөжийн төрөл, хугацаа;
24.2.2. ил тод тэмдэглэгээ хийх үүрэг;
24.2.3. хариуцлага, зөрчил гарсан тохиолдлын нөхөн төлбөр;
24.2.4. зохиогчийн эрх, контент ашиглах хүрээ;
24.2.5. мэдээлэл, нотолгоо баталгаажуулах үүргийг хүлээнэ хэмээн УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд дурджээ.
Хуулийн төслөөс:
ГУРАВДУГААР БҮЛЭГ
АРИЛЖААНЫ АГУУЛГЫН ИЛ ТОД БАЙДАЛ
11 дүгээр зүйл. Арилжааны агуулгыг тэмдэглэх ерөнхий шаардлага
11.1. Арилжааны агуулгыг хэрэглэгч шууд танихуйц байдлаар тод, ойлгомжтой, нууж далдлаагүй тэмдэглэнэ.
11.2. “Сурталчилгаа”, “Ивээн тэтгэлэг”, “Төлбөртэй”, “Affiliate холбоос” гэсэн шошгыг платформын хэрэгслийг ашиглаж эсвэл текст/дуу/дүрсээр давхар илэрхийлж болно.
11.3. Тэмдэглэгээ нь контентын эхэнд, харагдах хэсэгт байрлана.
12 дугаар зүйл. Бэлэг, бартер, хөнгөлөлтийн ил тод байдал
12.1. Бэлэг, бартер, хөнгөлөлт, үйлчилгээ зэрэг өгөөж авсан бол “Бэлэг/бартер” гэж ил тод мэдээлнэ.
12.2. “Үнэгүй авсан” гэх тэмдэглэгээг заавал хэрэглэнэ.
13 дугаар зүйл. Affiliate ба шимтгэлийн ил тод байдал
13.1. Холбоосоор дамжин худалдан авалт хийхэд шимтгэл авч байгаа тохиолдолд тухайн холбоосын ойролцоо “Affiliate” гэдгийг тодорхой тэмдэглэнэ.
13.2. Шимтгэл хэрэглэгчийн үнэд нөлөөлөх эсэхийг ойлгомжтой тайлбарлана.
14 дүгээр зүйл. Далд сурталчилгааг хориглох
14.1. Арилжааны зорилготой контентыг редакцийн/хувийн санал мэтээр далд хэлбэрээр нийтлэхийг хориглоно.
14.2. Платформын автомат тэмдэглэгээг зориудаар зайлсхийх, нуухыг хориглоно.
16 дугаар зүйл. Хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийг хориглох
16.1. Үнэ чанар, гарал үүсэл, баталгаат хугацаа, хүргэлтийн нөхцөл, даатгал, үйлчилгээний хязгаарлалтыг төөрөгдүүлсэн байдлаар мэдээлэхийг хориглоно



308











